Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2020.12.21/ Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Тиймээс өнөөдөр өглөөний 06:00 цагаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна.
Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, банк, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, төрийн захиргаа гэсэн нийт 15 байгууллага хэвийн ажиллана. Бусад салбар ажиллахгүй.
Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм. Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код олгоно.
Хатуу хөл хорио тогтоох 14 хоногт хавьтлыг тогтоох, тусгаарлах, эмчлэх, тархалтыг хумихаар төлөвлөсөн юм.
Иймд ард иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.