Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй

УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрх нь  өнөөдрийг хүртэл тодорхой бус, маргаантай хэвээр байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу өнгөрөгч тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлсэн.

Уг нь дээрх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байсныг тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө гэж  наашлуулснаар  Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломжийг хаасан гэж улстөрчид шүүмжилдэг. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлах үеэр  эрх баригч намын хэлж байсан тайлбар нь “Ерөнхийлөгчтэй холбогдох заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой болгох боломжтой” гэж хэлсэн ч маргааш УИХ-аар батлах Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дээрх асуудал бүдэг хэвээр байна.

Хуульчид УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн батлах вэ гэдгээс их зүйл шалтгаална гэсэн тайлбарыг ч мөн хэлж байв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа зөвхөн зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Энэ дагуу одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвшихгүй гэдэг заалт оруулчихсан атлаа яагаад та нар одоо тойроод байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой болгооч гэдгийг хэлсэн. Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан "Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг хамаагүй тайлбарлаж болохгүй.Бид Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиа баримталж байгаа" гэсэн бөөрөнхий хариулт өгч байв.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэх талаар талуудын байр суурийг хүргэж байна.

 

 

Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг:  

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн батлах уу гэдгээс их зүйл шалтгаална. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль батлагдсаны дараа Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж болно. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал нь дордохгүй гэсэн эрх зүйн онолоо барьж болно. Үгүй бол нэг л удаа гэж заасан учраас дахин сонгогдохгүй гэсэн утгаар нь хуулиа бичиж болно. Энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаална.

Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өргөн барьсан төсөл дээр ажиллаж байсан хуульчдын санал ямар байсан бэ гэхээр хууль зүйн факт нь дуусаагүй ч гэсэн нэг л удаа сонгогдох учраас урьд нь Ерөнхийлөгч байсан хүмүүст хамаа байхгүй гэсэн байдлаар оруулж байсан. Гэхдээ энэ нь дотроо нэгдсэн байдлаар хангагдаагүй.

Мөн анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэснийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд баталчихсан. Тэгэхээр энэ заалт хэрхэхийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс шалтгаална гэсэн үг. Хууль тогтоогч хэрхэн, яаж хуулиа батлах уу түүнийг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэхэд Цэц хэрхэн шийдвэрлэх үү гэдгээс шалтгаална.

Миний хувьд бол эрх зүйн онолынхоо дагуу эрх зүйн байдал нь дордох ёсгүй, нөгөө талаас одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга болон урьд нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдох эрхтэй гэж би хувьдаа үзэж байгаа.

2020 оны хоёрдугаар сар

Хуульч Б.Мэргэн: 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй. Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа, хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Үүний агуулга нь Х.Баттулга гэдэг хүнийг нэг удаа улируулан сонгуулах зорилготойгоор энэ заалтыг оруулж ирсэн. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулдаг. Тиймдээ Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулахгүй бол болохгүй гэдэг агуулгаар дээрх заалтыг анх төсөлд тусгасан байх. Гэтэл хуулийн төсөл батлагдах эцсийн мөчид 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн заалтаа авчихсан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй болж байгаа юм.

П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд дахин сонгогдож байсан. Үүнтэй барьцана гэх ч боломжгүй. Яагаад гэвэл П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болох үед 1960 оны Үндсэн хууль үйлчилж байсан. 1992 оны шинэ Үндсэн хуулиар бүх зүйл шинэчлэгдэж өмнө нь хэн байсан, хэдэн удаа сонгогдсон, ямар ажил хийж байсан зэрэг энэ бүхэн огт хамаарахгүйгээр шинэ Үндсэн хууль хэрэгжиж П.Очирбат гуай 1993 онд дахин сонгогдож байсан.

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 1992 оных шиг шинэ Үндсэн хууль биш зөвхөн нэмэлт, өөрчлөлт. Энэ өөрчлөлтөд Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэг удаа сонгогдсон уу гэвэл сонгогдсон. Хэрэв 1992 оны шинэ Үндсэн хуулийг хүчингүй болгоод 2019 онд  шинээр Үндсэн хууль баталсан тохиолдолд Х.Баттулга Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжтой байсан. Энэ мэт маргаан гардаг учраас аливаа хуульд дагаж мөрдөж журмын тухай хууль батлагддаг. Үндсэн хуулийн нэмэлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 онд хэрэгжинэ гэсэн заалт байхгүй учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагаж мөрдөж, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй.

2020 оны арванхоёрдугаар сар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж