Хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх зохицуулалтын талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өгөхдөө "Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөвшөөрч байна. Мөн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө төлөхгүй. Та бэлэн мөнгө төлж зорчиж байснаас автобусаар үйлчлүүлэхгүй байсан нь дээр гэдгийг хэлье. Хүнсний худалдааг 07:00-22:00 цаг хүртэл явуулах захирамж гаргалаа.
Нийтийн тээвэрт халдвар хамгааллын горимыг баримтлуулж, цагийн хуваарь энгийн горимоор явна. Бид өмнөх бүх нийтийн бэлэн байдлын үеэр арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл 23901 иргэн, аж ахуйн нэгжийн автомашинд QR код олгосон. Үүний дараагаар боловсруулах үйлдвэрийн салбарын тээврийн хэрэгслийг нэмээд, 18 төрлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нэмж зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүртгүүлж, QR код авсан 23.901 тээврийн хэрэгслийн QR код автоматаар идэвхжинэ. Ингэхдээ жолооч QR кодоо хэрэглэхдээ дахин өөр загвартай QR кодыг шинээр хэвлэж, байрлуулна.
Хөл хорионд байна гэдэг нь иргэдэд бухимдал үүсгэдэг. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн таагүй зүйл. Тухайн хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бол яах аргагүй эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу авч байгаа арга хэмжээ юм. Мөн энэ удаа хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд 18-аас доош градустай, спиртийн агууламжтай согтууруулах ундаа борлуулах эртэй хэвээр байна. Согтууруулах ундаанаас үүдэлтэй сөрөг үр дагавар гарвал нийслэлийн Онцгой комиссоос тухайн үед зохицуулалт хийж, арга хэмжээ авна" гэж хэлсэн юм.
А.СҮРЭН