Дөнгөж 12 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь бусад улс оронд хүчирхийлэлд тооцогддог ч Филиппинд энэ нь хэвийн үзэгдэл байдаг. Католик шашинт Азийн хамгийн том улс Филиппиний парламент бэлгийн харилцаанд орж болох насны доод хязгаар 12 байсныг 16 болгож нэмэх хуулийн төслийг батлах гэж байна.
Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид 1930 оноос хойш эрүүгийн хуулинд тусгагдсан энэхүү насны хязгаарыг нэмэгдүүлэхийн тулд хэдэн арван жилийн турш тэмцэж ирсэн билээ. Тус улсад өдөрт 500 гаруй өсвөр насны охид хүүхэд төрүүлдэг гэсэн судалгаа бий. Энэ улсад охид, эмэгтэйчүүд бараг минут, секунд тутамд хүчирхийлэлд өртдөг ба хохирогчдын 70 хувь нь хүүхэд, тэр дундаа охид байдаг байна.
Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2015 онд явуулсан үндэсний хэмжээний судалгаагаар 13-17 насны таван хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол 25 хүүхэд тутмын нэг нь бага насандаа хүчиндүүлсэн гэж “UNICEF”-ийн тайланд дурджээ. Харамсалтай нь, хохирогч болсон 12 настнуудын хувьд тэдний асран хамгаалагчид хуулийн байгууллагад хандахад хуулиараа зөвшөөрчихсөн учир харилцан тохиролцсон бэлгийн харилцаа гэж үзээд, хэргийг шийдэхэд хүндрэл учруулдаг гэж хуульчид ярьсан байна.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ