CAS буюу Спортын арбитрын шүүхээс өчигдөр (2020.12.21) мэдэгдэл хийн, олимпийн аварга Рафаэла Силвагийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ. Үүний улмаас Рио де Жанейрогийн олимпийн аварга тэрбээр ирэх 2021 оны Токиогийн олимпийн наадмыг өнжихөөр болж байна.
Рафаэла Силвагийн хувьд өнгөрөгч 2019 онд Перу улсын нийслэл Лима хотод зохион байгуулагдсан Пан Америкийн тивийн аваргад түрүүлснийхээ дараа дүрмийн дагуу допингийн шинжилгээ өгөхөд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориотой эмийн жагсаалтад багтсан астмын эмчилгээнд хэрэглэдэг фенотерол хэмээх бодис илэрсэн. Улмаар түүний тивийн аваргаасаа хүртсэн алтан медалийг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаад байсан юм. Рафаэла Силва тус шийдвэрийг эсэргүүцэж, CAS-д давж заалдсан ч тусыг эс олов.
Өдгөө 28 настай Рафаэла Силвагийн хувьд 2016 оны эх орондоо зохион байгуулагдсан олимпийн наадмын жүдогийн төрлийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн финалд МУГТ Д.Сумъяа ялж, алтан медалийн эзэн болж байсан билээ.
Холбоотой мэдээ