Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлээд дөрвөн жил, УИХ, Засгийн газар байгуулагдаад зургаан сар болж байгаа ч хэн нь ч төрийн албан тушаалтнуудын орлогоос давсан зардлыг Авлигатай тэмцэх газар хянадаг болох, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой гомдлыг УИХ-ын Ёс зүйн хороогоор хэлэлцэн, биенээ хамгаалдаг цоорхойг нь өөрчлөх хуулийн төсөл санаачилсангүй.
Уг нь МАН-ыг УИХ-д 65 кноптой байх үеэс л иргэний нийгмийн байгууллагууд Авлигатай тэмцэх газар (АТГ) нь төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна зарлагынх нь тайланг хянадаг болох, УИХ-ын гишүүний хөрөнгө орлого огцом өссөн асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, биенээ хаацайлдаг 2012 оны өөрчлөлтийг засч, АТГ нь хянадаг байх шаардлага үүссэн талаар асуудал хөндөж ирсэн ч өнөөдрийг хүртэл хэвээр хадгалав.
Харин саяхнаас УИХ-ын төвшинд маргаан тарих болсон зохицуулалт нь Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог одоогийн тогтолцоог АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог болгон өөрчлөх хуулийн төсөл юм.
Үндсэндээ эрх баригч хүчинд авлигатай тэмцэх хүсэл зоригоос илүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүний хэлсэнчлэн, хонгилын түлхүүрийг хэнд атгуулах вэ гэдэг далд тэмцэл л өрнөж байна.
Уг нь улсынхаа төлөө гал, ус руу ч ороход бэлнээ зарлан, сонгуульд ялсан улс төрийн хүчний хувьд ард түмэн иргэний нийгмийн байгууллагынхны олон жил хүсэмжилж ирсэн дээр дурдсан зохицуулалттай хуулийн төслийг санаачилж болно. Олонхийн бүлгийн гишүүд нь хөдөлдөггүй юм бол сөрөг хүчин болсон Ардчилсан намын найман гишүүн ч цөөдөхгүй, энэ зохицуулалтыг Авлигын эсрэг хуульд оруулахаар санаачилж болно. Харамсалтай нь, хэн нь ч хөдөлсөнгүй.
Гэтэл улстөрчдийнх нь хөрөнгө орлого өсөөд л байдаг. УИХ-ын гишүүн болохоос өмнө нийтийн эзэмшлийн байранд амьдарч байсан хүн өнөөдөр тэрбумын үнэлгээтэй хаусанд аж төрдөг нь жишиг болов. Хөрөнгө орлого өссөн шалтгаанаа “Би барилгын компанитай байсан. Эдийн засаг сэргэнгүүт барилгын компани маань ашигтай ажиллаж эхэлсэн” ухааны тайлбар хийгээд суудаг болов.
Монгол Улсын эдийн засаг 2016 оны наймдугаар сараас эхлэн хямарч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүртлээ доройтсон ч УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани нь ашигтай ажилласан болж таараад буй. Эрх мэдэлд хүрэнгүүтээ албан тушаалаараа далайлган төрийн тендерийг хамсан юм биш байгаа гэх хардлага байдаг ч тэр бүгдийг шалгах хууль эрх зүйн механизм АТГ-т алга.
Мөн энэ онд АТГ төрийн албан хаагчдын 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг авч, хянахад сүүлийн жилүүдэд орлого нь 800 саяас гурван тэрбум хүртэл өссөн мэдүүлэг гаргагч байсан тухай тус газраас мэдээлсэн.
Татварын ерөнхий газартай хамтран шалгалт хийхэд үнэхээр үнэн цагаанаараа хөдөлмөрлөөд гурван тэрбумын орлого олж уу, эсвэл өөр эх үүсвэрээр орлого нь өссөн үү гэдэг шалгалтын дүн тодорхой мэдүүлэгдээгүй. Хууль эрх зүйн боломж нь хязгаарлагдмал учраас шалгахад хүндрэл учирсан байхыг ч үгүйсгэхгүй.
Иргэний нийгмийн байгууллага ч зүгээр суугаагүй, өмнөх парламентын бүрэн эрх дуусахаас өмнө буюу өнгөрсөн хавар хөрөнгө орлого нь огцом өссөн УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг шалгуулах хүсэлтийг хуулийн байгууллагад тавихад УИХ-ын Ёс зүйн хорооны мэдэх асуудал гээд шилжүүлсэн. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ахалж байсан тус дэд хорооны хуралд нэр бүхий гурван гишүүн тайлбар өгөхгүй луу унжиж, гадаадад томилолтоор ажиллаж байгаа шалтгаанаар хурал нь хойшилж, эцэс сүүлдээ домоглоод өнгөрснийг олон хүн санах биз.
УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хувьдаа компанитай, том компаниудад хувьцаа эзэмшдэг болохоор хөрөнгө орлого нь өсөөд байдаг юм байна гэж бодъё. Гэтэл хувьдаа бизнесгүй, төрд ажилладаг, сарын цалин нь нэгээс хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлздэг албан тушаалтнуудын зарим нь яаж бизнес эрхлэгчдээсээ тансаг амьдардаг юм бэ.
Хэд хэдэн орон сууцтай, үнэтэй автомашин хөлөглөн давхиж, хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургадаг. Ямар эх үүсвэрээс орлого олж, цалингаасаа давсан зардал гаргаад байна вэ. Энэ бол яах аргагүй АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх үүрэг хүлээдэг төрийн албаны 40 мянган албан тушаалтан болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хамаарах асуудал юм.
Зарлагыг хянах боломжгүй байхад авлигын улмаас улсад учирсан хохирлын хэмжээ өнөөдөр 11 их наяд төгрөгөөр яригдаж буй, цаашдаа биенээ хуурсан ийм тогтолцоогоор явбал Монгол Улс хөгжихгүй.
Одоо УИХ-д суугаа гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэхийн тулд төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна төрийн албан хаагчдын зарлагыг АТГ давхар хянадаг болох, УИХ-ын гишүүний хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хэлэлцэж, оромддог одоогийн тогтолцоог өөрчлөх, хуулийн төсөл санаачлан, УИХ-аар батлах эр зориг л хэрэгтэй байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ