Л.Цэдэвсүрэн: Багшийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлийг хуулийн төсөлд тусгасан

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

Л.Цэдэвсүрэн: Багшийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлийг хуулийн төсөлд тусгасан

Л.Цэдэвсүрэн: Багшийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлийг хуулийн төсөлд тусгасан

Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Цахим хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, байнгын хорооны гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон 80 гаруй их, дээд сургуулийн багш, удирдлагууд 180 цэгээс оролцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Улс орнуудын дэлхийд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтөд нь голлон нөлөөлөх хүчин зүйл нь инноваци юм. Их сургуулиудын ахисан түвшний сургалт, судалгаа шинжилгээний цар хүрээ, чанарыг нэмэгдүүлэн сайжруулах, дундын болон хамтарсан судалгааны лабораториуд бий болгон хөгжүүлэх нь зүйтэй. Энэ утгаараа их сургууль-эрдэм шинжилгээний байгууллагын хамтын, нэгдмэл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагааны зохицуулалт хуулийн төсөлд туссан. Мөн Боловсролын салбарын цөм нь болсон багш бэлтгэх үйл ажиллагаанд бид илүүтэй анхаарч мэргэжлийн, ёс зүйтэй, хүнлэг багш бэлтгэх, багшийг тасралтгүй мэргэшүүлэн сургах чиглэлээр хуулийн төсөлд тусгайлсан бүлэг оруулсан” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Ажлын байрны төлөв байдал өөрчлөгдөж, хийсэл оюун ухаан робот хүчтэй нэвтэрч эхэлсэн. Үүнийгээ дагаад авьяасын төлөөх өрсөлдөөн нэмэгдэж, боловсролын зэргийн шалгуур үзүүлэлтээс илүүтэй тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн сурч, мэдлэг чадвар эзэмших шаардлага үүсч байна. Иймд бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдэх, шинийг санаачлах, харилцаа, хандлага, хамтран ажиллах ур чадварыг боловсролын системээр дамжуулан эзэмшүүлэх хэрэгцээ бий боллоо. “Багшлахаас-суралцахуйд” шилжиж байгаа учир энэ бүгдийг хослуулан цахим сургалтыг боловсролын салбарт нэвтрүүлэх хэрэгтэйг онцоллоо.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага өөрчлөгдөж, хөдөлмөрийн зах зээл улам бүр даяарчлагдаж байна. Мэдлэгээр бус чадвар хандлагаар өрсөлдөж байна. Багш сургаж, суралцаж сурдаг байсан хандлагаас суралцахуйг дэмжсэн боловсрол руу эргэж буцалтгүй явж байгаа учир үүнийг хуулийн шинэчлэлд тусгагдах учиртай” хэмээлээ.

Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын салангид явж ирсэн тогтолцоог шинэчилж, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үр ашигтай түншлэлийг бий болгож, өрсөлдөөн, үр дүнд суурилсан санхүүжилтийн хэлбэр, тогтвортой бодлогын дэмжлэгийг хуульчилж байгаагаараа Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд онцлог юм.

Цахим хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед зарим мэргэжил үгүй болж, огт байгаагүй мэргэжлүүд шинээр бий болно. Тэгэхээр бид их, дээд сургуульд мэргэжил эзэмшээд цаашдаа насан туршдаа ажил хөдөлмөр эрхлэх чадвартай болох шаардлага үүсч байгаа учир үүнд анхаарах хэрэгтэй” гэв. УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Шинжлэх ухааны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллах шаардлага байгаа юм. Шинжлэх ухааны академи, их сургууль хоёрын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Их, дээд сургуулиуд судалгаа шинжилгээний ажлаас олдог орлого нь бага байдаг. Их, дээд сургуулийн санхүүжилт олох боломжийг бий болгох нь чухал. Аливаа шинэчлэлт өөрчлөлт санхүүжилтээс болж гацах тохиолдол бий. Санхүүжилтийг сургалтын төлбөр, улсын төсөв, судалгаа шинжилгээний орлого, хандив, тусламжаас бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Хувийн их, дээд сургуулийн тоо цөөрч байгаа хэдий ч чанарын асуудал гомдол, шүүмжлэл дагуулдаг. Тэр дундаа орон нутгийн сургуулиуд элсэлт авдаггүй, элсэлтийн тоо цөөрсөн гэдэг. Иймд орон нутгийн сургуулиудад анхаарах хэрэгтэй” гэдэг саналыг хэлж байлаа.

Үүний дараагаар их, дээд сургуулийн багш, удирдлагууд саналаа хэллээ. МУИС-ийн багш Батцэнгэл хэлэхдээ “Дээд боловсролын хуулийн хүрээнд бидний зүгээс их, дээд сургуулийн хоорондын ялгааг гаргах, шалгуурыг тодорхой болгож байгаа нь зүйтэй гэж үзэж байна. Их, дээд сургуулиудад тавигдах шаардлагыг тодорхой тусгах хэрэгтэй” гэдгийг хэлсэн. Харин Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Б.Мөнхбаяр “Боловсролын үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлага цахим сургалт руу чиглэж байна. Иймд цахим сургалтын эрх зүйн орчныг бий болгох нь чухал” гэв.

МУБИС-ийн багш, удирдлагын нэгтгэсэн саналд “Бид ирэх 10, 20 жилийг харсан хуулийг боловсруулах шаардлагатай. Сургалт, багшийн чанар бол боловсролын чанарын асуудал юм. Иймд багш бэлтгэх тогтолцоонд бид анхаарч байгаа. Багш бэлтгэх тогтолцоог чанартай байлгах үндсэн хөшүүрэг нь чанартай элсэгчдийг авах ёстой. Бидний хамт олны зүгээс багш бэлтгэх оюутны төлбөрийг төрөөс хариуцах, эсвэл багш бэлтгэж байгаа их, дээд сургуулийн багш нарын цалинг төрөөс хариуцах. Багш бэлтгэж буй их сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудалд анхаарах нь хамгийн чухал байна” хэмээв. Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж