News.mn, Tsakhiur.mn, Zarig.mn сайтууд ёс зүйн зөрчил гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

News.mn, Tsakhiur.mn, Zarig.mn сайтууд ёс зүйн зөрчил гаргаагүй

News.mn, Tsakhiur.mn, Zarig.mn сайтууд ёс зүйн зөрчил гаргаагүй

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайт /ССС/-ын Ес зүйн хорооны 2020 оны IV улирлын ээлжит хурал арванхоёрдугаар сарын 10-ны өдөр онлайнаар хуралдлаа. Хурлаар мэдээллийн дөрвөн сайтын редакцад хамаарах гомдлыг хэлэлцэн, гурван сайтын редакц ёс зүйн зөрчил гаргаагүй, харин нэг нь зөрчил гаргасан хэмээн шийдвэрлэв.

Мэдээллийн News.mn сайтад 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр нийтлэгдсэн “ХҮН-ын нийслэлийн хорооны даргаар О.Бямбадэлгэр сонгогдлоо”, есдүгээр сарын 7-ны өдөр нийтлэгдсэн “О.Бямбадэлгэр: Хөдөлмөрийн үндэсний нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцох зорилготой”, есдүгээр сарын 11-ний өдөр нийтлэгдсэн “О.Бямбадэлгэр: ХҮН-ын гишүүд эрх ашиг, үзэл бодлоо хамгаалан тэмцэж байна” гэсэн гарчигтай мэдээллүүд нь “мэдээллээ нягталж шалгалгүй нэг талын байр суурийг илэрхийлсэн, буруу ташаа мэдээлэл түгээсэн” гэсэн гомдол Хөдөлмөрийн Үндэсний намаас Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-д ирсэн юм.

News.mn сайтын редакц 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр ХМЗ-д ирүүлсэн хариу тайлбартаа “news.mn” сайт нь Монгол Улсад болж байгаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, спорт гээд бүхий л сэдвийн сүүлийн үеийн мэдээллийг шуурхай дамжуулах зорилготой ажилладаг бөгөөд үүнийхээ хүрээнд дээрх мэдээллүүдийг хүргэсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, цаг үеийн болж байгаа үйл явдлыг сурвалжлан хүргэсэн гэсэн байна. Мөн дээрх мэдээллүүдэд ХҮН-ын таних тэмдэг бүхий индэр, ямар учиртай үйл явдал болохыг нотолсон постер байгаа нь ХҮН-ын арга хэмжээ гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд тус намд харъяалагддаггүй хэсэг хүн хууль бусаар хурал зарласан, намын таних тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан зэрэг нь тус нам дотооддоо шийдэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шийдүүлэх асуудал гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тиймээс дээрх ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэсэн байна.

Хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд, news.mn сайт зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлт гаргалаа. “Редакц 100 гаруй хүн оролцсон томоохон үйл явдлыг мэдээлсэн, энэ үеэр хийсэн ярилцлагаа нийтэлсэн бөгөөд намын харъяалалгүй хүмүүс хурал хийсэн, намын таних тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан зэрэг асуудалд редакц биш эх сурвалж хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн тул Ёс зүйн зарчмын 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг зөрчөөгүй” хэмээн дүгнэлтдээ тусгалаа.

Tsahiur.mn сайтад 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр нийтлэгдсэн “Ховдын мафи улсад 2,6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ”, мөн тус сайтын албан ёсны фэйсбүүк хуудсанд 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр нийтлэгдсэн “Ховдын мафийн хэргээс УИХ-ын гишүүн Н.Бямбацогтын хэргийг тусгаарлажээ” гэх агуулга бүхий нийтлэл, нэвтрүүлгүүдэд иргэн Н.Б  гомдол ирүүлсэн байна.

Иргэн Н.Б нь тус редакцыг дээрх мэдээг бэлтгэхдээ өөрийг нь холбогдолгүй хэрэгт буруутган, овог нэр, гэрэл зургийг олон нийтэд цацаж, нэр төрд нь халдсанд гомдолтой байна гэжээ.

Tsakhiur.mn сайтын редакц арваннэгдүгээр сарын 30-ны өдөр ХМЗ-д хариу ирүүлсэн байна. Хариу тайлбартаа нэвтрүүлгийнхээ агуулгыг тайлбарлаад, гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан ёс зүйн зарчим бүр дээр тайлбар хийж, ёс зүйн алдаа гаргаагүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал,

1.1 дэх заалт: Гомдол гаргагчийн тухайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа үндэслэлүүд нь бүгд үнэн бөгөөд үүнийг “Шүүх хурлын тов”-д бичигдсэн маргааны төрөл зүйл гэсэн хэсгээс буюу Эрүүгийн хуулийн зүйл заалтуудаас харж болно.

1.2 дахь заалт: Гомдол гаргагчийн буруутгагдан шалгагдаж байгаа үндэслэлүүд нээлттэй мэдээлэл болох “Шүүх хурлын тов”-д бичигдсэн “маргааны төрөл зүйл” гэсэн хэсэгт тодорхой байгаа бөгөөд сэтгүүлч өөрийн болон редакцын аюулгүй байдлынхаа төлөө эх сурвалжаа нууцлахаас өөр аргагүй байна.

1.3 дахь заалт: Бид уг нэвтрүүлгийг бэлтгэхдээ бодит үйл явдал, түүнийг шалгасан хуулийн байгууллагын хяналт, шалгалт зэргийг эх сурвалжаа болгосон бөгөөд ямар нэг зохиомол дүрс, зураг ашиглаагүй болно.

1.6 дахь заалт: Бидний бэлдсэн нэвтрүүлэгт баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриа огт байхгүй. Нэвтрүүлэг дэх бүх баримт хөдлөшгүй үнэн.

4.2 дахь заалт: Бид нэвтрүүлэгтээ гомдол гаргагч болон бусад яллагдагч 30 иргэнийг гэм буруутай хэмээн нотолж мэдээлээгүй бөгөөд “шалгагдаж байна” гэж мэдээлсэн.

6.1 дэх заалт: Гомдол гаргагчийг гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлээгүй бөгөөд ийм хэргүүдээр шалгагдаж байна гэж бодит зүйлүүдийг мэдээлэхдээ зургийг нь ашигласан болно хэмээн тус тус тайлбарлажээ.

ССС-ийн Ёс зүйн хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд тус сайт ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэлээ. Үүнд:

  1. Монгол улсын шүүхийн мэдээллийг ашиглан бэлтгэсэн тул баталгаатай гэж үзсэн учраас 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй,
  2. Редакц мэдээллээ бэлтгэхдээ нээлттэй эх сурвалжуудад үндэслэн мэдээллээ баталгаажуулан түгээсэн гэж үзсэн учир 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг зөрчөөгүй,
  3. Нэр холбогдсон хүмүүсийн гэрэл зургийг ашигласнаар агуулгыг мушгин гуйвуулсан гэж үзэхгүй тул 1.3-т заасан “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчөөгүй,
  4. Дээрх бүтээлүүдэд баталгаагүй мэдээлэл, таамаг, ам дамжсан яриа байхгүй, мэдээллийг баримтуудаар баталгаажуулсан тул 1.6-д заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг зөрчөөгүй,
  5. Гэм буруутан гэж мэдээлээгүй, ийм хэргээр шалгагдаж байна гэж мэдээлсэн учир 4.2-т заасан “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг зөрчөөгүй,
  6. Шүүхийн мэдээллийн санд нээлттэй болсон мэдээллийг ашигласан гэж үзсэн тул 6.1-т заасан “Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана” гэснийг зөрчөөгүй.

Zarig.mn сайтад 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр нийтлэгдсэн “УБТЗ-ын ажилтан Б галт тэрэгтэйгээ шатаж, амь насаа алджээ” гарчигтай нийтлэлийг бэлтгэхдээ УБТЗ ХНН болон удирдлагуудын талаарх үнэн бодит байдалд нийцээгүй худал мэдээллийг олон нийтэд тараасанд гомдолтой байна гэсэн гомдлыг УБТЗ-ын Хууль зүйн алба ирүүлсэн юм.

Zarig.mn сайт УБТЗ-ын гомдолд хариу тайлбар ирүүлсэн байна. Редакц хариу тайлбартаа гомдол гаргагчийн дурдсан хэсэг бүрт тайлбар хийсэн. УБТЗ-ын зүгээс галт тэрэг, вагон хоёрын ялгааг гаргаагүй гэсэн гомдол мөн байсан юм. Редакцийн тайлбараас эш татвал “Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т “Төрийн албан ёсны хэл гэж орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэлийг”, 5-р зүйлийн 5.16-д “Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томъёог баримтална” гэж заасны дагуу мэдээллээ бэлтгэдэг.

Галт тэрэг гэдэг үгийг Монгол хэлний Их тайлбар толь бичигт “Төмөр замаар явдаг дотоод шаталтын буюу цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл гэж тодорхойлдог. Тиймээс ерөнхий үгээр бичсэн. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд орж үзвэл УБТЗ-ыг хариуцагчаар татсан 54 шүүхийн тогтоол, захирамж байна. Үүнд ажилчдыг үндэслэлгүй халсан маргаан дийлэнх хувийг эзэлж байна. Мөн иргэдээс манай редакцад хөдөлмөрийн асуудлаар гомдол мэдүүлж байсан. Шаардлагатай бол гэрчээр дуудаж болно” гэжээ. Мөн 2018 онд зам шалгаж явсан шалгагч галт тэргэнд дайруулж амиа алдсан тухай болоод 2020 оны аравдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө УБТЗ-ын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амиа алдсан талаар мэдээлсэн сайтуудын холбоосыг хавсарган ирүүлсэн. Түүнчлэн ёс зүйн зарчим зөрчөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Хороо энэхүү гомдлыг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд:

  1. Хороо редакцын тайлбарт үндэслэн тухайн мэдээллээр худал, ташаа мэдээлэл түгээгээгүй, мэдээллийг шүүхийн шийдвэрийн цахим сангийн мэдээллүүдээр баталгаажуулсан гэж үзсэн тул 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг зөрчөөгүй,
  2. Хороо редакцын зүгээс ирүүлсэн “Галт тэрэг” гэдэг үгийн тайлбартай санал нийлж байгаа бөгөөд бүтээлийн гарчиг нь агуулгыг буруугаар ойлгуулах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулсан шинж агуулаагүй тул 1.3-т заасан “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчөөгүй.

Иргэн Д.Э-гийн гомдол үндэслэлтэй байж, редакц буруудлаа

Мэдээллийн нэгэн сайтад 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нийтлэгдсэн “800 хятад иргэний асуудлаар хоёр монгол хүнээс мэдүүлэг авлаа” гарчигтай нийтлэлд иргэн Д.Э энэ оны нэгдүгээр сард ХМЗ-д гомдол ирүүлсэн юм.

Тус редакц энэхүү мэдээг бэлтгэхдээ ор үндэслэлгүй, нэр төрд халдсан худал мэдээлэл түгээсэнд гомдолтой байна, мэдээнд дурдсан баримтууд ташаа гэж үзсэн юм. Редакцын зүгээс хариу тайлбарыг ХМЗ-д ирүүлсэн бөгөөд өөрсдийн мэдээллийг баттай эх сурвалжтай, тиймээс Ёс зүйн зарчмуудыг зөрчөөгүй гэдгээ илэрхийлсэн.

Харин ССС-ийн хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд гомдол гаргагчийн зарим гомдол үндэслэлтэй гэж үзлээ. Ингэснээр тус редакц Ёс зүйн зарчмын зарим заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргалаа. Тухайлбал, редакц уг мэдээлэлдээ хэрэгт холбогдсон байх магадлалтай гэж үзэж буй хоёр иргэний зургийг хэрэг бүрэн шийдэгдэхээс өмнө нийтэд танигдахаар нийтэлсэн тул Ёс зүйн зарчмын 4.6-д заасан “Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана” гэснийг зөрчсөн. Мөн “…Хятад иргэдийг Монголд авч ирэх, буудалд байрлуулах, хоол унд гээд Монгол дахь асуудлыг нь хариуцдаг байжээ” гэж мэдээлэхдээ батлагдаж, шийдвэрлэгдсэн асуудал мэт мэдээлсэн тул 1.6-д заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг зөрчжээ.

Иргэн Д.Э-гийн дараах гомдлуудыг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Үүнд, гомдол гаргагч өөрийгөө уг мэдээлэлд дурдсан асуудалд холбоогүй гэдгээ нотлоогүй тул 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй; Эх сурвалждаа эрсдэл учруулж болох учраас ил болгох боломжгүй гэдгээ редакц илэрхийлсэн тул 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг зөрчөөгүй; Гомдол гаргагч дээрх мэдээлэл гарсаны дараа редакцад хандан тайлбар өгөх бүрэн боломжтой байсан тул 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчөөгүй; Уг мэдээлэлд ямар нэг хэвшмэл ойлголт агуулагдаагүй гэж үзсэн тул 3.2-т заасан “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй; Мэдээлэлд нэр нь дурдагдсан хоёр иргэнийг гэм буруутай гэж мэдээлээгүй, харин тэднээс мэдүүлэг авсан тухай мэдээлсэн тул 4.2-т заасан “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж