Ж.Бат-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн бодлого санхүү мөнгөнөөс болж гацдаг байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн бодлого санхүү мөнгөнөөс болж гацдаг байж болохгүй

Ж.Бат-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн бодлого санхүү мөнгөнөөс болж гацдаг байж болохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр (2020.12.22)-ийн хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахлах юм. Гишүүд тус хорооны хийж, хэрэгжүүлэх ажлын талаар асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:

-Эдийн засгийн хувьд тогтвортой бодлготой байх талаар Үндсэн хуульд тусгагдсан. Тогтвортой хөгжил ЖДҮ, уул уурхайн салбар, мал аж ахуй, газар тариалангийн талбар эдийн засагт ямар оролцоотой байх юм бэ. Төрийн оролцоо зөв зохистойгоор хаана нь байх юм бэ. Юу юунд нь төр оролцож, юуг бид төлөвлөж явах вэ. Юуг нь эдийн засгийн өрсөлдөөнүүд өөрөө өөрийгөө зохицуулаад явах боломжтой юм бэ, тийм салбар байна уу? ЖДҮ гэхэд кластераар алийг нь хөгжүүлж, үүнийг юу гэж харж байна вэ гэх мэт олон асуудал хамаарагдана. 2015 онд НҮБ-аас Тогтвортой хөгжлийн 17 чиглэл гаргасан байдаг. Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэх гэж байгаа бүх асуудлаар 11 ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээр шийдвэрлээд дууссан асуудал одоогоор байнгын хороон дээр ирээгүй байна. Ажлын хэсэг хэлэлцэх асуудлаа хурдан шийдвэрлэж, ЭЗБХ-д хүргэх хэрэгтэй байна. Дэд хорооны хувьд маш идэвхтэй ажиллах шаардлагатай. Өнгөрсөн гурван жилд би дэд хорооны даргаар ажиллаж байсан. Даргаас их олон зүйл шалтгаалдаг шүү гэдгийг Х.Булгантуяа гишүүнд хэлье.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:

-Өмнө нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Нийгмийн бодлогын байнгын хорооны харъяа байсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016 онд НҮБ-аас баталж, үүнтэй уялдуулж улс орон бүр Тогтвортой хөгжлийн бодлогыг баталсан. Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд хамгийн түрүүнд Тогтвортой хөгжлийн өөрсдийн гэсэн үзэл баримтлалтай болсон. 2016-2030 оныг хүртэл хэрэгжүүлэх 17 зорилт бий. Үүнийхээ эхниий шатны тайланг НҮБ-ын дээд хэмжээний хурал дээр Сангийн сайд өнгөрсөн жил танилцуулсан. Засгийн газрын түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Ерөнхий сайд, дэд даргаар нь Сангийн сайд ажилладаг. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо дан ганц Нийгмийн бодлогын байнгын хороонд харъяалагдах нь учир дутагдалтай байсан. Хамгийн чухал буюу салбар яам бүрт хамааралтай, ҮСХ-ноос гүйцэтгэлийг нь нэгтгэж гаргадаг маш чухал үүрэгтэй. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Сангийн яам маш сайн ажилласан.

Бид 2018 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилсан төсвийн төлөвлөлт хийдэг болсон. Хамгийн эхэнд ЭМЯ-нд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Дараа нь БОАЖЯ дээр мөн хэрэгжүүлсэн. Үүнийг олон улсын байгууллагуудаас сайшааж, Европын холбооноос энэ оноос эхлэн ХХААХҮЯ, ХНХЯ дээр Жижиг, дунд бизнесийг дэмжих, мөн ажлын байр бий болгох чиглэлээр буцалтгүй тусламжууд олгохоор болсон. Цаашид дээрх хоёр яамны төсвийн төлөвлөлтийг хийхдээ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулна гэсэн үг. Аймгуудаас өнгөрсөн хугацаанд Орхон аймаг сайн хөгжүүлсэн. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжүүлснээр НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн үг. Ингэснээр олон улсаас зээл тусламж авахад чухал дөхөм байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад Х.Булгантуяа гишүүнийг дэмжиж байна. Сангийн яаманд ажиллаж байсан туршлагатай хүн. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг олон улсын өмнө үүрэг хүлээгээд олон жил болж байна. Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд санхүү мөнгөнөөс болж ажил гацдаг. Ялангуяа дэд бүтцийн хэмжээний хүлээсэн үүрэг, худаг ус, ариутгал халдваржуулалт гээд олон асуудал бий. Хүн ардынхаа амьжиргааг дээшлүүлэх, амьдралыг тэтгэх гол эх үүсвэр бол дэд бүтэц, салбарын яамдтай холбоотой олон асуудал үүнд хамаарагддаг. НҮБ-ын өмнө улс орноо хөгжүүлэх, мөн салбаруудын хөгжлийг хөгжүүлэх үүрэг хүлээсэн нь эцэстээ хүнийхээ хөгжилтэй холбогддог. Энэхүү үүргээ бид Тогтвортой хөгжлийн бодлого болгон томъёолоод явж байна. Тиймээс улс орныхоо болон олон улсын өмнө хариуцлага хүлээх ёстой. Аливаа хөгжил гэдэг бол ард иргэдтэй холбоотой. Иргэдээ хөрөнгө орлоготой байлгах, ажлын байраар хангах, аюулгүй байлгах зэрэг чиглэлийг төр хангах үүрэгтэй. Иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэл рүү бодлогоо хэрхэн уялдуулна гэж төлөвлөж байна вэ. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос ямар ямар шийдвэрүүд гарна гэж төлөвлөж байна вэ?

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:

-ЭМЯ Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд төсвийн төлөвлөлтийг хийсэн. Энэ жилээс эхлээд хамгийн их ажлын байр бий болгодог хоёр яам мөн үүнд хамрагдаж байгаа. Энэ амлалтын хүрээнд бид Европын холбооноос буцалтгүй тусламж, зээл авсан. Үүний дараа бусад яамыг мөн хамруулж, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд тухайн яам ямар ямар үүрэг хүлээж байгаа вэ зэргийг тодруулна. Ер нь салбарын яам бүр хариуцлага хүлээж ажиллана. Энэ чиглэлийг олон улсын байгууллагууд маш их дэмждэг юм билээ. Хэрэв та нар өөрсдөө Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хүлээсэн бодлогоо сайн гаргаж чадвал зээл, тусламж, мөн техникийн тусламжууд ч олдох боломжтой. Бид харамсалтай нь бодлогоо уялуулж чадахгүй байгаа. УИХ-аас ч гэсэн хяналт сул гэж хэлж болно. УИХ онцгой анхаарч чадвал олон улсын байгууллагуудын зүгээс манай салбарын яамдыг дэмжих боломжтой.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Улс орон бүр хөгжлөө хүнийхээ хөгжлөөр дүгнэдэг болсон. Энэ дэд хорооны гол анхаарах асуудал нь хүний хөгжлийг дэмжих, хангахад гол үйл ажиллагаагаа явуулах ёстой. Мөн олон улсын байгууллагуудтай уялдаатай ажилладаг ийм дэд хороо. Х.Булгантуяа гишүүн эдийн засаг, санхүүг ярихын зэрэгцээ хүний хөгжилд давхар анхаарах байх гэж найдаж байна. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ядуурлыг хоёр дахин бууруулна гэж оруулсан. Энэхүү зорилтоо Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулаагүй. Үүнд Х.Булгантуяа гишүүн анхаарлаа хандуулж ажиллах байх. Цаашдаа ЖДҮ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад тодорхой зорилготойгоор хөрөнгө мөнгө тусгуулах талаар дорвитой ажиллах хэрэгтэй. ЖДҮ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад улсын төсвөөс тодорхой хөрөнгийн эх үүсвэр суулгагдаагүй. ЖДҮ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад хөрөнгийн үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдээ ажил, орлоготой болгох ёстой. Би өмнө нь дэд даргыг ахалж байсан. Зарим статитик үзүүлэлтүүдийг манайхан гаргаж чадахгүй байгаа 30 үзүүлэлтүүд  байгаа. Энэ статистик мэдээллүүдийг олон улсын байгууллагуудтай хамтарч өөрийн оронд гаргах, биелэлтийг нь тооцдог чиглэлүүд рүү онцгой анхаарч ажиллах нь зүйтэй байх.

 УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:

-Олон улсын байгууллагууд бидэнд шахсан шахаагүй Монгол Улс бол ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах гээд 17 зорилгоос Монгол Улсын хувьд далай тэнгисийн нөөцийг хамгаалах гэдгээс бусад нь бидэнд шууд хамаатай. Бид ард түмнийхээ өмнө хүлээсэн том үүрэг. Олон улсын байгууллага бидэнд бодлого боловсруулахад туслаж чадна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Манай улс энэ 30 жилд нэг тулгуурт эдийн засагтай орон болчихлоо. Уул уурхайн баялгийн үнэ цэнэ өсвөл бид баярлаад сайхан баяжиж байгаа юм шиг байдаг. Буугаад ирвэл зээл тусламжийн эрэлд морддог байдлыг арилгах ёстой. Сүүлийн 10 гаруй жил төсвийн цоорхойгоо дандаа зээл тусламжаар нөхөж ирлээ. Миний л мэдэхийн 2012 он байх УИХ-ын гишүүн болж байхад Монгол Улс 23 тэрбум ам.долларын өртэй байсан. Сүүлийн найман жилд 8 тэрбум ам.доллараар нэмэгдчихлээ. Гаднаас төсвийнхөө цоорхойн алдагдлыг нөхөж байгаа нь тогтвортой хөгжиж чадахгүй байгаагийн илрэл гэж хэлж болно. Өөрөө бие даасан байдлаа авч явж чадахгүй байна. Үндсэндээ төсөв санхүүгийнхээ бодлогыг гадныхнаар заалгаж байна гэсэн үг. Хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх маш чухал. Ингэснээр татвар бага өгдөг ч ажлын байрыг маш ихээр нэмэгдүүлдэг. Хөдөө орон нутаг сайхан амьдрахад хамгийн чухал салбар.

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссанаар УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг “Сонгоё” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь дэмжиж, тус Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж