УИХ-ын дарга Завхан аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Завхан аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.21/ Завхан аймагт ажиллаж байна. Орон сууцны ипотекийн зээлийн хүү 5 хувь болж, малчны зээлийн хүүг бууруулсантай холбоотойгоор тэрээр тус аймаг дахь Төрийн банкны салбарт ажиллалаа.

Тус салбарын захирал Б.Эрдэнэбаатар Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. Төрийн банкны 26 салбар Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт санхүүгийн зах зээлийн 30 хувьд ажиллаж байна. 33.9 тэрбум төгрөгийн зээлийн багцтай. Аймгийн хэмжээнд 4200 өрх малчны зээлтэй, тус банкны хувьд 1424 зээлдэгчийн 3.4 тэрбум төгрөгийн малчны зээл байсан. Энэ оны 2 дугаар сард малчны зээлийн хүү 18 хувь болж буурснаар дээрх зээлдэгчдэд 380 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Малчид “Сайн малчин” хөтөлбөрийн болзлыг хангаж чадвал 1424 зээлдэгч нийтдээ 265 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэлээ. Тус салбараас 8 хувийн хүүтэй ипотекийн зээл авсан 107 харилцагчийн 3.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бий бөгөөд эдгээрийг 5 хувийн хүүтэй зээл болгон шилжүүлэхэд нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх юм байна.

Улиастай сумын Богдын гол багийн малчин Т.Алагаа 2.5 төгрөгийн зээл авсан байна. Тэрээр, “Засгийн газраас жилийн 30 хувийн хүүтэй зээлийг өнөөдөр жилийн 10 хувь хүртэл бууруулах шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлж малчдад дэмжлэг үзүүлсэнд бид тун их баяртай байгааг хэлмээр байна. Хаврын улиралд хашаа, саравчаа сэлгэх зориулалтаар энэхүү зээлийг авч байгаа” гэв.

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 10 хувийн хүүтэй малчны зээлийг ажлын дөрвөн өдөрт 47 харилцагчид нийт 116 сая төгрөгийн зээл олгоод байгаа ажээ.

Мөн энэ үеэр ипотекийн зээлийн хүү нь 5 хувьд шилжиж буй хоёр гэр бүл энэхүү шийдвэрт тун их баярлаж байгаагаа хэлж байсан юм. Иргэн Н.Ядамцоо тус аймгийн Төрийн банкнаас 20 жилийн хугацаатай 84.5 сая төгрөгийн ипотекийн зээл авсан гээд, зээлийн хүүг 5 хувь болгон бууруулснаар нийтдээ 24.9 сая төгрөгийг хэмнэж байгаа гэлээ. Иргэн А.Амаржаргал 125 сая төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаатайгаар авсан бөгөөд зээлийн хүүг бууруулах шийдвэр Засгийн газраас гаргаснаар нийт 53 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа аж. Түүнчлэн зээлийн сарын төлөлт нь 370 гаруй мянган төгрөгөөр буурсан нь ипотекийн зээлтэй иргэдийн амьдралд бодит дэмжлэг болсныг дуулгаад Улсын Их Хурал, Засгийн газрын эл шийдвэрт талархаж байгаагаа хэлж байсан юм.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр Төрийн банкинд үйлчилгээ авахаар ирсэн малчдад “Сайн малчин” хөтөлбөрийн талаар танилцуулж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас энэ арга хэмжээг авч байгааг дуулган, малаа эрүүл байлгаж, махаа экспортлох боломж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж