Баянзүрхийн голомтоос батлагдсан тохиолдол 75 болов

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Баянзүрхийн голомтоос батлагдсан тохиолдол 75 болов

Баянзүрхийн голомтоос батлагдсан тохиолдол 75 болов

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.22) мэдээллээ хийж байна.


БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГОЛОМТООС БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 75 БОЛЛОО

Өчигдөр (2020.12.21) нийт 12357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс Covid-19 илэрсэн. Үүнд, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал таван хүнээс вирус   илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 219 болж байна. Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Үүнд, Сэлэнгэ 216, Дархан-Уул 45, Орхон 25, Архангай гурав, Говьсүмбэр дөрөв, Дорноговь 32 бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн 1006  тохиолдол батлагдсанаас 541 хүн буюу 53.7 хувь нь эдгэрсэн байна. Харин дотоодын халдвар 544 болж, 30 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 456 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 26 хүн, хөнгөн 420 хүн байна.

Баянзүрх дүүргийн голомтоос батлагдсан тохиолдол 75 боллоо. Нийслэл хотод тандалт судалгаа үргэлжилж байна. Өчигдөр шинээр 113 хавьтлыг олж тогтоосон. Нийт Баянзүрх дүүрэгт 1249 ойрын хавьтлыг илрүүлж, 240 хүнээс давтан шинжилгээ авсан, зарим шинжилгээ үргэлжилж байна.

Монгол Улсад өмнө нь  Covid-19 гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирж байсан бол өнөөдрийн байдлаар багц өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдэж байна. Бид халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлж, тусгаарлан, хавьтлуудыг илрүүлж, голомтыг тогтоох, улсын хэмжээний дэгдэлт болгохгүй байх төлөвлөгөөний дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт том дэгдэлт үүссэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

“АРХИ ДАРС ХЭРЭГЛЭЖ, ДАРХЛААГАА УНАГАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ”

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд батлагдсан 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Өмнөх өдрөөс 19 тохиолдлоор буурсан байна. Улсын хэмжээнд лабораторийн тандалтад нийт 411.142 хүн хамрагдаж, 24 цагийн хугацаанд 2600 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг 18 объектын талбайд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн тус төвийн лабораторид 4130 хүнд шинжилгээ хийж, хоёр хүний хариу эерэг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод уртын тээвэр хийдэг 101 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тусгай дугаарын долоон утсанд нийт 8357 хүн хандаж, зөвлөгөө авсан.

Дэлхий дахинд цар тахлын тархалт эрчтэй хэвээр байна. Ялангуяа БНХАУ, ОХУ-д халдварын дэгдэлт өндөр байна. Мөн БНСУ, Япон улсад амьдарч буй монгол иргэддээ халдвараас өөрсдийгөө сэргийлж, дархлаагаа дэмжихийг зөвлөж байна. Сүүлийн үед агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол сайн хийж, гадаргууг эхлээд савантай бүлээн усаар угааж, арчих ёстой. Нийслэл хотод амьдарч буй бүх хүн эрсдэлтэйг анхааруулъя. Архи дарс хэрэглэснээр хүний дархлаа унаж, өвчин хүндрэхийг анхааруулж байна.

“НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1804 ИРГЭН ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛОХЫГ ТОГТООСОН”

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564 хүн байна. Орон нутагт 16 тусгаарлан ажиглах байр ажиллаж, 153 хүн бий. Нийтдээ улсын хэмжээнд 1717 хүн тусгаарлалтад байна. Мэргэжлийн байгууллагууд хамтран тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, цагдаагийн албан хаагч нарт сургалт зохион байгуулсан. Тусгаарлан ажиглах байрны бэлтгэлийг хангуулахаар ажлын хэсэг гарч, дагаж мөрдөх түр журмыг баталсан. Бид өмнө нь ингэж ажиллаж байсан. Тусгаарлалттай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авч байна. Арванхоёрдугаар сард Франкфурт, Японоос дөрвөн удаагийн чартер нислэгээр 507 иргэнээ татан авсан. Тусгаарлалтын явцад “Холли дэй инн” зочид буудалтай холбоотой асуудлыг өчигдөр шийдвэрлэж, хэвийн болгосон. Дараагаар нь ХӨСҮТ-д халдвар авч эмчлэгдэн гарсан иргэд Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт үргэлжлүүлэн долоогоос дээш хоног тусгаарлагдаж буй. Бусад хүмүүстэй хавьтал болгохгүйгээр тусгаарлаж, гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1804 иргэн ойрын хавьтал болохыг тогтоосон. Баянзүрх дүүргийн 12 байршилд тусгаарлан ажиглалтын цэг байгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэг цэг ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байрны камерын хяналтыг сайжруулсан. Зөрчил бүрийг цаг тухайд нь хүлээн авч, тухай бүр арилгахаар ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж буй учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй.

 “ЗУРГААН АЙМГИЙН ХАЛДВАРЫН ГОЛОМТООС ХОЁРЫГ НЬ ХЯНАЛТАД АВСАН”

Сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Монгол Улсад бүртгэгдсэн Covid-19-ийн голомтоос хэдийг нь хяналтад авсан бэ. Мөн Англи улсад бүртгэгдээд буй Covid-19-ийн мутацийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

А.АМБАСЭЛМАА: Монгол Улсад одоогийн байдлаар Улаанбаатар хот болон зургаан аймагт багц хэлбэрээр халдварын голомт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Архангай аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдээгүй, хяналтад орсон гэж ойлгож болно. Хатуу хөл хорионы үеэр халдвар авсан байж болзошгүй иргэд шинжилгээнд хамрагдана. Бусад аймгуудад сүүлийн өдрүүдэд өвчлөл бүртгэгдээгүй ч хяналт тандалтын хугацаа хараахан дуусаагүй байна. Баянзүрх дүүргийн шинэ голомттой холбоотой эмнэлгээс гарсан арванхоёрдугаар сарын 8-наас хойш гадагшаа гарсан бүх хүнийг шинжилгээнд хамруулж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман хүн энэ сарын 11-нээс 15-ны хооронд эмнэлгээс гарч, халдварт өртсөн байсан. Тэдний ойрын хавьтлуудыг өчигдрөөс хойш тусгаарлаж эхэлсэн. Магадгүй хавьтлаа санахгүй байгаагаас энд тэнд явж байх эрсдэлтэйг хэлье.

Д.НАРАНГЭРЭЛ: Шинэ мутацид орсон Сovid-19 Англи улсад эрчимтэй тархаж буй талаар мэдээлж байна. Европын орнууд ДЭМБ-тай хамтран нарийвчилсан судалгаа хийж байна.

-Баянзүрх дүүргийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байна вэ?

Д.НАРАНГЭРЭЛ: Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаа чухал. Одоогоор эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ хэвийн байгаа хэдий ч цаашдаа хүний нөөц, эмнэлгийн тусламжийн талаар ярьж хэлэлцэнэ.

Б.УУГАНБАЯР: БНХАУ-ын Эрээний хилийн боомтод бараа бүтээгдэхүүн бөөгнөрөх асуудал гарч, автомашинууд гацсан. Шуурхай штабаас Замын-Үүд дэх Онцгой комисст хандаж, гацсан машин техникийг нэвтрүүлэх тоог нэмэгдүүлж, өдөрт 40 орчим машин саадгүй нэвтэрч байна. Өнөөдрийн байдлаар гарч буй хүндрэлүүд багассан. Мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулж ажиллаж байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, December 21, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж