“NEWS” агентлаг 76:1 булангаараа үе үеийн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинэ парламент бүрдсэн учраас бид үсгийн дарааллаар танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймгаас сонгогдсон Н.Алтанхуягийг онцолж байна.
Ардчилсан намын өнгөрсөн 31 жилийн түүхэнд алдаа, оноо, амжилт бүр нь намын гишүүдтэй салшгүй холбоотой байсаар ирсэн. УИХ-ын гишүүн, бие даагч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгож, намаа удирдуулж байсан ардчиллын гишүүдээс “урвасан” хүн. Физикч мэргэжилтэй Н.Алтанхуяг МУИС-ийн багшаас улс төрд урваж, Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс түүний улс төр эхэлсэн байдаг.
Таван нам нэгдэж, Ардчилсан намыг бий болгосноос хойш тэр "Алтангадас" фракцид харьяалагдаж, чухал үүрэг гүйцэтгэгч гишүүн байсаар ирсэн. Тиймдээ ч тэр гурван удаа УИХ-д сонгогдож, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хашиж болохуйц олон албан тушаалыг тэр Ардчилсан намын нэрийн өмнөөс хашиж байсан юм.
Намтайгаа хамт 2016 оны сонгуульд ялагдсанаас хойш тэрбээр улс төр, фракц, бүлэглэл гэхээсээ илүү ганцаарчилсан улс төрийн тоглолт хийх болсон.
Чухам Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүргэнээ ЗГХЭГ-ын даргаар томилж, тэр нь олон тэрбумын авлигын хэрэгт холбогдсоноос үүдэн Ерөнхий сайдаас нь огцруулж, сануулга өгч байсан нь ч Ардчилсан намынхан. Энэ цагаас эхлэн Н.Алтанхуяг Ардчилсан намын “дайсан” болсон. Бүр Ардчилсан намаас гарч, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн, шинэ нам байгуулж, багийн тоглогч биш ганцаараа тоглогч болсон юм. Тиймдээ ч тэр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хаяаг түшиж, нэгэн үе түүний зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ үедээ тэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй хэрүүлийн алим шидэлцэж, намаа салгаж авна хэмээн мэдэгдсэн байсан нь намдаа эргэж очих гэсэн арга нь, ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр намдаа очих гэсэн санаархалтай байсан гэдэг. Харин С.Эрдэнийн хувьд Н.Алтанхуягийг намынхаа төлөө хийсэн том гавьяатай ч намынхаа хоёр ч байрыг худалдаад идчихсэн хүн хэмээн шүүмжилдэг.
Н.Алтанхуягийг их зальжин гэж улс төрийн хүрээнд дүгнэх нь бий. Намын даргаар ажиллахдаа фракциудынхаа учрыг олчихдог, МАН-ын дарга С.Баяртай нэгдэн “стандарт бус” Засгийн газар байгуулж явсан, АН олонх болоход ИЗНН, МАХН, МҮАН-тай хамтраад “шинэчлэлийн” Засгийн газар байгуулсан гээд улстөрчдийн хувьд хэнтэй ч ойлголцоод, зөвшилцөлд ордог учраас ийн “зальжин” гэж нэрлэсэн ч байж болох.
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ЗГХЭГ-ын даргаараа хүргэнээ томилсныг нь одоо ч гайхдаг намын гишүүд нь олон бий. Түүнээсээ болж Ерөнхий сайдаасаа огцрох, Засгийн газраа огцруулсан Н.Алтанхуяг намынхаа дарга болох гэж нэг удаа сунгаанд орсноос хойш тэр МАНАН-тай тэмцэгч болсон. Хааяа нэг сошиалаар МАНАН, мафи гэж “хичээл” зааж, Ардчилсан намын, ардчилагчдад "хонгилынхон" гэж нэр цол олгож явсан нь 2020 оны сонгуулийнх нь бэлтгэл байсан гэж дүгнэх хүмүүс ч бий. Тэр энэ хугацаанд зүгээр суугаагүй, эрх мэдлээ урвуулан ашигласан хүргэн Г.Дэнзэнгийнхээ хэргийг хөөн хэлэлцэхээр дуусгавар болгож, өөрийн зөвлөх “нүүрсний хэрэгтэй” Л.Гансүхийн асуудлыг ч цэгцэлж чадсан. Улс төрөөс шууд утгаараа ангид бус, хөшигний ард тохироо, томилгоо ч хийсээр ирсэн. Ялангуяа өөрийн хүмүүсээ энд тэнд томилж байгааг нь Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид “зүтгэснийхээ” хариу шагналаа авч эхэлснийг ч хэвлэлүүд онцолж байсан.
Мөн тэрбээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, Улсын дээд шүүхэд хамгийн сүүлд бүртгүүлсэн Ардчилал шинэчлэлийн намыг ч түүний “халаас”-ны нам нь гэлцэх нь бий. Энэ нь анхны тохиолдол биш бөгөөд 2015 онд Н.Алтанхуяг “Бүтээн байгуулалтын нам” байгуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл ч гарч байсан удаатай.
Н.Алтанхуяг багийн тоглогчоос хувийн тоглогч болж, МАНАН-тай тэмцэгч болсон нь 2020 оны УИХ-ын сонгуулийнх нь пи-ар байлаа. Тэрбээр Орхон аймагт бие даан нэр дэвшиж, сонгогдсон юм. Одоо ч тэр УИХ-д бие даагч. Тэр мэдээж судалгаа, улс төрөө маш сайн тооцоолж, Орхонд нэр дэвшсэн. Ингэхдээ энэ удаагийн парламентад хоёрхон бие даагч байгаа бөгөөд хоёулаа Орхон аймгаас сонгогдсон гэдгийг энд онцлоё. Н.Алтанхуягийн мөнхийн хүсэл болсон намаа аврах хүсэл одоо ч хэвээрээ гэх. Харин энэ үед Ардчилсан нам дотооддоо шинэчлэл хийж, тамгаа булаацалдаж эхэлсэн гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
- 1981 онд Монгол Улсын Их Сургууль, биофизикч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш
- 1990-1992 онд Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга
- 1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал
- 1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
- 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- 1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга
- 2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2006-2008 онд Монгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх
- 2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд
- 2008-2014 онд Ардчилсан намын дарга
- 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн
- 2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх
- 2018 онд “Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ:
- Англи, орос
Ш.ЧИМЭГ