Удахгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сэнтийгээс буух Дональд Трампын засаглалыг бүхэлд нь тоогоор илэрхийлэх боломжгүй ч дараах тоо баримтууд түүний засаглалын ерөнхий дүр зургийг харуулах болно.
Жиргээ
Барак Обама Ерөнхийлөгч байхдаа Facebook, Twitter зэрэг орчин үеийн олон нийтийн сүлжээний платформуудын хүчийг маш сайн ашигладаг байсан. Гэхдээ Twitter-ийг Трамп шиг бүрэн утгаар нь ашиглаж байгаагүй юм. Трампын жиргээний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байв. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авснаас хойш 25 мянга гаруй удаа жиргэжээ. Энэ нь өдөрт дунджаар 18 удаа жиргэсэн гэсэн үг юм. Twitter-ээс хамгийн урт завсарлага авсан нь 2017 оны зургадугаар сард Холбооны мөрдөх товчооны захирал асан Жеймс Комигийн ОХУ-тай холбоотой мөрдөн байцаалтын үеэр Сенатын Тагнуулын хороонд мэдүүлэг өгөх гэж нэг хоног гаруй хугацаанд Twitter-тээ нэвтрээгүй явдал байв.
Трамп албан тушаалаа хашиж байхдаа микрофон, камер бүхий хувийн гар утсаа ашигладаг байсан бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын протоколуудыг зөрчиж, гаднын хараа хяналтад өртүүлж болзошгүй гэсэн ажилтнуудынхаа анхааруулгыг удаа дараа үл тоомсорлож байв. Мөн тэрбээр Цагаан ордны олон нийттэй харилцах албаны ажлыг бараг л мартуулсан гэж хэлж болно. Засгийн газрын шинэ шийдвэр, бодлогыг танилцуулахдаа албан ёсны хэвлэлийн хурал хийх бус шууд жиргэчихдэг байсан. Түүнчлэн өөрийн засаг захиргаанд ажилладаг хүмүүсээ жиргээгээр байнга нэр хоч зүүж, арьс өнгөөр ялгаварласан байдлаар муулдаг байв. Түүний жиргээ бүр үнэн байсангүй, маш их ташаа мэдээлэл агуулж байсныг мэргэжлийн хүмүүс тогтоосон байдаг. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар Twitter түүний 362 жиргээг хэрэглэгчдийг төөрөгдүүлж, худал мэдээлэл байж болзошгүй гэж анхааруулга өгсөн байв.
Халаа сэлгээ
Брукингсийн хүрээлэнгийн мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар Ерөнхийлөгчийн гүйцэтгэх албанд ажилладаг ахлах зөвлөхүүдийн халаа сэлгээ 91 хувьтай байна. Эдгээрийн 39 хувь нь зөвхөн Трампын засаглалын үед солигджээ. Түүнчлэн Трамп ажлаа авснаас хойш 13 сайдаа огцруулсан бөгөөд хамгийн сүүлийнх нь Ерөнхий прокурор Уильям Барр байв. Рональд Рейган эхний дөрвөн жилдээ нийт найман сайдаа огцруулж байсан нь түүхэн дэх хамгийн олонд тооцогдож байсан юм.
Трамп дөрвөн хэвлэлийн төлөөлөгчтэй байсан ба 90 гаруй жилийн өмнө энэ албан тушаалыг бий болгосноос хойш нэг дор хамгийн олон хэвлэлийн төлөөлөгчтэй Ерөнхийлөгч болсон билээ. Нэмж дурдахад, Трамп харилцаа холбооны долоон захиралтай байсан. 11 хоногийн дараа халагдсан Антони Скарамуччи энэ албан тушаалд түүхэн дэх хамгийн богино хугацаатай ажилласан хүн болсон юм.
Шүүхийн томилгоо
Трамп АНУ-ын Дээд шүүхийн гурван шүүгчийг амжилттай томилж чадсан бөгөөд Уолкер Бушийн томилсон холбооны шүүгчдийн тооноос давсан байна. Тэд хоёул дөрвөн жил энэ албыг хашсан билээ. Энэ оны эхээр Трамп, мөн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх хугацаандаа сүүлийн үеийн Ерөнхийлөгчдөөс илүү олон холбооны давж заалдах шатны шүүгчдийг томилохоор зэхэж байсан гэж “Pew Research Center” мэдээлжээ. Хэдийгээр Трамп ердөө дөрвөн жил ажилласан ч холбооны шүүхийн бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт нь түүнийг Цагаан ордноос явсны дараа мэдрэгдэх юм.
Зарлигууд
АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн гол эрх мэдэл бол өөрийн бүрэн эрхийн хүрээнд "Executive Order" буюу зарлиг гаргах юм. Зарлиг нь холбооны хуультай эн тэнцүү хүчин чадалтай, мөн улсын дотоод хэрэгт чухал байр суурьтай байдаг аж. Хэдий тийм боловч зарлигийг хууль шүүхийн байгууллага хянах үүрэгтэй бөгөөд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгадаг байна. Энэ сарын 11-ний байдлаар Трамп нийт 520 баримт бичигт тухайлбал, зарлиг, санамж бичиг, тодорхойлолт, мэдэгдэл зэрэгт гарын үсэг зурсан байна. Эдгээрээс 288 нь зарлиг, санамж бичиг байв. Обама албан тушаал хашиж байх хугацаандаа 226 зарлиг, санамж бичиг гаргасан бол Жорж Бушийн хувьд 189-д байжээ. Ерөнхийлөгч болохоосоо өмнө Трамп Обамаг гүйцэтгэх эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгаж байв. Гэтэл одоо харахад тэр Обама болон Бушаас илүү гүйцэтгэх эрх мэдлээ ашигласан нь харагдаж байгаа юм.
Трамп мөн Ерөнхийлөгчийн албыг бизнестэй зүйрлэж, 2016 онд Хиллари Клинтонтой хийсэн мэтгэлцээний үеэр "Хэрэв бид улс орноо компаниа удирдаж байсан шигээ удирдаж чадвал илүү бахархам улсыг хялбархан бий болгож чадна" хэмээн ярьж байв. Гэтэл тэр албан тушаалаа авсан эхний гурван сарын дараа “Улс төр бол маш хатуу, хэцүү салбар. Энэ миний өмнө нь хийж байсан ажлуудаас хамгийн хэцүү нь байна. Би маш хялбар байх болно гэж бодож байсан” хэмээн гомдоллож байсан юм.
Covid-19 цар тахал
Трамп засгийн эрх барих сүүлийн жилийг бүхэлдээ Сovid-19 цар тахлын үеэр хэрхэн ажилласнаар нь тодорхойлж болж байна. АНУ нь дэлхийн хүн амын дөрвөн хувийг эзэлдэг боловч арванхоёрдугаар сарын дунд үеийн байдлаар дэлхийн нийт Сovid-19-ийн 23 хувь, нас баралтын 19 хувийг эзэлж байна. Одоогоор тус улсад 18 сая хүн халдвар авч, 300 гаруй мянган хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.
Гольф
Гольф бол Трампын амьдралын салшгүй нэг хэсэг. Тэр албан тушаалдаа томилогдсоноос хойш өөрийн мэдлийн объектуудад 418 удаа зочилсон бөгөөд үүнд гольфын клубт өнгөрүүлсэн 307 хоног багтсан гэж “CNN” мэдээлжээ. Түүний Ерөнхийлөгчөөр ажилласан өдрүүдийн 21 орчим хувийг гольфын талбайд өнгөрүүлсэн буюу ойролцоогоор тэр тав хоногт нэг удаа гольф тоглосон гэсэн үг юм. Тэрбээр АНУ-д Сovid-19-ийн анхны тохиолдол илэрснээс хойш гольфын клубүүдэд 48 хоног өнгөрөөсөн бол өөрийн мэдлийн объектуудад гольф тоглох гэж 77 удаа зочилжээ.
Трамп Ерөнхийлөгч болохоосоо өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Обамагийн гольф тоглодог зуршлын талаар олон удаа шүүмжилж байв. 2015 онд тэрбээр “Обама бараг бүх америкчуудаас илүү цагийг гольфын талбайд өнгөрөөж байна. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн ажилд саад болж байна гэж би бодож байна” хэмээн ярьж байжээ. Гэтэл Обама хоёр удаа улиран сонгогдохдоо 333 удаа гольф тоглосон бол Трамп дөрвөн жилд 307 удаа тоглосон байна.
Цаазын ялын гүйцэтгэл
Холбооны цаазаар авах ялыг 1988 онд сэргээж, 1994 онд өргөжүүлжээ. 1988-2003 оны хооронд хориг тавихад холбооны хэмжээнд цорын ганц удаа цаазаар авах ял гүйцэтгэж байсан юм. Энэ үед Жорж В. Буш АНУ-ыг удирдаж байв. Одоогийн байдлаар Трампын засаг 10 хүнийг цаазалсан ба энэ нь Франклин Д.Рузвельтээс хойшхи хамгийн олон цаазын ял гүйцэтгэсэн засаг болж байна. Трампын томилсон ерөнхий прокурор Уиллиам Барр 17 жилийн завсарлага авсны дараа 2019 оны долдугаар сард холбооны цаазаар авах ялыг дахин сэргээсэн.
Өрсөлдөгч, нөхдөө ялласан нь
Трамп өөрийн замд саад болсон хүмүүсийг гэмт хэрэгт буруутгаж байгаа анхны Ерөнхийлөгч биш. Гэхдээ тэр хамгийн олон найз нөхөд, хамтрагчаа шоронд хорьсон Ерөнхийлөгч болжээ. Ричард Никсоны тушаалаар гэмт хэрэгт буруутгагдсан, эсвэл гэм буруутай нь тогтоогдсон таван хүн байжээ. Жишээ нь, Уотергейтийн дуулианд оролцсон олон хүн, Никсоны Тамгын газрын дарга, Ардчилсан намын Үндэсний хорооны хулгайн хэрэгт холбогдсон хүмүүс багтжээ. Рональд Рейганы эргэн тойрон дахь гэмт хэрэгт буруутгагдсан, эсвэл гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсийн дунд Иран-Контра шуугиантай холбогдсон олон тооны холбоотон, Орон сууц, хот байгуулалтын нарийн бичгийн дарга асан Самуэль Пирс нар байв.
Өршөөл, ял хөнгөлөлт
Бусад Ерөнхийлөгчид өршөөлийн хүчийг улс төрийн зорилгоор ашигласан гэж шүүмжлүүлж байсан бол Трампын үед энэ байдал туйлдаа хүрчээ. Трампын өршөөл, ял хөнгөрүүлэх бодлогын үр дүнг түүний хуучин хамтрагчид, консерватив улс төрийн зүтгэлтнүүд, ойрын холбоотнууд нь илүү хүртсэн байна. Трамп Ерөнхийлөгч байх хугацаандаа холбооны анхны хориг арга хэмжээнд гарын үсэг зурсан нь олон мянган холбооны хоригдлыг суллахад хүргэсэн эрүүгийн шударга ёсны тухай хууль байв.
Албан тушаалд байх хугацаандаа Трампын хийсэн анхны ял хөнгөлөх шийдвэр нь мөнгө угаасан, мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байсан Алис Мари Жонсоны ялыг хөнгөрүүлсэн шийдвэр байжээ. Одоогийн байдлаар Трампын өршөөлд хамрагдсан, эсвэл хөнгөрүүлсэн хүмүүсийн тоо АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчдийнхөөс хамаагүй бага байна. Трамптай адил ганц удаа Ерөнхийлөгчөөр ажилласан Жимми Картер 534 хоригдолд өршөөл үзүүлжээ. Хоёр удаа сонгогдсон Обама 1715 хоригдлын ялыг хөнгөрүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт байв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ