Сүүлийн хэдэн долоо хоногт БНХАУ-ын зарим том хотууд нүүрсний дутагдлаас болж хэд хэдэн удаа тоггүй болсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь Австралийн нүүрсэнд хориг тавьсантай холбоотой бөгөөд зарим хотод тогтоосон хөл хорио байдлыг улам хурцатгах шалтгаан болжээ. Энэ талаар бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.
БНХАУ-д үйлдвэрлүүлээд, Хонгконгоор дамжуулан бүтээгдэхүүнээ хүлээж авдаг Bashtags компанийн мэдээлж байгаагаар, сүүлийн хэдэн долоо хоногт бүтээгдэхүүнийх нь хангамж удаа дараа тасалдаж байгаа аж. Тэдний барааг аж үйлдвэрлэлээрээ алдартай Еивү хотын нэгэн үйлдвэр үйлдвэрлэдэг бөгөөд долоо хоногийн дотор бэлэн болсон бараагаа хүргэдэг байжээ. Гэтэл тэдний сүүлийн захиалга ирэлгүй хоёр долоо хоносон ч үйлдвэрийн зүгээс ямар ч сураггүй байгаа аж.
Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Еивү хотын захиргаа үйлдвэрүүдийг сул зогсохыг тушаажээ. Мөн ажлын цагийг он дуустал 80 хувиар багасгасаад зогсохгүй жижиг, дунд үйлдвэрүүдийг ч ялгалгүй бүгдийг нь хаасан байна. Тэр байтугай шөнийн цагаар гудамжны гэрлүүдийг унтрааж байгаа аж.
Зөвхөн Еивү хот төдийгүй Хятадын хамгийн баян муж аж үйлдвэрийн төв Гуандунд энэ долоо хоногт тог тасарчээ. Цаашлаад Хятадын технологийн төв болсон Шенжен, 14.9 сая хүн амтай Гуанжу, үйлдвэрлэлийн хотууд болох Донгуан, Жоншан, Жухай хотуудад их, бага хэмжээгээр эрчим хүчний доголдол үүсч байгаа аж. мөн зарим иргэдийн мэдээлж байгаагаар, шөнө цэвэр усны хангамж зогсдог болжээ.
Харин Хунань мужид засгийн газрын агентлагууд тулгамдаад байгаа тог хангамж тасрахаас сэргийлэн ард иргэдэд цахилгааны хэрэглээгээ танахыг зөвлөхөөс гадна шөнийн цагаар гудамжны гэрлүүдийн талыг нь унтрааж байгаа аж. Мужийн төв Чанша хотод өндөр барилгуудын цахилгаан шат бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахаа байжээ. Улмаар зарим үед оффисын ажилтнууд 20 болон түүнээс дээш давхар луу хүртэл шатаар явахаас өөр аргагүйд хүрч байгаа аж.
Ийнхүү Хятадын арав гаруй том хот эрчим хүчээ хязгаарлаж эхэлсэн хэмээн эрчим хүчний хамгийн том компаниудын нэг Хуадиан эрчим хүч мэдээлжээ. Тэд АНУ-ын Financial Times сэтгүүлд “Орон нутгийн цахилгаан станцууд Австралийн нүүрснээс шууд хамааралтай байх нь олон. Тэд Австралийн нүүрсний чанарыг сайшаадаг байсан ч одоо өөр нүүрсний эх сурвалж хайн толгойгоо гашилгах боллоо” хэмээн ярилцлага өгч байжээ. Үүн дээр нэмээд Хятад улсын эдийн засаг цар тахлаас хурдтай сэргэж, ард иргэдийн ажил хөдөлмөр улам эрчимжсэн нь эрчим хүчний хүрэлцээний асуудлыг улам хурцатгажээ.
Гэвч зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар засгийн газар эрчим хүчний доголдлын жинхэнэ шалтгааныг нууцлахаар хичээж байж магадгүй юм. Учир нь Гуандун хотод цахилгааны хомсдлын талаар лавлахаас асуусан иргэдэд техникийн саатал гэдгээс өөр зүйл хэлэхгүй байгаа аж. Түүнээс гадна Еивү хотын үйлдвэрүүдэд хотын захиргаа сул зогсохыг тушаахдаа “Эрчим хүчээ хэмнэж, хүлэмжийн хийг багасгаж, эх дэлхийгээ хайрлахын төлөө” гэх шалтгаан хэлсэн байна. Зарим үйлдвэрүүдийг хоёр өдөр ажиллаад, хоёр өдөр амрах горимд шилжүүлсэн бөгөөд дээрх хуваарийг зөрчвөл он гартал эрчим хүчээр хангахгүй байхаар болсон аж. Тиймээс зарим үйлдвэрүүд дизель генератор ашиглан нууцаар ажиллаж буй юм байна.
Бээжингийн эрх баригчид эрчим хүчний хангамж “дайны байдал”-д шилжсэн хэмээж байгаа бөгөөд шалтгааныг нь хэтэрхий хүйтэн цаг агаартай холбон тайлбарлажээ. Харин зарим ажиглагчид тус шалтгааныг илэрхий худал үг хэмээгээд, эрчим хүч дутагдаж байгаагийн жинхэнэ шалтгаан бол Хятадын өөрсөдтэйгөө хийж буй худалдааны дайн хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Өмнө нь Австрали Хятадын нийт нүүрсний импортын 57 хувийг дангаараа бүрдүүлдэг байжээ. Хятадын хэрэглэгчид ч австрали нүүрсний чанарыг өндөрөөр үнэлдэг байж. Мөн зөвхөн Австралийн нүүрсээр Хятадын нийт эрчим хүчний 1.6 хувь бүтдэг хэмээгдэх агаад зарим өндөр хөгжилтэй мужууд эрчим хүч гарган авахдаа нийт нүүрсний хэрэглээнийхээ 10 хувийг өндөр чанартай австрали нүүрсээр хангадаг байсан аж.
Эх сурвалж: THE STREET
Холбоотой мэдээ