Бадам, Чагдар хэмээх буриад жаалуудын хөгжилтэй хүүхэлдэй кино сошиалд трэнд болж буй. Цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт, шейр авсан энэ богино хэмжээний хүүхэлдэйг Буриадын найруулагч Эрдэни Жалцанов эхнэр, охины хамтаар бүтээжээ.
Чагдар, Бадам хоёрын адал явдлыг буриадуудаас илүү монголчууд ихээр үзэж, сонирхсон нь уран бүтээлчдэд урам өгсөн гэнэ. Тун удахгүй Чагдар, Бадам хоёрын шинэ түүх шинэ жилийн сэдэвтэйгээр үргэлжилж, үзэгчдийн хүртээл болох аж. Ингээд Янжим охины аав Эрдэни Жалцановтой ярилцсанаа хүргэе.
-Танай гэр бүлийн бүтээсэн Чагдар, Бадам хоёрын түүхийг хүн бүр мэддэг болжээ. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Намайг Эрдэни Жалцанов гэдэг. Буриадын Улаан-Үд хотын “Үлгэр” хэмээх хүүхэлдэйн театрт уран сайхны удирдаачаар ажилладаг. Эхнэр маань урлаг судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Хотынхоо музейд ажилладаг. Манайх дөрвөн охин нэг хүүтэй.
-Чагдар, Бадам хэмээх жаалуудад бага охин нь дуу оруулсан гэж сонссон. Үнэн үү?
-Тийм ээ. Отгон охиныг минь Э.Янжим гэдэг. Одоо найман настай. Буриад хэлний 29 дүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. Охин минь гадаад хэл сурах, зураг зурах, гар урлалаар хүүхэлдэй хийх дуртай. Бас нэг жижиг нохойтой. Хайртай нохой нь өчигдөр дөрвөн гөлөг гаргасан. Охин маань маш их баяртай байгаа.
-Анх богино хэмжээний хүүхэлдэй бүтээх болсон тухайгаа ярьж өгөхгүй юү?
-Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Одоо ч чөлөөт цагаараа шог зураг зурна. Энэ оны арваннэгдүгээр сараас Чагдар, Бадам хоёрыг зурж эхэлсэн. Эхнэр маань компьютер графикт суралцаж, эвлүүлэг хийсэн. Хүүхэлдэйн кинондоо бага охиноороо дуу оруулуулсан, олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хүмүүст их хүрсэн байна лээ.
Эхний ангийг бүтээсний дараа хүмүүс “Дараагийн анги нь хэзээ гарах вэ” гэж их асуудаг болсон. Бид өчигдөр дөрөв дэх ангийг нь зурж дууслаа. Одоо эвлүүлэг хийж байна. Хоёр, гурав хоногийн дараа шинэ ангиа хийж дуусна. Та бүхэн хүлээж аваарай. Монгол ахан дүүс маань биднийг дэмжиж байгаад тун баяртай байна.
-Нууц биш бол энэ удаагийн ангид юуны тухай өгүүлэх вэ?
-Хэдхэн хоногийн дараа шинэ жилийн баяр болох гэж байгаа учраас шинэ жилийн тухай үйл явдал гарна. Өмнөх гуравдугаар ангид Чагдар, Бадам хоёр жавар өвгөнийг хүлээж, бэлгээ авч чадаагүй. Тиймээс үзэгчид маань энэ удаа Чагдар, Бадам хоёрт бэлгийг нь өгч буй анги хийх хүсэлт явуулсан байсан.
-Чагдар, Бадам хоёрыг бодит дүрээс сэдэвлэн бүтээсэн үү?
-Үгүй ээ. Би Чагдар, Бадам хоёрын дүрийг өөрөө зохиосон. Өөрөөр хэлбэл бага насаа дурсаж зурсан гэж хэлж болно. Энэ богино хэмжээний киногоо анх бага охиндоо зориулж бүтээсэн. Хүүхэлдэйн киногоо ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй.
-Э.Янжим анх удаа хүүхэлдэйн кинонд дуу оруулж байгаа юу. Дуу оруулах ямар санагдсан бол?
-Охинд маань эхлээд хүүхэлдэйн кинонд дуу оруулахад жаахан хэцүү байсан. Бас ядарсан байх. Манай Улаан-Үдэд хүүхдүүд цэцэрлэг, сургуульд ороод л орос хэлээр ярьж эхэлдэг. Буриад хэл мартагдаж байна. Хүүхдүүд маань гэртээ ихэвчлэн орос хэлээр ярилцана.
#мультэрдэнижалцанов
Posted by Евгения Жалцанова on Thursday, November 26, 2020
Би гэрийнхээ ханан дээр буриад үг бичиж, наагаад охиндоо зааж өгдөг. Бага охин маань хүүхэлдэйн кинонд дуу оруулахдаа буриад үгсийг цээжилж ярьсан юм. Одоо буриад хэлний яриа нь илүү сайжирсан. Манайх Буриадын сартуул аялгаар ярьдаг учраас халх аялгатай хүмүүс сайн ойлгодог. Үзэгчид анзаарсан бол Чагдар сартуул аялгаар, Бадам хорь буриадаар ярьж байгаа.
-Авьяаслаг Э.Янжим охин ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж ярьдаг вэ?
-Охин маань ирээдүйд зураач, компьютер графикч болно гэдэг. Маргааш өглөө болоход дахин өөр мэргэжилтэй хүн болно гээд л ямар мэргэжилтэй хүн болох тухайгаа аав, ээжтэйгээ ярилцдаг.
-Гэр бүлээрээ Монголд хэзээ ирсэн бэ?
-Бид хоёр өнгөрсөн жил бага охинтойгоо Улаанбаатар хотод ирсэн. Охинд минь хот маш их таалагдсан. Бас монгол хоол идэх их дуртай. Бид Улаанбаатар хотын гудамж, дэлгүүрээр явж, Ганданд очиж мөргөсөн. Охинд минь Монголын хээр тал газар их сайхан санагдсан тухай ярьдаг.
Холбоотой мэдээ