Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тохиолдол өчигдрийн 11 цагийн байдлаар нийт 62-д хүрсэн билээ. Тус эмнэлэгт тусгаарлагдаж буй эмч мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгчдийг ялгаж, хүүхэд болон насанд хүрсэн 141 хүнийг өчигдрөөс тусгаарлах байр руу шилжүүлсэн. Одоогийн байдлаар тус дүүргийн эмнэлэгт нийт 85 хүн тусгаарлалтад байгаа юм.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдаж буй иргэн Э-тэй холбогдож, эмнэлгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Та Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэзээ хэвтсэн бэ?
-Тархины цусан хангамжийн дутагдал гэсэн оноштой, тархиндаа эмчилгээ хийлгэхээр энэ сарын 12-ны шөнө (2020.12.12) Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Гэтэл хэвтсэнээс хойш хэдхэн хоногийн дараа эмнэлэгт халдвар гарч тусгаарлагдаад байна. Энд нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Дундаа эр, эм ариун цэврийн өрөөтэй. Халдвар тарах, дамжигдах гол зам нь ариун цэврийн өрөө болж байна.
-Өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?
-Хоёр хүний зориулалтын өрөөнд гурвуулаа. Нэг нь сахиур. Үндсэндээ гурван хүн голомт бүртгэгдсэн тасагт байна. Эмнэлгийн дотоод байдал мэдээж хүнд байна. Хоол болоод ариутгал, цэвэрлэгээний асуудал маш тааруу. Одоо бид хорионд байна, энэ байдлыг тусгаарлалт гэж үзэхгүй ээ. Эрүүл ахуйн хамгаалалт энд огт алга. Зарим өвчтөн өрөөндөө сахиуртайгаа, нийлээд тавуулаа байх ч тохиолдол байна.
-Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс хэдэн удаа шинжилгээ авсан бэ?
-Хоёр дахь давтан шинжилгээг өчигдөр (2020.12.21/ авсан. Эхний шинжилгээгээр сөрөг гарсан.
-Эмчилгээ хэвийн хийгдэж байгаа юу?
-Үгүй. Арванхоёдугаар сарын 17-ны өдрөөс хойш эмчилгээг зогсоосон. Өрөөнд хамт хэвтэж байгаа хүмүүсийн эмчилгээг ч мөн зогсоосон. Ер нь эмч нар өөрсдөө болгоомжлоод, эмчилгээ хийх бодол байхгүй байх шиг байна. Би өөрөө зүрх, судасны асуудалтай, гэрээсээ авч ирсэн хэдэн эмээ л ууж байна.
-Эмнэлэгт ариутгал, цэвэрлэгээг хэрхэн хийж байна вэ?
-Сүүлийн 2-3 хоног арай дээрдэж байна. Голдуу шингэн юмаар арчих, цацах зэрэг л цэвэрлэгээ хийж байгаа харагдах юм.
-Баянзүрх дүүргийн эмнэлгээс 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүлсэн. Таныг яагаад шилжүүлээгүй юм бэ?
-Сайн мэдэхгүй л байна. Давтан шинжилгээний хариу гарахаар шилжүүлэх байх гэж бодож байна. Эмчлүүлэгчид, эмч, ажилчдыг тусгаарлах болон Цэргийн төв эмнэлэг рүү зөөх шиг болсон. Хоёр хоногийн өмнөөс эхлэн маш олон машинаар зөөж эхэлсэн.
-Эмч, эмнэлгийн ажилтнууд өдөрт өрөөнд хэдэн удаа орж ирдэг вэ?
-Орж ирээгүй. Асрагч л орж ирж шал арчаад, хог авч асгадаг. Өчигдөр энд ажиллаж байсан эмч сувилагчдынхаа ээлжийг сольсон байна лээ.
-Анх таныг эмнэлэгт хэвтэхээр ирэхэд нөхцөл байдал ямар байв? Халдвар хамгааллын дэглэм хэр сайн сахиж байсан бэ? Мөн хэвтэх гэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байсан уу?
-Анх ирэхэд шинжилгээ аваагүй. Асуумж асууж, биеийн халуун үзсэн. Энд ерөөсөө эмнэлгийн цэвэрлэгээ, ариутгал бүр тэг гэж хэлж болохоор. Өрөөний цэвэрлэгээ, ариутгал тун хангалтгүй. Ариун цэврийн өрөөний бохир завааныг ярих юм биш. Эмнэлгийн ажилтнуудыг буруутгахаас илүү үйлчлүүлэгч, өвчтөнүүд дотор хэнэггүй, заваан хүмүүс ч байна.
Гэхдээ эмнэлэгт халдвар гараагүй байхад тасагт эмч нар нь өөрсдөө амны маскгүй явж байгааг хараад гайхаж байлаа.
-Анх халдвар аль тасагт гарсан юм бэ?
-Эхний тохиолдол В блокийн 24-р өрөөнд байсан хүнээс илэрсэн гэж дам сонссон. Ойрд гэхдээ манай эндээс дахиж халдвар гараагүй. Тэгэхээр өөр тасгуудаас л халдвар гарч байх шиг байна. Уг нь би тав хоногийн эмчилгээ хийлгээд гарах байсан. Гэтэл одоо энэ хоногуудаа эмнэлгийн хэвтэх хоногтоо байгаа гэсэн ойлголтоор байлгаад байна. Ийм аюултай орчинд ингэж байх хэцүү юм.
-Нэг хоногийн төлбөр нь хэдэн төгрөг вэ?
-Анх хэвтэхээр ирэхэд хоногийн 20 мянган төгрөг гэж хэлсэн. Би таван хоног хэвтэнэ гэж бодоод нийт 100 мянган төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл өнөөдөр тусгаарлагдаад 10 хонож байна. Хувьчлагдсан эмнэлэг болохоор эдгээр хоногийн төлбөрөө авна гээд зүтгэх байх даа. Уг нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн чанар гаргаад төлбөр авахгүй ч байж болно доо. Эндээс хүмүүс өвчин аваад гарахыг үгүйсгэхгүй. Дээр нь цаг хугацаа, сэтгэл зүрх, эрүүл мэндээрээ ноцтой хохирчхоод тэрэндээ бас мөнгө төлнө.
Хамгийн гол нь эндээс халдвар аваад гарахгүй юмсан гэж л залбирч байна. Анхны шинжилгээний хариу сөрөг гарахад тэр даруй нь тусгаарлах байр руу шилжүүлээд, тэндээсээ дараагийн шинжилгээг авсан бол эрсдэл арай л бага байх байсан. Энд тусгаарлалтад байгаа хүмүүсийн сэтгэл санаа маш хүнд байна. Бохир заваан орчинд ингэж хорьж байгаа нь том хохиролд хүргэж байна, биднийг.
-Эмнэлгээс өдөрт хэдэн удаа хоол, унд өгч байгаа вэ?
-Өглөө 09 цагийн үед хар цай, боорцог эсвэл хярам, цагаан будаа, шар будааны шингэн каш өгдөг. Өдөр бантан, гурилтай шөл, хөц будаа, 2-р хоол. Орой мөн нэг шөлтэйвтөр хоол өгч байна. Хоолууд нь шим тэжээл муутай. Дархлаа дэмжихээр хоол унд өгсөнгүй.
-Эргэлтийг хязгаарласнаар өвчтөнүүд хувийн ариун цэврийн зүйлсээ яаж зохицуулж байна вэ?
-Халдвар гарснаас хойш бидэнд нэг удаа дөрвөн ширхэг ариун цэврийн цаас, хоёр сальфитка өгсөн. Өөр ярих зүйл алга даа. Сэтгэл санаа маш хүнд байна. Халдваргүй ирээд, өвчин авчих вий гэж маш их айж байна. Энд тусгаарлалтад байгаа хүмүүс ассан гал дотор л явж байгаатай адил байна шүү дээ.
Холбоотой мэдээ