Эротик хошигнол ч ажлын байрны бэлгийн дарамтын нэг хэлбэр | News.MN

Эротик хошигнол ч ажлын байрны бэлгийн дарамтын нэг хэлбэр

Эротик хошигнол ч ажлын байрны бэлгийн дарамтын нэг хэлбэр

Эротик хошигнол ч ажлын байрны бэлгийн дарамтын нэг хэлбэр

Бэлгийн дарамт гэдэг нь зөвхөн хүний орон зай, аюулгүй байдалд заналхийлсэн төдийгүй нэр төрд халдаж буй үйлдэл. Үүний хохирогч нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг нь хүчний тэнцвэргүй байдлаас үүдэлтэй. Бэлгийн дарамтыг хувь хүн хоорондын асуудал гэж ташаа ойлгож, үл тоох хандлагатай явсаар асуудал гүнзгийрч, нийгмийг бүхэлд нь хамарсан асуудал болж хувираад байна. Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, бие сэтгэлээрээ хохирчихоод хэнд хандаж, яахаа мэдэхгүй  нэр хүнд нь сэвтэж, ажлын байраа алдахаас айж чимээгүй өнгөрдөг нь үүний нэг жишээ.

Уг нь бол асуудал ийм ярвигтай байх учиргүй. Бэлгийн дарамтын талаарх олон нийтийн ойлголт маш сул байгаа нь эл асуудлыг шийдвэрлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл юм. Судлаач Л. Баярмаа, Д. Аюурбунь нарын 2009 онд хийсэн “Боловсролын салбар дахь бэлгийн дарамт” төслийн жилийн тайлангийн судалгаагаар, хүмүүс бэлгийн дарамтыг “бэлгийн хүчирхийлэл“ гэж ойлгодог талаар дурджээ.

Хэрэв бэлгийн дарамт нь зөвхөн бэлгийн үйлээр хязгаарлагддаггүй юм бол өөр юуг үүнд хамаатуулж ойлгох вэ? Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.7 заалтад “бэлгийн дарамт“-ыг ингэж томъёолжээ:

Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсвэл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.”

Дээрх тодорхойлолтыг илүү дэлгэрүүлэн тайлбарлая. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь дараах байдлаар илэрч болно:

Амаар:

  • Бэлгийн харилцааны сэдвээр шууд болон хоёрдмол утгатай үгсээр дамжуулан яриа өрнүүлэх, эротик онигоо ярих
  • Хувцаслалт, бие хаа, зүс царай гэх мэт гадаад төрхийн талаар таагүй сэтгэгдэл төрүүлэм сэтгэгдэл хэлэх
  • Хувийн амьдрал болон хувийн нууцлалыг тань үл хүндэтгэсэн асуултууд асуух, доромжилсон, илт дайрсан сэтгэгдэл хэлэх
  • Бэлгийн үйлдэл бүхий хүсэлт гаргах. Үүнд, "Миний өвөр дээр суу!", “Чиний л хажууд суумаар байна“, “Надтай ойрхон суу“ гэх мэт хүсэлт ч багтана.
  • Ажлаас гадуур хувьчлан уулзахыг хүсэх, зохисгүй урилга явуулах
  • Бэлгийн харилцаанд орсны хариуд мэргэжлийн давуу тал олгохыг амлах
  • Бэлгийн харилцаанаас татгалзах тохиолдолд сэтгэл санааны дарамт үзүүлэх. Тухайлбал, хурал уулзалтад оролцуулахгүй байх, мэргэжлийн санал санаачилгыг үл тоомсорлох, цаашлаад ажлын байрыг заналхийлэх.

Аман бус:

  • Эрээ цээргүй ширтэх, бие, царай руу ойр ойрхон харах
  • Тайвшруулж, эсвэл дэм өгч буй дүр төрх үзүүлэн биед хүрэх
  • Араас шүгэлдэх, исгэрэх
  • Цахим шуудан, мессеж, чат, зураг, видео бичлэгүүдээр дамжуулан эротик утга санаа илэрхийлэх
  • Зохисгүй, хэт хүчилсэн сошиал харилцааны хүсэлт явуулах
  • Садар самуун материал өлгөх, тараах
  • Садар самуунд уруу татах
  • Араас тасралтгүй дагах, гуйх, гувших (тасралтгүй, ажлын бус зорилгоор "хувийн" холбоо барих)

Бие махбодийн хувьд:

  • Бие махбодийн хэт ойртолт, хүрэх
  • Бэлгийн харилцааг өдөөх, хүсээгүй байхад эрхтэнээ харуулах гэх мэт үйлдэл
  • Бие махбодийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртөх хүртэлх аливаа хэлбэр
  • Санамсаргүй мэт санагдсан ч гэсэн дургүй байхад тань хүрч үл болно.

Ажлын байрны бэлгийн дарамт нь сээтгэнэх болон найрсаг харилцаанаас ялгаатай. Бэлгийн дарамт нь үргэлж хүсээгүй байхад ирдэг бөгөөд далд байдалтай, илт эрх мэдлээр давамгайлсан уур амьсгалд явагддаг. Хохирогч нь дарамт шахалт үзүүлж буй хүнд дургүйцлээ илэрхийлэхэд уур амьсгал, харилцааг тавгүй болгосноор үйлдэгчид өөрийн дур хүслээ гүйцэлдүүлдэг сөрөг талтай.

Бэлгийн дарамт нь наанадаж тухайн хүний бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болзошгүй. Цаашлаад хохирогчийн мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэл, хүсэл эрмэлзлийг ч хязгаарлах боломжтой юм. Нийгмийн зүгээс хохирогчийг үл тоомсорлож, үг, үйлдлээр доромжлох, дарамт шахалт үзүүлэх нь элбэг учраас бэлгийн дарамтын хохирогчид ам нээж, өөрийгөө өмөөрөхөд хэцүү нөхцөл байдалд байсаар эцэстээ өөрийн хүсэлтээр ажлаас халагдах нь цорын ганц гарц гэж  тэд боддог.

Та ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд яах вэ?

Хэрвээ та ийм нөхцөл байдалд орсон бол хэнээс ч айж ичих хэрэггүй. Үүнд та буруутай биш харин түүнийг үйлдэж буй хүн л буруутай! Тиймээс таны нэр хүнд сэвтэнэ гэж эмээлгүй нэр хүндээ хамгаалах хэрэгтэй. Үүний тулд хандах ёстой газар нь хандах шаардлагатай. Хэрвээ та хэнд хандахаа мэдэхгүй шаналж байгаа бол танай байгууллагад үүнийг зохицуулсан дүрэм журам байдаггүй гэсэн үг. Тиймээс уг үйлдлийг байгууллага дотоод журмаараа буюу хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах зайлшгүй шаардлагатай байна.

Өндөр хөгжилтэй орнуудад, тухайлбал Герман, Швейцарьт энэ тохиолдолд байгууллага заавал хөндлөнгөөс оролцох үүрэгтэй гэж хуулиар тогтоосон байдаг. Үүнээс гадна байгууллагууд дотоод журамдаа ажлын байран дахь бэлгийн дарамтын хохирогчтой харилцах, асуудлыг шийдвэрлэх заавар зөвлөгөө, дүрэм журмыг нарийвчлан заах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээний хавсралт бичиг баримтад бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд хэнд хандах, цаашид авч хэрэгжүүлэх алхам зэрэг үйл явцыг нэг бүрчлэн зааж өгснөөр ажилд орохоосоо өмнө өөрийгөө хамгаалах тухай ойлголт авдаг. Эцэст нь хохирогчийн мэдээллийг чандлан нууцалж, хурдан шуурхай, маш болгоомжтой, найдвартайгаас гадна шудрагаар шийдвэрлэдэг нь хүний эрхийг ихэд эрхэмлэн дээдлэдэгийн илрэл билээ.

Мөн БНСУ энэ асуудлыг маш нухацтай авч үздэг. 2018 онд Солонгосын Гэр бүл, хөгжлийн яамнаас хийсэн судалгаанд оролцогчдын 90 орчим хувь нь ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдаж байсан бөгөөд сургалтын үр дүнг урьдчилан сэргийлэхэд дэмжлэг болсон хэмээн үзжээ. Тус сургалтаар ажлын байрны бэлгийн дарамтын талаар ойлголт мэдлэгийг өгөхөөс гадна, үйлдэгддэг арга зам, урьдчилан сэргийлэх арга, өртсөн тохиолдолд шийдвэрлэх механизмын талаар маш тодорхой мэдлэг мэдээлэл өгдөг. Өмнөд Солонгос улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага энэхүү сургалтыг жилд нэгээс дээш удаа зохион байгуулах үүргийг хүлээдэг байна.

Олон улсын жишгээр албан байгууллага бүр харилцааны аливаа асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэх итгэмжлэгдсэн мэргэжилтэн томилдог. Компанийн удирдлага, хүний нөөц эсвэл байгууллагын итгэмжлэгдсэн мэргэжилтэн бэлгийн дарамтын сэжиг, гомдлыг хурдан, найдвартай, шударгаар тодруулах үүрэгтэй. Зарим тохиолдолд зөрчилдөөнийг холбогдох хүмүүстэй ярилцах замаар эв зүйгээр шийдвэрлэж болно. Хэрвээ удирдлагадаа хэлэх боломжгүй эсвэл удирдлага нь бэлгийн дарамт үйлдэгч болсон тохиолдолд байгууллагын уг мэргэжилтэнд хандаж болно.

Хэрэв хэргийг шалгах шаардлагатай бол хохирогч гомдол гаргах ёстой. Ингэснээр тэрээр албан ёсны хэрэг нээх боломжтой гэдгээ зөвшөөрсөн гэсэн үг. Ажил олгогч нь өөрийн компаниас тохирох хүнийг уг хэргийг хянуулахаар томилж болно. Гэхдээ ихэнхи тохиолдолд, ялангуяа жижиг компанийн хувьд гадны мэргэжилтнүүдээр хэргийг хянуулах нь хялбар байдаг.

Мөн хамтран ажиллагсдын хувьд бэлгийн дарамтын гэрч болсон тохиолдолд өөрөөсөө зайлуулахын оронд хохирогчтой холбогдон аль болох ярилцахыг хичээх хэрэгтэй. Хохирогч ямар нэгэн дэмжлэг хүссэн тохиолдолд дэмжлэг үзүүлэх, хариуцлагатай хандах, эсвэл юу хийхээ мэдэхгүй бол зөвлөгөө авах төвүүдээс тусламж аваарай. Харин хохирогчийн хүслийн эсрэг юу ч хийх хэрэггүй. Аль болох болгоомжтой хандах нь зүйтэй байдаг. Хэрэв тухайн хүн хүсвэл гэрчээр оролцох боломжтой бөгөөд энэ нь бэлгийн дарамтыг таслан зогсооход оруулж буй хувь нэмэр билээ.

Сэтгүүлч М.ТУНГАЛАГТУЯА
“Хүндлэлд Хүйс Хамааралгүй” аяны хүрээнд бэлтгэв.
Эх сурвалжууд: https://bit.ly/3oWxX4o

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-22 103.26.193.94

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамт нэг албан газар ажиллахыг хориглох хууль батлах хэрэгтэй юм бна даа. Бас үерхэж нөхөрлөхийг, гэр бүл болохыг, үр хүүхэдтэй болохыг хориглох хэрэгтэй юм бна даа. Энэ бүх харилцааг тогтоохын тулд заавал хүчирхийлэгч болчихоод байгаа биз дээ . Тэгээд эмэгтэйчүүд ирж хүчиндэхийг нь хүлээгээд хэвтэж байх ёстой юмуу жендерчидээ

Avatar

Зочин 2020-12-22 66.181.190.56

эрэгтэй оффис, эмэгтэй оффис гээд тусдаа байсан дээрээ байхаа

Avatar

Уншигч 2020-12-22 64.119.18.129

маш хэрэгтэй сэдвийг ил тодоор хөндөж бичсэнд баярлалаа! Байгууллагууд журмандаа оруулж өгөх нь хүний эрхийг дээдэлсэн үйлдэл болно.

Avatar

Зочин 2020-12-22 66.181.169.91

Энэ заалтаар бол монголын бараг бүх дарга сайд захирал босс баячууд их сургуулийн багш нар шоронд орно тэд нар мянга мянган охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж зовоож тамлаж байгаа

Avatar

ЧАНГА 2020-12-22 202.179.15.3

ЭНЭ БОЛ ЧУХАЛ СЭДЭВ ШҮҮ, ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН УДИРДЛАГУУД ҮҮНД ИХЭЭХЭН ХАМААТАЙ, ЗАЛУУ ОХИДУУДИЙГ ӨМНҮҮРЭЭ ЗҮГЭЭР ГАРГАЖ ЧАДАХАА БАЙЦАН ДАРАЛТТАЙ НӨХӨДҮҮДИЙГ ИЛ ТОДООР ХАРУУЛДАГ БОЛ ИХ ОНОВТОЙ ШИЙТГЭЛ ЮМ ШҮҮ ДЭЭ. УГ ЭТГЭЭДИЙН НЭР ТӨРИЙГ ХОХИРОГЧИЙН НЭР ТӨРӨӨС ДЭЭГҮҮР ХАРЖ ХАНДДАГ ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД УЧИР НЬ МАШ ИХ БИЙ.. БИЛЭГИЙН ДАРАМТ БИЕ БИЗОЛОГИТОЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ШИЙДВЭР ГАРГАХДАА НЭГ ТАЛЫГ БАРИХ ТУУЛШИРАХ НЬ ХОХИРОГЧДИЙГ УЛАМ ИХ БОЛГОДОГ…

Avatar

Тарвагадорж 2020-12-22 202.55.188.94

Тарвагадоржд олон онгон охиныг МСS өгсөн гэдэг хммм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж