Өнгөрөгч долоо хоногт УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Хуульд саналын хуудсыг “хар машин”-аас гадна гараар 100 хувь тоолох зохицуулалтыг суулгаж өгчээ. Аа, бас санал өгсөн сонгогчдын гар дээр бэхэн тэмдэглэгээ хийхээр болсон байна. Энэ нь сонгууль болгоны дараа ялагдсан талаас гаргадаг хар машиныг хакердлаа, санал луйвардлаа гэсэн элдэв хэл ам, хэрүүл шуугианаас болгоомжилсных биз. Мөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хоригложээ. Бодвол Н.Энхбаярт зориулсан хуулийн зохицуулалт байх.
Мэдээж парламентад суудалтай дөрвөн нам Ерөнхийлөгчийн сонгуульд Үндсэн хуульд заасны дагуу 50-иас дээш насны, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг нэр дэвшүүлэх ёстой.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгууль болтол лай, зай байгаа ч аль намаас хэн нэр дэвших нь Монголын улс төрийн төдийгүй хоёр хөршийн хувьд анхаарлын цэг хэвээр, дайны хажуугаар дажин гэгчээр цар тахалтай зэрэгцээд хар, цагаан пиарчид, троллчид нь ажилдаа орчихсон, бие биеэ сошиалаар балбацгааж байна. Сонгууль ойртохын хэрээр бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн Ардчилсан намд үлдээгүй шиг Монголд ч үлдэхгүй биз.
Монгол Улсын Ерөнхийлөгч ердөө шагнал өгдөг, хүн уучилдаг бэлгэ тэмдэг төдий эрх мэдэлтэн биш. Манай Ерөнхийлөгчийн пиарчдын сэвээд байгаа шиг шүдгүй арслан бүр ч биш, хууль шүүх, Цэцийн томилгоонд оролцдог том эрх мэдэлтэй хүн. Үндсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч хэн болохоос Монголын хувь заяа шийдэгдэх хамгийн эгзэгтэй, хамгийн чухал сонгууль ирэх жил болно гэсэн үг.
Монгол ардын намаас нэр дэвших боломжтой таван кандидатын нэрийг генсек Д.Амарбаясгалан зарласан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, Шадар сайд асан Ө.Энхтүвшин нараас хамгийн магадлал өндөртэй нь У.Хүрэлсүх, С.Батболд нар. Гэхдээ У.Хүрэлсүх айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааныг тэглэх сюрпириз барихдаа нэр дэвшихээ албан бусаар бараг зарлачихсан гэж хэлж болно.
Харин Ардчилсан намаас нэр дэвшихээр горилогчдын тоонд Ерөнхийлөгч Х.Баттулга багтаж байгаа. Түүнд Монголын төрийн тэргүүнээр дахин зургаан жил суух том амбиц бий. Тиймээс өнгөрсөн Бямба гаригт Ардчилсан намын 10 дугаар их хурлыг зохион байгуулж, нэр дэвших замаа засахад түүнд Ц.Тувааны дэмжлэг хэрэгтэй болсон. Тиймээс өнгөрсөн УИХ-ын сонгуулиар илт С.Эрдэнийн эсрэг ажиллаж, Ардчилсан намыг ялагдуулсан нь ийм л зорилготой байсных.
Гэхдээ Х.Баттулгын хувьд их санасан газар есөн шөнө хоосон хонож мэдэх нь. Учир нь, 2020 оны тавдугаар сарын 25-наас бүх нийтээр дагаж мөрдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулиар Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон. Тэгэхээр 10 хоногийн дараа тэрбээр Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар хамгийн сүүлчийн мэндчилгээгээ дэвшүүлж, сүүлчийн удаа телевизээр хундага өргөх нь ээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхны төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа, хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Энэ заалтыг наашлуулж, 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөхөөр болгосон хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын экс дарга З.Энхболд гэх. Үүнээс болоод түүнийг Ерөнхийлөгч дэргэдээсээ хөөж явуулсан гэсэн яриа өнгөрсөн хаврын улс төрийн хүрээний нэг хов байлаа. Гээд Ерөнхийлөгч өөрөө ч Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавьж болох байсан. Үндсэн хуулийг ёсчилсон хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө.
Аливаа хуулийн цоорхой, маргааныг зохицуулахын тулд дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Ерөнхийлөгчийг хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оноор огноолоогүй тул шинэ Үндсэн хуульд заасны дагуу Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон гэсэн үг.
Гэвч Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүх амьдралаараа бооцоо тавьж байна. Хэрэвзээ тэрбээр нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр дахин зургаан жил сонгогддог юмаа гэхэд У.Хүрэлсүхээс эхлээд МАН-ын олон хүн улс төрийн хоригдол болж мэднэ.