Засгийн газрын хуралдаанаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 23-ны 06.00 цагаас эхлүүлж, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл 14 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар болон бусад албаныхан мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Халдвар гарсан бусад аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байна.
Шадар сайд Я.СОДБААТАР:
-Лхагва гаригаас эхлэн хатуу хөл хорио тогтоож байгаа нь орон нутгаас нийслэл рүү ирэх, гарах хүмүүсээ тооцоолж, ийн шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газар цар тахал гарснаас хойш иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг чухалчилж байгаа. Тиймээс голомтыг хумих, тархалтыг таслан зогсоох, эрүүл мэндийн салбарт ирж байгаа ачааллыг нэмэхгүй байх бодлого баримталж байгаа. БЗД голомтлон гарч байгаа тохиолдол бол өдөрт 20-30 тохиолдол бүртгэгдэж байгаа, халдварын тархалт цаашид нэмэгдэж магадгүй гэж мэргэжлийн байгууллагууд гаргасан. Дэлхийн 192 оронд тодорхой хөл хориог тогтоогоод байгаа. Мөн нийтийн вакцинжуулалтыг 2021 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Нийт ард иргэд Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг хүндэтгэж, хүлээж авахыг хүсч байна. Өмнө нь хөл хорионы хугацаанд нийтдээ 13 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байсан бол энэ удаад 15 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй.
Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана:
- Эрчим хүч, дулаан, шахмал түлш
- Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
- Банкны салбарын үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
- Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
- Буян,оршуулгын үйл ажиллагаа
Хилийн боомтуудаар дамжин халдвар тархах эрсдэл өндөр байна. 500 гаруй ирсэн хүмүүсээс халдвар илэрч байна. Франкфуртаас долоон хүн илэрлээ. Өнөөдөр Японоос ирлээ. Мөн эрүүл мэндийн ажилчид халдвар авах өндөр эрсдэлтэй байна. ХӨСҮТ-д халдвар тархсан нь үнэн. Гурван ч тасгийн эмч нараас илэрсэн. 20 гаруй хүнтэй баг ХӨСҮТ-д ажиллаж дүгнэлт гаргасан. Үндсэндээ 12 сар ХӨСҮТ хаалгаа онгойлгохгүй тусгаарлагдлаа. Эхнээсээ асуудлууд гарч байна. Эхний ээлжинд ХӨСҮТ-ийн ачааллыг буруулж байна. Энэ долоо хоногийн төгсгөлд гэхэд ХӨСҮТ бүрэн чадлаараа ажиллана гэж бодож байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн вакциныг оруулж ирнэ. Эхний ээлжинд олон улсын байгууллагын тусламжтай вакцин оруулж ирэхээр ярьж байна. Хүн амынхаа эхний ээлжийг ирэх гуравдугаар сараас эхлэн вакцинжуулна. Азийн зарим улсуудтай вакцины тал дээр яриа хэлэлцээр хийж байгаа. Мөн вакцин үйлдвэрлэж байгаа Европ, Америк, хоёр хөрш гээд зэрэг улсуудад бүртгэгдсэн нийт 5 вакцины үйлдвэрлэгч нартай холбогдож байна. Бүх нийтийн вакцинжуулалт хэзээ эхлэх хугацааг удахгүй зарлана. Ямар ч байсан нэгдүгээр улиралд вакцин орж ирнэ. Дэлхий нийтээр вакцинжуулалтаа эхлүүлчихлээ. Гэхдээ нөгөө талдаа Англи л гэхэд мутацид орсон коронавирусийн шинэ төрөл үүссэн.
"БЗД-ИЙН ЭМНЭЛЭГТ 248 ХҮНИЙГ ТУСГААРЛАСАН, 62 ТОХИОЛДЛЫН 12 НЬ ЭМЧ, 6 НЬ САХИУР БАЙСАН"
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:
-Өнөөдрийн байдлаар Баянзүрхийн дүүргийн нэгдсэн эмнэлгийн 62 тохиолдлын 12 эмч, 6 нь сахиур, 8 нь эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс. Үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс. Өнөөдрийн байдлаар Баянзүрхийн эмнэлэгт хэвтэж, ажиллаж байсан хүмүүсийн дунд эрсдэлийн үнэлгээ хийгээд шилжүүлэх, тусгаарлах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор 248 хүн Баянзүрхийн эмнэлэгт тусгаарлагдаад байна.
15 САЛБАРЫН АЖИЛТНУУД АВТОМАШИНЫ QR КОДООР ЗОРЧИНО
Хатуу хөл хорионы хугацаанд нийтийн тээвэр хэвийн үргэлжилнэ. Мөн зөвшөөрөлтэй такси үйлчилгээ иргэдэд үйлчлэх юм байна. Ингэхдээ зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, зорчих хүмүүс өмнө нь олгосон шиг QR кодоор замын хөдөлгөөнд оролцох юм байна. Өмнө нь олгосон QR дээр нэмж, хүүхэд хамгаалал зэрэг нэмэгдсэн салбаруудын автомашинд QR код нэмж олгох юм байна. 900 нийтийн тээвэр, 800 такси үйлчилгээнд гарна. Бид нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаас өөр аргагүй. 40-50 мянган хүнд нийтийн тээвэр үйлчлэх хүчин чадал бий.
Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм. Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код олгоно. Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх юм байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино.
"ЭНЭ САРЫН 23-ААС ӨМНӨ НЬ ХАЛДВАРГҮЙ БҮСЭЭС ИРЭХ МАШИНУУД ЧӨЛӨӨТЭЙ НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТЭРЧ БОЛНО"
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах вэ ?
Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар:
-Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хаалттай. Өмнө нь PCR шинжилгээний хариутай хүмүүс гардаг байсан. Одоо бол зөвхөн хүнс тээвэрлэх машин л явна. Ирэх арванхоёрдугаар сарын 23-аас өмнө нь халдваргүй бүсээс ирэх машинууд чөлөөтэй нийслэл рүү нэвтэрч болно. Өмнөх 30 хоногийн хөл хорионы үеэр давхардсан тоогоор 500 мянган шинжилгээ хийсэн. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр шинжилгээгээ өгөөд сөрөг гарсан хүн эмнэлэгт хэвтэхдээ дахиад шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Гэвч гурав дахь удаагийн шинжилгээгээр энэ суурь уушгины өвчтэй хүүхэд дээр илэрлээ. Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтооно гэж байсан боловч тус дүүргийн эмнэлгээс гарчихсан 76 хүн байсан. Тэр хүмүүс дундаас найм нь халдвартай гарлаа. Тэгэхээр энэ хүмүүс эмнэлгээр гараад гадуур явсан байж л таараа.
-Халдварыг өмнө нь цурманд оруулсан гэж байсан. Гэвч өнөөдөр Баянзүрх дүүрэг шинэ голомт болчихлоо үү?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Цар тахлыг цурманд оруулах, коронавирусийг устгана гэдэг хоёр өөр ойлголт. Өмнө нь өдөрт дээд тал 47 илэрч байлаа. Үүний дараа нэг, хоёр илэрдэг болсон. Ойрын хавьтлуудыг олж шинжилгээнд хамруулж өмнө нь бол тархалтыг хумиж чадсан. Одоо бол шинэ голомт үүссэн. Бид ойрын болон хоёр дахь хавьтлуудыг олж тогтоох боломж байлаа. Гэвч энэ удаад эмнэлгээс илэрлээ. PCR-ийн шинжилгээнд хамрагдсан хүн эмнэлэгт хэвтэж халдвар тараалаа. Үүнийг нь цааш тараахгүйн тулд энэ арга хэмжээг авч байна. Аймгуудад сүүлийн хэд хоног халдвар илэрсэнгүй. Анхны голомтуудыг бол хумиж чадсан. Одоо энэ голомтыг гадагшаа алдахгүйн тулд энэ арга хэмжээг авч байна. Улаанбаатар хотод 415 мянган өрхөд “Нэг өрх-нэг шинжилгээ” аяныг зохион байгуулах нь утгагүй. Учир нь голомт нь тодорхой байгаа учир 1500 хүнд PCR шинжилгээ хийгээд хүмүүсийг тогтоож байна. “Нэг өрх – нэг шинжилгээ” аяныг хүн бүрт хийхгүй.
-ХӨСҮТ-ийн цагдаа болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан баг гарч, шалгалт явуулсан гэсэн. Энэ шалгалтын хариу юу болсон бэ?
-ХӨСҮТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн устгал, бохир цэвэр усны шугамтай холбоотой асуудлууд бий. ЦЕГ-ын дарга С.Баатаржаваар ахлуулсан баг ХӨСҮТ-д орж ажилласан. Энэ баг дүгнэлтээ танилцуулсан. ХӨСҮТ-д зохион байгуулалтын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналууд гаргасан. Сүүлийн нэг жилийн турш энэ байгууллага ачаалал ихтэй ажилласан. Зарим тасгийн усанд орох систем эвлэрсэн. Зарим цонх, хаалгыг солих шаардлага үүссэн. Ачааллыг бууруулах арга хэмжээ авч байна. Эрүүл мэндийн сайдад үүрэг өгсөн. Энэ долоо хоногийн сүүлчээр энэ эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллана гэв.
"УУЛ УУРХАЙН АЖИЛЧДЫГ 21 ХОНОГООР ЭЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА"
-Тусгаарлах байрнуудын хүрэлцээ хэр байгаа вэ?
Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар:
-Тусгаарлах байрны хүрэлцээ муу байна. Зун 100 гаруй тусгаарлах байр байсан бол одоо их муу байна. Дотоод нөхцөл байдал гайгүй болохоор нь иргэдээ татан авсан. Сөүлийн 250 хүн ирэх нислэгийг цуцалж байгаа. Эхлээд дотоодын нөхцөл байдлаа зохицуулаад гадаадаас хүмүүс авчирна. Тэр болтол хүмүүсээ авч чадахгүй. Нэг өрөөнд нэг хүн, нэг өрх гэсэн журмыг тусгаарлах байранд баримталж байгаа. Тусгаарлах байрны харуул хамгаалалт, хяналтыг чангатгах хэрэгтэй байна. Шалгуур тавьж, шалгуурыг хангасан тусгаарлах байрнуудын ашиглахыг илүүд үзэж байна. Одоогоор хүрэлцээ сайн байгаа ч цаашид тэсэхгүй байх.
-Уул уурхайн ажилчид хэрхэн ээлжээр ажиллах вэ?
-Уул уурхайн 4900 гаруй ажилчид ээлж сольсон. Ээлж солиод 10 хонож байна. Одоогийн ээлж нь 21 хонох ёстой. Нүүрс, зэсийн импорт чухал учир дотоодын цэргийнхэн Өмнөговьд очиж хяналт тавьж байгаа. PCR-ийн шинэ шинжилгээний төв тэнд байгуулагдсан.
-Зөвшөөрсөн 15 байгууллагын дотор багтаж буй банк, өмгөөллийн газрууд дээр чинь хүмүүс үйлчлүүлэх гэж очно шүү дээ. Энийг яаж зохицуулах вэ?
-Шүүх, банк өмнө нь ч гэсэн ажиллаж байсан. Өмнө нь хүмүүс өмгөөлөгчгүй шүүх хуралдаа оролцож байсан учир прокурор өмгөөллийн байгууллагын ажиллагааг нээсэн. Банкууд онлайн ажиллаж хэрэгтэй тохиолдолд тусгай өрөөнд иргэдэд үйлчилнэ. Энэ байгууллагууд ямар цагийн хувиараар ажиллахыг өөрсдөө шийднэ. Гол нь бөөгнөрөл үүсгэхгүй бай л гэсэн шаардлагыг тавьж байгаа.
-Халдвар тархчихсан байхад яагаад заавал арванхоёрдугаар сарын 23-аас хөл хориог эхлүүлээд байгаа юм бэ?
-Хугацааны хувьд Лхагва гаригт эхлүүлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй судалгаан дээр үндэслэн нийт масс дотор халдвар тараагүй учир ингэж байна. Хөл хорио буцаагаад тавихад нэг хүн 1.5 хүнд халдвар тараах эрсдэлтэй болсон. Хөл хорионы үед 1-ээс бага хувьтай байсан.
"ХАДВАР АВСАН ХҮМҮҮСИЙГ ХӨСҮТ, ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ, ЯАРМАГИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧИЛЖ БАЙГАА"
-Баянзүрхийн эмнэлэгт өөр дүүргийн хүмүүс хэвтэж байжээ. Харьяалал өөр хүмүүс өөр дүүргийн эмнэлэгт хэвтээд байна. Энэ тал дээр зохицуулалт байна уу?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Дүүргийн эмнэлгүүд нийслэлийн харьяанд байдаг мөн Баянзүрх дүүргийн эмнэлэг хувьчлагдсан болохоор ямар хүмүүсийг авахаа өөрсдөө шийднэ.
Эмнэлгүүдийн эргэлтийг хэрхэх вэ?
-Сахиуруудыг хянах боломжгүй. Эмнэлэгт хэвтэх гэж байгаа бүх хүмүүсээс л PCR шинжилгээ авч байгаа. Эргэлтийг бид хязгаарлаж байгаа. Хувийн эмнэлгүүд эргэлт орж гарч байсан тохиолдлууд байсан.
14 хоногоор хөл хориог сунгахаар тархалтыг барьж чадах уу?
-14 хоногийн нууц үеийн хугацааг дуустал хөл хориог сунгах санал гарсан. 14 хоногийн дараа дахиад сунгахгүй гэж хэлж чадахгүй.
-Мутацид орсон коронавирусийн халдвар авсан хүмүүс зөөвөрлөгдөөд ороод ирсэн юм биш биз дээ. Сая Франкфуртаас нислэг ирлээ?
-Вирусийн төрлийн хувьд аль улсын вирус орж ирсэн бэ гэдгийг тогтоохгүй байгаа. Европоос ирсэн хүмүүс тусгаарлах байранд байгаа учир халдвар тараах эрсдэл бага байгаа. Манай улсад орж ирсэн вирусийг Ухань хотын вирус уу, үгүй гэдгийг хэлж чадахгүй.
-Эмч нар халдвар аваад эдгэрч байна. Ер нь эмч нарын нөөц бололцоо ямар байгаа вэ?
-Баянзүрхэд л гэхэд 12 эмнэлгийн ажилчид халдвар авсан. Бидэнд хүний нөөцийн хангамж бий. Халдвар хамгааллын дэглэм барих тал дээр сургалт явуулсан. Цаашид хүний нөөцийн хомсдол эмнэлэг ачааллаа даахгүй тохиолдол гарахгүй бол хэвийн.
-Орны нөөц бололцоо хэр байгаа вэ?
-Орны хувьд халдвар авсан хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэгт эмчилж байгаа. Яармагийн эмнэлэгт 500 ор бэлдсэн байгаа.Орны нөөц хүрэхгүй гэх шалтгаан алга. ХӨСҮТ-ийн зүгээс хөнгөн хүмүүсийг Яармаг руу шилжүүлж байна. Одоо ХӨСҮТ-д хүнд болон хүндэвтэр 18 хүн байна. 14-өөс дээш хоносон хүмүүс халдвар тараах эрсдэл бага. Зөөвөрлөх явцад халдвар тараах эрсдэл тун бага. Эмч, эмнэлгийн ажилчдын орчин нөхцлийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Одоо бид ариутгал болон зохион байгуулалтын өөрчлөлтийг ХӨСҮТ-д хийж байна.
-Эмч нар ачааллаа даахгүй халдварыг алдсан гэнэ. Энэ үнэн үү?
-Орны даац хэтэрсний улмаас эмч эмнэлгийн ажилчид халдварыг алдсан гэж хэлж болохгүй. Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байж магадгүй гэх дүгнэлт ХӨСҮТ дээр гарсан.
"МАХ, ГУРИЛЫН НӨӨЦ БИЙ"
Хүнсний хэрэгцээ огцом нэмэгдэж байна. Манай улсад хүнсний хангамж бий юу?
ХХААХҮ-ны сайд З.Мэндсайхан:
-Мах, гурил, будааны нөөц бий. Өндөг нэг хоногийн нөөцтэй байна. БНХАУ-аас ирдэг хүлэмжийн ногооны импорт бүрэн зогссон байгаа. Цаад талд хүнсний ногооны наад талд махны импортын бөөгнөрөл үүсээд байна. Өндөгний хувьд дотоодын үйлдвэрлэгчид 500-550 мянган өндөг өдөр бүр нийлүүлж байгаа. ОХУ-аас өнөөдөр л гэхэд дөрвөн вагон өндөг орж ирсэн. Гэвч хэрэглээгээ дийлэхгүй байна. Найман вагон өндөг наашаа гарсан. Хөл хорио тогтоосон ч хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана.
"СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХ ЭСЭХИЙГ НОК ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ"
-Хүргэлтийн үйлчилгээ цааш ямар зохицуулалтаар явах вэ?
Нийслэлийн Засаг Даргын орлогч Ж.Сандагсүрэн:
-Хүргэлтийн үйлчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.
-Хувийн машинаараа явж болохгүй юу. Автобус цэнэглэх түцнүүд ажиллахгүй байгаа?
-Автобусны картыг бусад цахим аргаар цэнэглэж болно. Хэрэв үнэхээр чадахгүй бол тодорхой газруудад цэг нээнэ. Жолоочтой бэлэн мөнгөөр харьцаж болохгүй. Хэрэв мөнгө нэхвэл бид хатуу арга хэмжээ авна.
-Согтууруулах ундааг хүмүүс нөөцөлж байна гэнэ. Энэ тал дээр зохицуулалт хэзээ гарах вэ?
-Энэ асуудлаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргана.
🔴 ШУУД | Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Monday, December 21, 2020
Холбоотой мэдээ