Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, нийслэлийн гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн өнгөрсөн оны аравдугаар сараас хойш агаарын бохирдол буурсан эсэхэд уйгагүйгээр хяналт тавьдаг болсон хүний нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд юм. Хамгийн сүүлд тэрбээр “Улаанбаатар яг одоо агаарын бохирдлоороо дэлхийд 4-т явна. Шахмал түлшний олон тэрбумын үйлдвэр барьсан даа, үр дүн иймэрхүү” гэж жиргэсэн нь цахим ертөнцийнхнийг хоёр талцуулав.
Хэдэн жилийн өмнөөс З.Энхболдтой үзэлцэж ирсэн Л.Наранбаатар түүний энэхүү жиргээнд хариу болгон “Утаа харахаараа л баярладаг хүндээ манай энэ” гэж өдсөн бол жиргээч Ц.Баяр “Энхболд даргын үед дэлхийд 1-т явдаг байлаа шүү дээ, одоо басчиг 3 байр ухарна гэдэг том амжилт шүү” гэв. Харин Dadо@Dado_2001 “Энэ утааны эхүүн үнэртэй хар саарал тоосонцор ямар хөнөөлтэй юм байгаа бол, судалж байгаа эрдэмтэн судлаачид буй болов уу. HBO дээр Dark Waters гээд болсон амьдралаас сэдэвлэсэн кино гарч байна. Энд нийтийн эрүүл мэндэд санаа зовох ёстой болохоос улстөржих, толхилцох сэдэв биш! гэсэн юм.
Сovid-19 цар тахал дотоодод алдагдаж, хөл хорио тогтоосон цагаас эхлээд Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол өмнөх жилийнхээс эрс өсөв үү гэдэг асуудлыг иргэд хөндөх болсон. Учир нь хөл хорионы улмаас иргэд гэртээ гол төлөв байх болсон. Сургууль, цэцэрлэг ажиллах боломжгүй тул хүүхдүүд гэртээ голдуу байгаа. Энэ нь түлшний хэрэглээг эрс нэмэгдүүлж, агаарын бохирдол үүсгэж байна гэж үзэх болсон. Зарим өдөр иргэд байрныхаа цонхыг нээж, агаар оруулъя гэвч түлшнийх нь үнэр үү, төв цэвэрлэх байгууламжийнх нь үнэр үү эвгүй үнэр үнэртэх болсноос орон гэртээ агаар оруулах боломж ч хомс болсон.
Мөн иргэд түлшгүйгээс түүхий нүүрс, дугуй түлж агаар бохирдуулаад байгаа юм биш биз гэх хардлага ч гарч байгаа. Харин албаныхан “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад түүхий нүүрс түлэх зөрчил 50 хувиар буурсан. Агаарын бохирдол ч буурсан” гэдэг тайлбар хийж буй билээ.
Алс хэтдээ Монгол Улс дотоодоосоо эрчим хүчээ 100 хувь хангахад анхаарч, шинэ эх үүсвэртэй болох том зорилго тавихгүй бол сайжруулсан түлшээр агаарын бохирдлыг бууруулах боломж хомс гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллынхны тодорхой хувийг орон сууцжуулах, мөн амины сууцаа цахилгаанаар халаахад ачаалал үүсдэггүй байх боломж бүрдүүлэх шаардлага тулгарав.
УБ яг одоо агаарын бохирдлоороо дэлхийд 4-т явна, шахмал түлшний олон тэрбумын үйлдвэр барьсан даа, үр дүн иймэрхүү.
Posted by Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold on Sunday, December 20, 2020
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ