АНУ-ын Юта мужийн хүн амьдардаггүй алслагдсан цөлд эрх баригчид аргалийн тоо толгой тогтоохоор ажиллаж байгаад арваннэгдүгээр сарын 18-нд нэгэн хачирхалтай металл хөшөө олж илрүүлсэн билээ. Эхэндээ тус хөшөөг 2016 оны аравдугаар сараас хойш тэнд байгаа хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Гэвч 9 хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 27-нд тус хөшөө учир битүүлгээр гэнэт алга болсон юм. Юта мужийн хөшөө алга болсон тэр өдөр Румынд хоёр дахь ижил хөшөө гарч ирээд, таван өдрийн дараа буюу арванхоёрдугаар сарын 2-нд буцаад алга болсон билээ. Румыны хөшөө алга болохтой зэрэгцэн тэр өдөртөө гурав дахь хөшөө Калифорнид гарч ирсэн юм.
Ийнхүү эхний гурван металл хөшөө гарч ирээд, хэдхэн хоногийн дараа алга болсон үйл явдлуудаас хойш нэг сарын хугацаанд дээрх явдал олон давтагдаж, дэлхийн олон оронд багадаа л 87 ижил хөшөө гарч ирсэн байна.
Хөшөөнүүдийн талаар элдэв таамаг, тэр байтугай харь гарагаас ирсэн биет гэх цуу яриа цахим орчинд хурдтай тархаж, хүмүүсийн гайхшралыг төрүүлсээр хэдэн долоо хоног болсон билээ. Гэтэл удалгүй уран бүтээлчид өөрсдийгөө илчилж эхэлснээр нууцлаг хөшөөнүүдийн нууц тайлагдсаж эхэлсэн юм.
“Энэ хөшөөнүүд үнэхээр гайхалтай. Надад энэ бүхэн таалагдаж байгаа. Энэ яг л ухаалаг ёгтлол шиг. Хэрвээ утгыг нь сайн ойлговол энэ хөшөөнүүд 2020 оны тухай маш их юм өгүүлж чадна. Би тэдний заримыг нь хийсэн юм” хэмээн алдартай уран бүтээлч Алекс Аполлонов ярьжээ. Тэрбээр найз Алекса Вуловик болон хошин урлагийн Арти Донна бүлэглэлтэй хамтран Австралийн Мельбурн дахь хөшөөг бүтээжээ.
Мөн Калифорнийн Атаскадеро дахь хөшөөг бүтээсэн Травис Кенни “Бүгд л энэ хөгийн байдлаас залхаж байна. Харин энэ бүтээл манай хотынхонд их таалагдсан” хэмээн ярьсан байна. Кенни болон түүний найз Уэйд МакКензи нар Калифорнийн буюу гурав дахь хөшөөг уулын орой дээр байрлуулахдаа маш ихээр догдолж байсан гэнэ. Учир нь 2001 оны Space Odyssey кинон дээр яг ижил гурван металл хөшөө гардаг аж.
Гэвч эдгээр бүх хөшөөнүүдийн нэгээс бусдыг нь гарч ирснээс хэдхэн хоногийн дараа албадан буулгасан юм. Харин Техасын Сан Антонио дахь тэжээвэр амьтан үрчлүүлэх төвийн гадаа боссон нэгэн хөшөө одоог хүртэл байрандаа байсаар байна. Учир нь хөшөөнөөс болж тус төвийг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн нь хөшөөг байранд нь үлдээх шалтгаан болсон бололтой. Төвийн эзэн Жоел МакЛеллан “Энэ хөшөөний талаар анх сонсоод би маш их гайхсан. Бид хэн үүнийг бүтээснийг, хэр удаан энд байлгахыг мэдэхгүй. Гэхдээ бидний зүгээс энэ хөшөөг албадан буулгах үйл ажиллагаа хийхгүй” хэмээн ярьжээ.
Мөн Калифорнийн Кенни, Маккензи хоёр өөрсдийн хөшөөгөө хоёр дахь хэзээ ч буцаж буухааргүй хөшөө болгох гэж байгаа аж. Тэд өөрсдийн бүтээсэн металл хөшөөг өмнө нь байрлуулсан уулынхаа орой дээр дахин албадан буулгахааргүйгээр байршуулах зөвшөөрлийг хотын дарга Хитер Мореногоос авсан гэнэ.
Гэвч зарим уран бүтээлчдийн хэлж байгаагаар одоохондоо хүмүүст анзаарагдаагүй байгаа хэд хэдэн металл хөшөөнүүд өөр олон газарт бий гэнэ. Мөн зарим уран бүтээлчид ажлаа үргэлжлүүлэн хийж, дахин олон газарт хөшөө байрлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ