Хөл хориог сулруулсан орнууд хяналтаа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөл хориог сулруулсан орнууд хяналтаа алдаж байна

Хөл хориог сулруулсан орнууд хяналтаа алдаж байна

Дэлхийн ихэнх улс орнууд хөл хорионы дэглэмээ сулруулж,  covid-19 цар тахалтай зэрэгцэн амьдрахыг илүүд үзээд байсан билээ. Вакцины сураг ч дуулдаж, хүмүүс ерөнхийдөө тайвширч байв. Гэтэл энэхүү цар татал хүмүүсийн санасан шиг зэрэгцээд амьдрахад дэндүү аюултайг хатуу хөл хорио тогтоогоогүй, хөл хориогоо сулрууулсан, цар тахлыг үл ойшоосон улсуудын жишээнээс харж болохоор байна.

ӨМНӨД СОЛОНГОСТ ДӨРВӨӨС ДЭЭШ ХҮН ЦУГЛАРАХЫГ ХОРИГЛОВ

Өмнөд Солонгос, Япон улсууд цар тахлын гурав дахь давлагаа эхлээд байгаа билээ. Эдгээр улсуудад нөхцөл байдал харьцангуй тайван байсан ч сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрчимжиж байна. Өмнөд Солонгост гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 1097 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Нийслэл Сөүл хотод эмнэлгийн орны хүрэлцээ муудаж эхэлсэн тул ачааны чингэлэгт ор засч, түр эмнэлэг барьж байгаа юм. Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг шоронд халдварын томоохон голомт илэрч, 184 хоригдол, нэг ажилтнаас covid-19 халдвар илэрчээ. Энэхүү шоронд авлигын хэргээр ял эдэлж буй Ерөнхийлөгч асан И Мюн Бак хоригдож байгаа ба түүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Цар тахлыг амжилттай дарж чадлаа хэмээн дэлхий нийтэд жишиг болж байсан энэ улсад өдгөө гурав дахь давалгаа эхэлж, хатуу хөл хорио тогтоож болзошгүй байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин халдварыг хязгаарлах ажилд цэрэг, цагдаагийн хүчийг дайчлах шийдвэр гаргасан юм. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг унасаар 37 хувьтай болжээ. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 50 мянга давж, нас барагсдын тоо 674 болжээ.

Өмнөд Солонгост халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, эрчимт эмчилгээний орны дутагдалд орж байгаа тул Сөүл болон ойролцоох бүсүүдэд хөл хорионы дэглэмийг чангатгаж, нэг дор дөрвөөс дээш хүн цуглахарыг хориглох шийдвэрийг дөнгөж сая гаргажээ.

ЭДИЙН ЗАСГАА АВРАХЫН ТУЛД ХӨЛ ХОРИО ТОГТООГООГҮЙ ЯПОН УЛСАД БАЙДАЛ ХҮНДРЭВ

Сүүлийн үед цар тахлын нөхцөл байдал хүндэрч буй улсуудын нэг бол Япон улс. Япон улсад нэг өдөрт илрэх халдварын тохиолдол мөн л өмнө нь байгаагүй дээд хэмжээндээ хүрч, өдөрт багадаа 2800 тохиолдол илэрч байна. Улсын хэмжээнд нийтдээ 195 мянган хүн Сovid-19 авч, 2800 гаруй хүн нас бараад байгаа юм. Ийнхүү цар тахал эрчимжсэний улмаас Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн рейтинг 20 хувиар буураад байна. Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон эхний гурван сарын хугацаанд түүний рейтинг 70 орчим хувьтай байсан юм. Өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзогийн хувьд цар тахал эхлэхэд хилээ хаасан ч дотооддоо хатуу хөл хорио тогтоохоос зайлсхийсэн. Иргэд сайн дураараа амны хаалтыг маш сайн зүүж хэвшсэн ч энэ нь тийм ч их тус болсонгүй.

Долдугаар сард тус улсын эрх баригчид эдийн засгаа хүндрэлээс аврахы тулд дотоодын аялал жуулчлалыг сэргээж, иргэдээ аялаж эдийн засгаа эргэлтэд оруулахыг уриалсан. Магадгүй энэ нь тус улсад халдварын шинэ давалгааг эхлүүлэх үндэс болсон байж магадгүй гэж иргэд шүүмжилж байна. Мөн тус улс хатуу хөл хорио тогтоохоос зайлсхийж байсан гол хүчин зүйлүүдийн нэг бол амиа хорлолт. Японд зөвхөн аравдугаар сард амиа хорлосон хүмүүсийн тоо covid-19-ийн улмаас амиа алдсан хүмүүсийнхээс давсан байна. Амиа хорлолтын гол шалтгаанууд нь ажил, орлогогүй болох, бизнес нь дампуурах гэж судлаачид үзэж байна.

МУТАЦИД ОРСОН КОРОНАВИРУС ЕВРОПЫН ОРНУУДАД ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА

Их Британийн зарим бүс нутгуудад коронавирусийн шинэ төрөл маш хурдтай тархаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү шинэ төрөл зүйлийн коронавирусийн өвчлөл Европын өөр хэд хэдэн оронд бүртгэгдэж эхэлжээ.

Covid-19 өвчин үүсгэгч VUI-202012/01 хэмээх шинэ төрлийн вирус нь өмнөх өвчлөлүүдээс даруй 70 хувь хурдацтай тархаж, хүндрэх магадлал нь ч өндөр байгаа гэнэ. Иймд Ирланд, Герман, Франц, Итали, Нидерланд, Бельги зэрэг улсууд Их Британийн чиглэлийн нислэгүүдээ зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Европын Холбооны удирдлагууд өнөөдөр /2020.12.21/ хуралдаж, нэмэлт арга хэмжээ авах талаар хэлэлцэх юм байна.

Шинэ төрлийн мутацид орсон коронавирусийн тархалт Их Британид хяналтаас гарч байгаа тул тус улсын эрх баригчид нийслэл Лондонд хатуу хөл хорио тогтоож, Зул сарын баярын арга хэмжээг хумих шийдвэр гаргажээ. Иргэдийг Зул сарын баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, айлаар зочлохгүй байхыг анхааруулж байна. Энэхүү шинэ хувилбар анх есдүгээр сард бүртгэгдэж, арваннэгдүгээр сар гэхэд Лондон хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын дөрөвний нэг орчимд илрэх болжээ. Уг шинэ хувилбар нь Их Британиас гадна Дани, Нидерланд, Австрали, Италид илрээд байна.

ХӨЛ ХОРИОГ ҮЛ ОЙШООСОН УЛСУУД ШАНГАА ХҮРТЭВ

Шинэ Зеландад цар тахлын халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн. Улмаар гуравдугаар сарын дунд үед хүн амын дунд халдвар тархаж буй нь илт болсон бөгөөд Шинэ Зеланд улс вирусийн тархалтыг хязгаарлах хэмжээний шинжилгээ болон хавьтлын илрүүлэлтийн хүчин чадал хангалтгүй гэж дүгнэн, шийдвэр гаргагчид шинжлэх ухаанд суурилсан нөлөөллийн үр дүнд халдварыг зөвхөн барих бус, устгах стратеги рүү шилжсэн байна. Тиймээс гуравдугаар сарын 26-нд улс даяар тогтоосон хөл хорио таван долоо хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурсан. Үүний дараа бэлэн байдлын түвшинг нэгээр бууруулан, хоёр долоо хоносон бөгөөд Шинэ Зеланд улс бүхэлдээ долоон долоо хоногийн турш хүн бүр гэртээ байж халдварыг хязгаарласан байна.

Швед улс нь Covid-19 өвчлөлийн эсрэг эрт, идэвхтэй арга хэмжээ аваагүй цөөн орны нэг бөгөөд тэд иргэддээ ямар нэгэн албан шаардлага, хөл хорио тавилгүй зөвхөн зөвлөгөө, санамж өгөх байдлаар хандсан. Энэхүү арга нь сүүлийн хэдэн сар олон маргаан, хэлэлцүүлгийн үндэс болж буй боловч одоогийн байдлаар Швед нь зөвхөн өндөр хөгжилтэй орнууд дунд төдийгүй дэлхийд хамгийн өндөр нас баралтын түвшинтэй орнууд дунд багтаж байна.

Тус улсад цар тахлын үеэр баар, ресторан, биеийн тамирын заалууд нээлттэй байсан төдийгүй олон нийтийн газар амны хаалт заавал зүүхийг шаардаагүй. Шведийн эрх баригчид амны хаалт нь Covid-19-ийн тархалтыг бууруулахад тийм үр нөлөөгүй гэж үзэж байсан юм. Энэ үзэл нь цар тахлын эхэн үед Европын олон оронд түгээмэл байсан боловч бусад засгийн газрууд шийдвэрээ хурдан өөрчилж, олон нийтийн газар амны хаалт зүүхийг үүрэг болгож эхэлсэн.

Эх сурвалж: BBC, CNN, CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж