Танхимын сургалт, хүүхдийн хүмүүжил хоцрогдож байна

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Танхимын сургалт, хүүхдийн хүмүүжил хоцрогдож байна

Танхимын сургалт, хүүхдийн хүмүүжил хоцрогдож байна

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэг  өнөөдөр /2020.12.21/ болж байна. Уг хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, багш, эцэг эхчүүд оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна” хэмээн онцолсон. Тэрбээр эцэг эх, багш нар, боловсролын салбарынханд хандаж сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил хоцрогдох болсныг анхаарууллаа. Хүүхдийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэх, бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад багш, эцэг эх, нийгмээрээ анхаарал хандуулах цаг нь болсныг сануулав.

                   ЭХ ОРОН, ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХҮНДЭЛДЭГ ЭРЧҮҮДИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЁСТОЙ

Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ: 

-Миний бие өнөөдрийн хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын зүгээс бас эцэг хүний хувьд оролцож байна. Бид хүүхдүүддээ боловсрол олгохын сацуу хүмүүжүүлэх том үүргийг хүлээдэг. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил их хоцрогджээ. Багш хүүхдэд боловсрол олгох, сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх үүрэгтэй гэж үздэг. Ялангуяа сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх шаардлагатай.

Тэр дундаа хөвгүүдээ бид онцгой анхаарах цаг нь иржээ. Эх орондоо хайртай, эцэг эх, эмэгтэй хүнийг хүндэлдэг эрчүүдийг төлөвшүүлэх ёстой. Үүнд анхаарах зайлшгүй шаардлагатай. Сургалт, хүмүүжил хоёр бол нэгдмэл зүйл. Улсаа хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнээ хөгжүүлье гэвэл багшийг хөгжүүлэх хэрэгтэй. Багшийн үнэлэмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай.

Энэ бол зайлшгүй чухал асуудал юм. Засгийн газрын "Хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэл юм. Одоогоос хоёр жилийн өмнө багш нарын долдугаар их хурлыг зохион байгуулж боловсролын салбарт тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж байсан. Энэ үеэс боловсролын багц хуулийг шинэчлэх тухай асуудлыг ярьж, шийдвэрлэж, анхаарал хандуулсныг тодотгоё. Боловсрол бол хүний хөгжлийн суурь, сайхан амьдралын үндэс түлхүүр болдог. Боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн Монгол Улсын иргэний ёсзүй, мэдлэг чадварт анхаарах эргэлт болсон нь эргэлзээгүй. Үүнийг бид улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, өнөөдөр хэлэлцэж байна. Боловсролын тухай хуульд,

  • Боловсролын зорилгыг хөгжлийн үндсэн шалгуурт нийцүүлэх
  • Боловсролын агуулгыг суралцахаас суралцахуй руу чиглүүлэх
  • Боловсролыг улс төрөөс хараат бус байлгах
  • Боловсролын цахим болон зайны сургалтыг боловсронгуй болгох зэрэг шаардлагатай байна.

Хүүхдийн боловсролд анхаарах нь багш, эцэг эхчүүдийн үүрэг. Үүргээ ухамсарлаж байж амьдралын чанар сайжирна гэдгийг бодох ёстой.Эцэг эхчүүд сургууль, багш нартай хамтран ажиллах ёстой. Багш эцэг эхийн хамтын ажиллагаанд онцгой анхаарах шаардлага байна.Та бүхний санал, үнэтэй зөвлөгөө боловсролын салбарт хэрэгтэй байна гэлээ.

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлсэн.Санал асуулгад 56,617 хүн хандсанаас сургуулийн өмнөх боловсролын 4348, 10 гаруй ЕБС-ийн багш нар болон эцэг эхчүүд саналаа өгөөд байгаа юм байна. Уг хуулийн цахим хэлэлцүүлэгт боловсролын салбарт тулгамдаж буй асуудалд гарц шийдэл олоход салбарын төлөөллүүдийн санал бодлыг сонсч байгаа юм.

ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГАТАЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

УИХ-ын гишүүн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан,Спортын Байнгын Хорооны дарга Ж.МӨНХБАТ: 

-Боловсролын тухай хууль 2002 онд батлагдснаас хойш өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Энэхүү хууль батлагдснаас хойш 26 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Уг хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай.

Дэлхий нийтийн боловсролын чиг хандлага шинээр шат ахиж, чиглэл нь өөрчлөгдөж байхад бидний мөрдөж буй танхимын сургалт хоцрогдох хандлагатай байна.Цар тахлын үед зайнаас хичээллэх боломжтой гэдгийг жилийн хугацаанд харлаа.

Боловсролтой иргэн тухайн улс орны нүүр царай нь болж, хөгжлийг ачааг үүрдэг учраас бид дэлхийн боловсролын шинэчлэлд, чиг хандлагад хөл нийлүүлэх цаг нь болсон гэлээ.

БАГШ НАРААС ИРҮҮЛСЭН ХАМГИЙН ИХ ДАВТАГДСАН САНАЛУУДЫГ ХУУЛЬД ТУСГАСАН

Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.ГАНБАЯР:

-Өнгөрсөн арав хоногийн хугацаанд зохион байгуулсан цахим хэлэлцүүлэгт 21 аймаг, есөн дүүргийн нийт 5632 багш оролцож саналаа ирүүлсэн.Үүнээс хамгийн их давтагдаж, анхаарал хандуулах саналуудыг хуульд хэрхэн тусгасан тухай,

  • Боловсролын зорилго зорилтыг боловсронгуй болгох, мэдлэгээс илүү хүмүүжил, хандлага, төлөвшилд анхаарах
  • Сургалтын хөтөлбөр агуулгыг тогтвортой байлгах, шинжлэх ухаанд тулгуурласан байх
  • Зургаан настнуудыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх, зайлшгүй тохиолдолд долоон настай хүүхдийг сургуульд элсүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд хамруулах эрхзүйн орчныг бүрдүүлэх
  • Цаг үеийн гэнэтийн өөрчлөлтийн үед сургалтын хөтөлбөртэй байх гэсэн зарчмаар томъёолж байна.

Сурагчийн асуудлаар сургалтын орчныг сайжруулахад анхаарах шаардлагатай болохыг шүүмжиллээ.Мөн багш нарын нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар тэтгэврийн насыг эмэгтэй 50, эрэгтэй 55 болгох, цэцэрлэгт туслах багш нар ажиллуулах, багшийг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах чадвартай байхаар бэлтгэх зэрэг санал их давтагдлаа.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ, ҮДИЙН ЦАЙНЫ ХООЛНЫ ЗАРДЛЫГ  ЭЦЭГ ЭХ ТӨЛДӨГ БАЙХ ЁСТОЙ

Санал өгсөн багш нарын дунд үдийн цай, цэцэрлэгийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх хариуцаж байх, ЭЕШ-ийн босго оноог нэмэгдүүлэх, орон сууцны зээл, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэрэг санал  хамгийн их давтагджээ. Орон нутагт сургуулийн удирдлагууд, багш нарын зүгээс аймгийн төвөөс холгүй орших ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх нь оновчтой биш хэмээн үзжээ. Мөн Дорноговь аймгийн Боловсролын газраас удирдлага томилохдоо хамт олны саналыг авдаг байх, насан туршийн боловсролын багшийн ээлжийн амралтыг багш нарынхтай адилхан байлгах, алслагдсан сумдад ажиллаж байгаа багш нарт гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох, багш бэлтгэх сургуулийн төлбөрийг төрөөс даах, зэрэг саналыг гаргажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж