БНХАУ-ын хамгийн сүүлд бүтээсэн Шандун онгоц тээвэрлэгчээр удирдуулсан хөлгийн цуваа өчигдөр/2020.12.20/ Тайванийн эмзэг бүсэд нэвтэрсэн тул Тайванийн тэнгисийн цэрэг болон агаарын хүчин бэлэн байдалд шилжив. Түүнээс нэг өдрийн өмнө буюу энэ сарын 19-нд тус хэсгээр АНУ-ын дайны хөлөг онгоц явж өнгөрсөн юм. Энэ бол Хятадын хөлөг онгоцyууд өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж, ардчилсан дэглэмээр замнаж байгаа Тайваньтай үл ойлголцсоноос хойш эрэгт нь тун ойртож очсон анхны тохиолдол биш юм. Үүнээс өмнө ч гэсэн Тайвань удаа дараа БНХАУ-ын армийн сэжигтэй үйлдлүүдийн талаар гомдол мэдүүлж байлаа. Жишээлбэл, Хятадын армийн онгоцнууд үе үе Тайваньтай маш ойрхон нисч өнгөрдөг аж. Харин Бээжингийн зүгээс дээрх үйлдлүүдийг улсынхаа аюулгүй байдлыг хангах зорилготой сургуулилт хэмээн тайлбарладаг аж.
Тайванийн батлан хамгаалах яамны мэдээлснээр үйлдвэрлэгдээд нэг жил болж буй Шандун болон түүнийг дагалдсан дөрвөн хөлөг онгоц энэ сарын 17-нд Хятадын умард дахь Далайн боомтоос хөдөлсөн бөгөөд энэ сарын 20-нд Тайванийн эзэмшлийн бүсийг нэвтэрснээс хойш өмнөд зүгт чиглэн явсаар байсан аж. Харин БНХАУ-ын батлан хамгаалах яам тус үйл явдлын талаар тодорхой хариу хэлээгүй гэнэ. Өмнө нь Хятадын эрх баригчид энэ мэт усан онгоцны хөдөлгөөн нь өмнөд Хятадын тэнгист сургуулилт хийх зорилготой хэмээж байсан юм.
Хятадын энэ үйлдэлд хариу болгож Тайвань зургаан байлдааны хөлөг хамгаалалтад гаргаж, найман сөнөөгч онгоц хятад хөлгүүдийг ажиглахаар хөөргөсөн байна. Тайванийн батлан хамгаалах яам “Ард түмний нэгдмэл байдал, хүч чадлын үр дүнд бид эх орноо хамгаалахад хангалттай хүчтэй болсон. Бид ямагт эрх чөлөө, тусгаар тогтнолоо хадгалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах болно” хэмээн мэдэгджээ.
Хятадын хөлгөөс өмнө тус хэсгээр АНУ-ын хөлгүүд 12 дахь удаагаа сургуулилт хийхээр зорчсон аж. Харин Бээжингийн мэдээлснээр хятад хөлгүүд АНУ-ын хөлгүүдийг дагасан аж. Сүүлийн үед Бээжин АНУ-ыг Тайваньд ихээр тусалж, дэмжиж байгааг буруутгаж, хүчтэй шүүмжилсээр буй.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ