Татварын цахим шилжилт бизнесийн орчинд эерэгээр нөлөөлжээ | News.MN

Татварын цахим шилжилт бизнесийн орчинд эерэгээр нөлөөлжээ

Татварын цахим шилжилт бизнесийн орчинд эерэгээр нөлөөлжээ

Татварын цахим шилжилт бизнесийн орчинд эерэгээр нөлөөлжээ

Covid-19 цар тахлын улмаас дэлхий дахинаа маш том сорилт тулгарч, Монгол Улсын нийгэм, эдийн засагт хүнд нөхцөл байдал бий болоод байгаа билээ. Энэхүү хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх хариуцлагатай энэ цаг үед бизнесийг дэмжих, бизнесийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход улам илүү анхаарах шаардлага тулгарч буй юм.

Монгол Улсын эдийн засаг, газар зүй, бизнесийн салбар, бизнесийн хөгжлийн түвшинд нийцсэн, онцлогийг тусгасан “Бизнесийн орчин” судалгааны аргачлалыг МҮХАҮТ ба МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран 2017 онд боловсруулж, анхны судалгааг явуулсан бөгөөд гурван жил тутам явуулж байхаар тогтсоны дагуу 2020 онд хоёр дахь судалгааг хийжээ. Монголын Бизнесийн Орчин-2020 судалгааны тайлангийн удирдагчаар МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Даваасүрэн ажилласан байна. Тэрбээр өнгөрсөн Баасан гариг (2020.12.18)-т Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын гишүүдтэй цахимаар уулзаж, дээрх судалгааны талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөв.

Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал, хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий таван үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзжээ. Эндээс Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2.91 буюу “ДУНД” гэж үнэлэгдсэн байна. Энэ нь 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үнэлгээ 0.46 пунктээр дээшилж, бага боловч сайжирчээ.

Мөн бизнесийн орчны хүчин зүйлсээс сүүлийн гурван жилд хамгийн эерэг өөрчлөлттэй нь дэд бүтэц, технологийн орчин (0.69 пунктээр дээшилсэн) ба эдийн засгийн орчин, засаглал хууль эрх зүйн орчин хамгийн доогуур үнэлэгдсэн байна. Гэвч 2017 оны үнэлгээтэй харьцуулахад харгалзан 0.27, 0.38 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Бизнесийн ерөнхий орчны үнэлгээний таван үзүүлэлтийн хувьд Байгууллагын удирдлага, зохион байгуулалт (3.34), Технологи, харилцаа холбоо (3.28), Нийгмийн хандлага (3.26) үзүүлэлтүүд нь хамгийн өндөр буюу дундаас дээгүүр сайн талдаа эерэгээр үнэлэгдсэн байна. Харин Санхүүгийн зах зээл (2.51), Хүн ам зүйн орчин (2.51), Засгийн газрын институцийн тогтолцоо, уялдаа холбоо (2.60) үзүүлэлтүүд нь хамгийн бага буюу муу талдаа үнэлэгджээ.

 МОНГОЛ УЛСАД ШИНЭЭР БИЗНЕС ЭРХЛЭХЭД ХҮНДРЭЛТЭЙ

Бизнесээ шинээр эхлүүлж, зах зээлд нэвтрэх, бизнесийн үйл ажиллагааг холбогдох байгууллагад бүртгүүлэх, бизнес эрхлэхэд шаардагдах эрх, зөвшөөрөл авах үйл явцыг энгийн, хялбар, ойлгомжтой байдлыг тодорхойлох зорилгоор шинээр бизнес эрхлэхтэй холбоотой нөхцөл байдлыг 2 бүлэг, 10 дэд үзүүлэлтээр үнэлжээ. Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад шинээр бизнес эрхлэхэд хүндрэлтэй бөгөөд ялангуяа бизнесээ эхлүүлэхэд гарах зардал өндөр, шинэ бизнесийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөрөнгийн олдоц муу, бизнесээ эхлэх зөвшөөрөл авах процесс хүндрэл учруулсаар байна.

Шинэ бизнес эрхлэхтэй холбоотой нөхцөл байдлын үнэлгээ. Судалгаанд хамрагдсан ААН-үүд Монгол Улсад шинэ бизнес эхлүүлэх нөхцөл байдлыг маш хүндрэлтэй-18 хувь, хүндрэлтэй-37 хувь, дунд зэрэг-32 хувь, хүндрэл бага-10 хувь, хүндрэлгүй-4 хувь гэж үнэлж, 2.44 оноогоор шинэ бизнес эрхлэхэд хүндрэлтэй гэж дүгнэжээ.

Шинэ бизнес эрхлэхэд тулгардаг нийтлэг хүндрэл

Бизнесээ шинээр эхлүүлэхтэй холбоотой үзүүлэлтээс бизнесээ эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн олдоц (маш хүндрэлтэй 25%, хүндрэлтэй 44%), шинэ бизнес эхлүүлэхэд гарах зардал (маш хүндрэлтэй 19%, хүндрэлтэй 42%) ихээхэн хүндрэл үүсгэж байна. Үүний шийдэл нь гарааны бизнесийг дэмжсэн төрийн бодлого, шинэ бизнесийг санхүүжүүлэх орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүд байх боломжтой ч тэрхүү орчин нөхцөл бүрдээгүйг судалгааны үр дүн харуулж байна. Харин хуулийн дагуу шинэ бизнесээ эхлүүлэх процесс (ААН-ийн нэр авах, бүртгүүлэх, данс нээх, тамга тэмдэг гаргуулах гэх мэт) болон бизнесээ эхлэхэд зарцуулах хугацааг дундаж түвшинд үнэлжээ.

Шинээр бизнес эрхлэхийн тулд эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөл, зөвшөөрөл авах шаардлага тулгардаг бөгөөд бизнес эрхлэгчид энэхүү үйл явцыг 2.26-2.50 оноогоор хүндрэлтэй гэж үзсэн байна. Техникийн нөхцөл, зөвшөөрөл авахад олон бичиг баримт бүрдүүлж (57.7%), олон албан тушаалтны гарын үсэг цуглуулдаг (58.8%) нь зөвшөөрөл авахад зарцуулах хугацааг уртасгаж (58.2%), тэр хэрээр хүний хүчин зүйл буюу хүнд суртал (61.9%), авлига хээл хахууль (60.1%)-тай тулгарч байна. Энэхүү үр дүнгээс төрийн үйлчилгээг цахимжуулж, цахим шилжилт хийх шаардлага нэн өндөр байгааг харж болно.

Шинэ бизнес эрхлэхэд тулгардаг нийтлэг хүндрэлийн үнэлгээг 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад шинэ бизнес эрхлэхтэй холбоотой 10 дэд үзүүлэлтийн 8 нь 1-8 пунктээр буурсан буюу “маш хүндрэлтэй”, “хүндрэлтэй” хариултын хувь багассан нь тухайн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч, шинээр бизнес эрхлэх орчин сайжирч буйг илэрхийлж байна. Харин шинээр бизнесээ эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн олдоц улам хүндрэлтэй болж (7 пункт өссөн), техникийн нөхцөл авахад тулгардаг авлига, хээл хахуул нэмэгдсэнийг (4 пункт өссөн) онцгойлон анхаарах шаардлагатай болжээ.

Шинэ бизнес эрхлэхэд тулгардаг нийтлэг хүндрэлийн үнэлгээний 2017 ба 2020 оны харьцуулалт ("маш хүндрэлтэй", "хүндрэлтэй" хариултын нийлбэр, хувиар)

 ТАТВАРЫН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТААЛАМЖТАЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭВ

Монголын Бизнесийн Орчин-2020 судалгаанаас хамгийн их анхаарал татсан нь татварын цахим шилжилт бизнесийн орчинд эерэгээр нөлөөлсөн явдал юм. Татвартай холбоотой нөхцөл байдлын үнэлгээг (а) татварын орчин, (б) татварын тайлан бэлтгэх, тайлагнах үйл явц, (в) татварын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ гэсэн гурван дэд үзүүлэлтээр авч үзжээ. ААН-үүдийн 31.8 хувь нь татварын орчин тааламжгүй (маш муу, муу), 49.9 хувь нь дундаж, 18.3 хувь нь таатай (сайн, маш сайн) гэж дүгнэсэн бол татварын тайлан бэлтгэх, тайлагнах үйл явц болон татварын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг дийлэнх нь дундаж ба сайн гэж үнэлжээ.

Татвартай холбоотой нөхцөл байдлын үнэлгээ

Тайлбар: Багана дахь үнэлгээний утга 1-маш муу, 2-муу, 3-дунд, 4-сайн, 5-маш сайн

Татварын орчны үнэлгээг 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулбал татварын орчин тааламжгүй (маш муу, муу) гэж үнэлсэн хувь 25 пункт (2017 онд 57%), татварын тайлан бэлтгэх, тайлагнах үйл явц төвөгтэй (маш муу, муу) гэсэн хариулт 15 пункт (2017 онд 38%), татварын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ хангалтгүй (маш муу, муу) гэсэн үнэлгээ 15 пунктээр (2017 онд 41%) тус тус буурсан нь татварын орчны шинэчлэл бизнес эрхлэгчдэд тааламжтай нөлөө үзүүлснийг илэрхийлж байна.

Татвартай холбоотой нөхцөл байдлын үнэлгээний 2017 ба 2020 оны харьцуулалт ("маш муу", "муу" хариултын нийлбэр, хувиар)

Татварын орчин, татварын тайлагнал, татварын байгууллагын үйл ажиллагаанд өгсөн дундаж үнэлгээг ААН-ийн хэмжээгээр харьцуулбал өнөөгийн татварын орчинг бичил 2.78, жижиг 2.82, дунд том ААН-үүд 3.00 хэмээн үнэлж, ААН-ийн хэмжээ томрох тусам татварын орчны үнэлгээ өссөн байна. Түүнчлэн татварын тайлагналын үйл явцыг ААН-ийн хэмжээ томрох тусам илүү хялбар гэж дүгнэсэн бол татварын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээнд ААН-ийн хэмжээнээс хамаарсан үнэлгээ харьцангуй ойролцоо байжээ.

Татварын орчинтой холбоотой нөхцөл байдлын үнэлгээ, аж ахуйн нэгжийн хэмжээгээр

Тайлбар: Үнэлгээний утга 1-маш муу, 2-муу, 3-дунд, 4-сайн, 5-маш сайн

2017 оны бизнесийн орчны судалгаатай харьцуулахад Татварын байгууллагын үнэлгээ эрс сайжирсан буюу 2.4 пунктээс 3.01 болж 0.6 пунктээр өссөн эерэг үр дүн гарчээ. Энэ нь татварын байгууллагын цахим үйлчилгээний хөгжил сайн явагдаж байгаатай холбоотой байх магадлалтай бөгөөд татварын орчныг иргэдэд илүү нээлттэй, уян хатан, түргэн шуурхай болгосон нь бизнесийн орчин эерэг оноо авахад хүргэжээ гэж Монголын Бизнесийн Орчин-2020 судалгааны тайлангийн удирдагчаар МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Даваасүрэн онцоллоо. Харин Газрын алба, Барилга хот төлөвлөлт, Цагдаагийн байгууллагын үнэлгээ өмнөх 2017 оны үеэс тодорхой хэмжээнд буурсныг анхаарах хэрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-21 66.181.185.59

Aajmaar shiljmeer yum. Zuvhun evarimtiig barimt gej uzne geheer companyydiim huvid barimtaa avahad uneheer hetsuu,

Avatar

Зочин 2020-12-21 66.181.161.96

татварын тайлангийн систем заримдаа гацаад байдаг ч бусад байгууллагаас хамаагүй дээр шүү. Татвар руу очихгүй болоод амар болсон

Avatar

Зочин 2020-12-21 31.13.191.26

татвар хураах ажлаа төр сайн хийх нь аргагүй ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж