Өнөө цагийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг, Барселона багийн супер од Лионель Месси хувийн амжилтаа ахиулсаар байна. Өдгөө 33 настай Аргентин эр өнгөрөгч Бямба гаригт Валенсиа багийн эсрэг нэг гоол оруулж, нэг багийнхаа төлөө хамгийн олон гоол буюу 643 гоол оруулсан Пелегийн амжилттай зэрэгцэж ирлээ.
Хөлбөмбөгийн хаан гэгддэг Пеле 1956 оноос 1974 оны хооронд Бразилын Сантос багийн төлөө 643 гоол оруулж байжээ.
Лионель Месси Барселона багийн төлөөх анхны гоолоо 2005 онд оруулж байсан бол ийнхүү 748 тоглолтын дараа Пелегийн амжилттай зэрэгцэж ирж байна. Пеле Мессид баяр хүргэн “Зүрх сэтгэл чинь хайраар бялхах үед зам мөрөө өөрчлөхөд хэцүү байдаг. Чиний адилаар, өдөр бүр нэг багийнхаа өмсгөлийг өмсөх жаргалыг би мэднэ. Чиний адилаар, гэр шиг сайхан газар хаа ч байхгүйг би мэднэ. Чиний түүхэн амжилтанд баяр хүргэе, Месси. Гэхдээ хамгийн гол нь Барселона дахь гайхалтай замналд чинь баяр хүргэе. Бидэн шиг нэг багийнхаа төлөө олон жил хүчин зүтгэдэг жишиг өнөөгийн хөлбөмбөгт харамсалтай нь ховордох боллоо. Чамайг үнэхээр биширч байна, Месси” хэмээжээ.
Харин Лионель Месси хариуд нь “Гайхалтай зурвас илгээсэнд баярлалаа, Пеле. Үнэндээ тань шиг агуу хүнээс ийм утгатай зурвас авна гэдэг гайхалтай байлаа. Халуун, дулаан тэврэлт илгээе” хэмээн өөрийн инстаграм хуудаснаа бичжээ.
Барселона багийн хувьд Валенсиа багтай 2-2 гэсэн харьцаатай тэнцсэн бөгөөд одоогоор Испанийн Ла лигийн хүснэгтийн тавдугаар байранд бичигдэж байна. Лионель Мессигийн Барселона багтай байгуулсан гэрээ ирэх 2021 оны зургадугаар сард дуусах хэдий ч ирэх нэгдүгээр сарын өвлийн солилцоо наймааны цонхоор түүнд нэр бүхий багуудаас санал тавих сураг дуулдаж байна.
Мессиг Пелетэй энэ зэрэгцэж байх хойгуур нөгөө талд Кристиано Роналдо Пелегийн бас нэгэн гайхалтай амжилтыг эвдэхээр чимээгүй урагшилсаар байна. Өдгөө 35 настай тэрбээр өнгөрөгч амралтын өдөр Италийн Сериэ-А лигийн 13-р тойргийн хүрээнд Парма багийн эсрэг хоёр гоол оруулж, Пелегийн тогтоосон тамирчны замналдаа хамгийн олон гоол буюу 767 гоол оруулсан рекордыг эвдэхэд тун ойртлоо.
Холбоотой мэдээ