“Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч, хөгжим, ая зохиогч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэсэн талаар өмнө нь мэдээлсэн. Түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг рок попын уран бүтээлчид хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-нд “UB Palace”-ын концертын их танхимд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон.
Сүүлийн 30 жил урлагийн тайз, уран бүтээлээс холдсон тэрбээр автомашины осолд орсон тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байв. Тэрбээр “Дахиад ганцхан удаа тайзан дээр гарчхаад нүд аних юмсан” гэж үзэгч түмэндээ хэлж бaйсан билээ.
Өдгөө Д.Ганболд Баянгол дүүрэгт байрлах шинэхэн гурван өрөө байрандаа нүүж ороод байгаа бөгөөд “Хэдийгээр тоглолт маань цар тахлын улмаас хойшилсон ч ийм сайхан байр бэлэглэсэн Д.Лхагвасүрэндээ болон уран бүтээлч дүү нартаа баярлалаа. Урлагийн Янжинлхам бурхан үргэлж та бүхнийг минь ивээх болтугай” хэмээх ерөөлийг дамжуулж өгөхийг хүссэн юм. Ингээд түүнд гурван өрөө байр бэлэглэсэн “Монголболгаргео” компанийн ТУЗ–ийн дарга Д.Лхагвасүрэнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Таныг урлагийн хүрээнийхэн сайн таньдаг. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би “Монголболгаргео” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Улаанбаатар хотын унаган хүүхэд л дээ. Одоогийн Бага тойрогт өссөн. Хөгжмийн урлагийг 1973 онд анх 12 настайгаасаа сонирхож эхэлсэн. Гэхдээ би урлагийн замыг сонгож, энэ чиглэлээр их сургуульд суралцаагүй. Миний хувьд 1970-аад онд хөгжим тоглож байгаад тодорхой шалтгааны улмаас хөгжмөө тоглохоо больсон. Дараа нь 1984-1986 онд бас хөгжмөө хэсэг оролдож байгаад 2011 он хүртэл дахин хөгжмөө тоглоогүй. Одоо хөгжмөө бага сага оролдоод л явж байна.
-Таныг орцны дуу зохиодог байсан гэж сонссон юм байна?
-Залуу байхад болсон болоогүй үг, аятай дуу дуулдаг байлаа. Тэр дуу нь орцноос орцонд дамжиж, хэн зохиосон нь тодорхойгүй болчихдог шүү дээ. Дуунуудаа гитар дээр л зохиодог байсан.
-“Айзам” хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэсэн баярт мэдээг уран бүтээлчид дуулгасан. Хэзээнээс түүнд туслахаар ярилцаж эхлэв?
-Ганбаа ах бид хоёр дотно найзууд байгаагүй. Гэхдээ бие биеэ мэднэ. Миний хувьд 1980-аад оны үед Ганбаагийн зохиосон бүх дууг нь мэднэ. Тэрбээр “Дурсамж”, “Итгэл”, “Чи минь” зэрэг үнэхээр сайхан уран бүтээлүүдийн эзэн. “Айзам” хамтлагт даралтат хөгжим тоглодог М.Батболд Ц.Зандраа, Ч.Тамираа нар бол нэг үеийн байрны найзууд байсан. Харин Ганбаагий хувьд “Айзам” хамтлагийг анх үүсгэн байгуулсан хүний нэг л дээ.
“Айзам” хамтлагийн дуунууд өдийг хүртэл ард түмний дунд дуулагдаж буй. Нэг онцлох дуу бол “Дурсамж”. Дууны үгээс гадна аялгууг зохиох нь маш чухал. Ганбаагийн бүтээл мэдрэмжтэй, сайхан уран бүтээлүүд байдгаараа онцлог. Хаана ч, хэзээд дуулагдаж л байдаг.
Одоогоос есөн жилийн өмнө багын найзуудаараа уулзсан юм. Тэгээд нэг үеийнхэн уулзаад, дуу хөгжим ярилцаад сууцгаасан. Тэр цагаас л Д.Ганболдын тоглолтын тухай ярилцдаг байсан. Сүүлд 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэсэн боловч цар тахлын улмаас хойшлогдсон. Миний хувьд хүндэтгэлийн тоглолт нь сайхан бүтээсэй. Тоглолтод нь оролцож сүйд болохгүй ч сэтгэлийн хандив тусламж өгнө гэж бодож байсан.
Тэгээд тоглолт нь хойшилсныг сонсоод эхнэр Д.Уранчимэгтэй нь утсаар ярихад “Хүндэтгэлийн тоглолтын ажлыг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн Б.Цогдэлгэр, Б.Лхагвасүрэн нар хариуцаж байгаа” гэсэн. Тэгээд л тэдэнтэй холбогдож, уулзаж ярилцсан.
-Ер нь хүндэтгэлийн тоглолтоор хэчнээн төгрөгийн хандив цугларах байсан бол?
-Хүндэтгэлийн тоглолтоор 80 орчим сая төгрөг цуглуулж, хоёр өрөө байр авахаар төлөвлөж байсан юм билээ. Гэвч тоглолт хойшилсон учраас ямар ч боломжгүй болсон. Зарим хүмүүс худалдан авсан билетээ буцааж эхэлсэн. Мөн тоглолтын билетээ буцаагаагүй хүмүүс ч байгаа. Ойролцоогоор 10 сая төгрөг цугларсан байсан.
Тэр мөнгөн дээр нь 80 сая төгрөг нэмж, гурван өрөө байр худалдан авсан юм. Одоо Д.Ганболдынх маань шинэ байрандаа нүүж орсон. Саяхан хүү нь фэйсбүүк чатаар холбогдож, гэрээ танилцуулж, баярлаж, талархсанаа илэрхийлсэн. Хөл хорионы үеэр төрийн байгууллага, нотариат ажиллахгүй учраас бүх гэрээ хэлэлцээрээ итгэлцлийн шугамаар хийсэн.
-Та шинэ хамтлаг байгуулах гэж байгаа гэсэн үү?
-Нарны гүүр даваад “Цагаан гэгээ” гээд ордон спортын төвдөө хөгжмийн студи, хөгжмийн заалтай. Би өөрийнхөө нэг үеийн уран бүтээлчидтэй хамтран хамтлаг байгуулах гэж байгаа юм. Одоохондоо шинэ уран бүтээл хийгээгүй.
Холбоотой мэдээ