Эрээн Монголын ПСР шинжилгээнд "итгэхгүй" байна

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Эрээн Монголын ПСР шинжилгээнд "итгэхгүй" байна

Эрээн Монголын ПСР шинжилгээнд "итгэхгүй" байна

Монгол Улсад Covid-19 халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас БНХАУ-ын тал хилийн шалган нэвтрүүлэлтээ чангатгаж нүүрс тээврийн монгол жолооч нараас PCR шинжилгээний бичиг шаардан бичиггүй бол хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлага тавьсан. Ингэхдээ БНХАУ-ын тал монголын PCR шинжилгээг баталгаажуулахаар өдөрт 100 орчим жолоочийг нэгдсэн журмаар тээвэрлэн өөрийн талд шинжилгээ өгүүлж байгаа нь цаг хугацаа алдахад хүргэжээ.

Үүнээс гадна  БНХАУ-ын тал PCR шинжилгээний бичгийн хүчинтэй хугацааг ажлын таван өдрөөр тооцож байгаа учраас жолооч нар олон дахин шинжилгээ өгч байгаагаас үүдэн эргэлт, рейс  удааширсан байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын  хил рүү орсон жолоочоос  давхар шинжилгээ авч хариу нь баталгаажсан тохиолдоллд хилээр оруулж байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд “Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэн гаргаж буй автомашины тоо арав хүрэхгүй болж буурлаа” “Жолооч нар өвлийн хүйтэнд олон хоног шинжилгээний хариугаа хүлээн хил дээр гацаад байна” гэх мэдээлэл хөврөх болсон. Тиймээс Covid-19 халдвараас үүдэн нүүрс тээвэр саатсан эсэх, жолооч нарын нөхцөл байдлын талаар  албаны хүмүүсээс тодруулахад гааль, мэргэжлийн хяналт, Гашуунсухайт боомт гээд төрийн олон нэгжийн уялдаагүй шийдвэрүүд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг шүүмжлэв.

Зам тээврийн хөгжлийн яамнаас “Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэн гаргаж буй автомашины тоо 10 хүрэхгүй болж буурсан” гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Тодруулбал “Covid-19  халдварыг дотооддоо алдсан өдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд нүүрс тээвэрлэлт тэг зогсолт хийсэн. Энэ бол зөвхөн нэг өдөр л нүүрс тээвэрлэлт хийгээгүй гэсэн үг. Өмнө нь Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нүүрс тээвэрлэсэн 700 гаруй автомашин гарч байсан. Одоо бол өдөрт 180-200 машин нүүрс тээвэрлэж, гарч байна. Нүүрс тээвэр хэвийн үргэлжилж байна” гэлээ.

ЭНЭ БАЙДЛААРАА НҮҮРС АЧААГҮЙ МАШИНУУД ОНЫ ӨМНӨ ХИЛ РҮҮ НЭВТЭРЧ ЧАДАХГҮЙ 

Жолооч нар өвлийн хүйтэнд олон хоног шинжилгээний хариугаа хүлээн хил дээр гацсан талаар "Баян-зам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодруулахад,

-БНХАУ-ын талаас  монгол жолооч нарт хийсэн шинжилгээнээс сэжигтэй тохиолдол илрээгүй учраас нүүрс тээврийн таталт  150 автомашин  байсныг 300 болгож нэмсэн. Ерөнхийдөө нүүрс тээвэрлэн  хил рүү гаргах дугаарлалтаас  илүүтэй нүүрс ачилт буулгалтын гаалийн хяналтын бүс дээр маш их бөөгнөрөл үүсч байна. Нүүрс ачилт буулгалтын талбайн гадна 2500 орчим машин нүүрс тээвэрлэхээр хүлээж байна.

Цагаан хадны бүсэд ерөөсөө ачаанд явалгүй  25 хоносон жолооч  ч бий. Жолооч нар нүүрсээ ачуулж авахын тулд дор хаяж 20-25 хонож байна.

Гаалийн хашаанд  нүүрс ачиж буулгах албан ёсны  26  талбай бий.  Үүнээс 10 орчим талбай идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд  талбай бүрээс өдөрт 20  машин нүүрс ачих квоттой.  Гаалийн газраас хил нэвтрэх машины квотыг гаргадаг ч өдөрт хэдэн машин, аль хашаанаас  ачилт хийх  талаар жолооч нарт мэдээлэл өгдөггүй. Үүнээс болж жолооч нарын дунд үл ойлголцол үүсч байна. Нүүрс буулгалтын талбайн гадна нүүрс ачихаар дугаарлаж байгаа нэгнийхээ урдуур орохоос гадна хахууль өгөх, ар өврийн хаалга зэрэг эмх замбараагүй байдал үүсээд байна. Энэ төрлийн 400 орчим гомдол манай холбоонд  ирсэн. Нүүрс ачихаар 20 хоносон жолооч хүлээж байхад 6 хоносон жолооч урдуур нь орхоор  ямар хэрэг байх вэ дээ. Хилийн татан авалт удаашрахаар их хэмжээний машин гаргачихвал дугаарлалт үүсэх учраас шинжилгээ авсан тоогоороо жолооч нарыг  гаргаж байгаа.

Халдвар гарахаас өмнө өдөрт 700-800 машин нүүрс  ачдаг байсан учраас энэ хэмжээний машиныг нүүрс ачилт буулгалтын талбай бүрт хуваагаад өгдөг байсан. БНХАУ-ын  хилийн таталт 300 машин учрааас энэ тоонд уялдуулаад өдөрт 200 машин  нүүрсийг хашаанаас  ачиж байна.

Цагаан хаданд үүсээд байгаа асуудлыг шийдэхийн тулд Зам тээврийн хөгжлийн яамнаас арванхоёрдугаар сарын 1-нд нүүрс тээврийн жолооч нарыг цагаан хадны бүст өгсөн PCR шинжилгээг үндэслэн 14 хоног тусгаарлалтад оруулахгүйгэээр гэрт нь буцаах  шийдвэрийг гаргасан. Өнөөдрийн байдлаар 6000 орчим жолоочоос 1500 орчим жолооч буцсан. Хоёрдугаарт Авто тээврийн үндэсний төвөөс нэгэнт бүх машинд нүүрс ачих боломжгүй түгжрэл үүсээд байсан учраас компаниуд 50/50 буюу тал машинаа буцаагаад талыг нь оруулах арга хэмжээ авсан. Машиныг нь нэг дахин багасгасан гэсэн үг.

Ер нь Засгийн газраас Улсын онцгой комисс, гаалийн газар, тээвэр хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчийг  томилж явуулах шаардлагатай байна. Бүрэн эрхт төлөөлөгч газар дээр нь ажиллаж  бүх асуудлыг нэгтгэхгүй бол бүгд өөр зүйл яриад байгаа учраас зохион байгуулалт алдагдаж байна. Мэдээлэл нэгдсэн байдлаар гарахгүй зохицуулалт төвлөрсөн удирдлагаар явахгүй байгаагаас үүдэн жолооч нар маш их хохирч байна. Нүүрс ачилт ч удааширч байна. БНХАУ-ын тал 2021 он гартал энэ байдлаараа өдөрт 300 машин нүүрс  татвал  нүүрс ачаагүй машинууд оны өмнө хил рүү нэвтэрч чадахгүй. Тиймээс нэмж тээврийн хэрэгслийг багасгах, жолооч нарыг гэрт нь буцаах зэрэг арга хэмжээ авахгүй бол жолооч нар машинаа сахиад 25 хоногоос 1 сар кабиндаа байна. Жолооч нар машинаа халааж дулаацаж байгаа учраас шатахуун нь хурдан дуусч байна.  Энэ тохиолдолд машиныг нь хариуцсан компани, эзэд рүүгээ яриад л зохицуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж