Covid-19-ийн дотоодын халдвар бүртгэгдсэн арваннэгдүгээр сарын 11-нээс хойш халдварыг хумих талаар Засгийн газар боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа ч шинэ голомтууд үүссээр байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлгийн нэг блокоос үүссэн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж өчигдрийн байдлаар 32-т хүрээд байна.
Дотоодын халдварын голомт нэмэгдэх тусам хөл хорионы хязгаарлалтыг сулруулах, цуцлах боломж улам хумигдаж, Улаанбаатар хот цар тахлын өмнөх хэвийн амьдрал руу буцах аргагүй болж байгаа юм. Бизнесийн бүхий л орчин хумигдаж, иргэдийн орлого огцом буурч байгаа учраас Засгийн газраас иргэдийн амьжиргаа, ААН-үүдийн хэвийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах зохицуулалт хийгээд найм хонож байна. Үнэгүй болсон сургаар эрчим хүчний хэрэглээ төсөөлж байгаагүйгээр нэмэгдэж эрчим хүчний салбарт ачаалал үүсгэлээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгаан, дулааны үнийг тэглэх шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр эрчим хүчний системд доголдол үүсэх магадлалтайг хэлж байсан ч бодит байдал дээр түүний тооцоолсноос хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэнийг хэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд хэт хэрэглээ жаахан буурсан ч ачаалал өндөр хэвээр байгаа юм.
Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2019 онд Монгол улс 6,900.4 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 6,846.4 сая кВТ-ыг нь хэрэглэжээ. Үүнээс өрх, орон сууц, нийтийн аж ахуйн хэрэглээ 1,641.9 сая кВт байжээ.
Засгийн газрын шийдвэрлэсэн төлбөрийн чөлөөлөлтөд эрчим хүч, дулаан хэрэглэх гэрээтэй 738 мянган хэрэглэгчийн 728 мянга нь хамрагдаж, ердөө хоёр хувь нь чөлөөлөлтөөс ангид үлдэж байгааг Эрчим хүчний яам мэдээлсэн. Энэхүү чөлөөлөлтөд бүх өрх буюу 900 мянган өрх хамрагдаж байна. Энэ хөнгөлөлт ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл үйлчлэх юм.
Эрчим хүчний дундаж хэрэглээ өвлийн улиралд 1,110 МВт орчим байдаг. Энэ 2020 оны нэгдүгээр сард эрчим хүчний хэрэглээ оргил ачааллын үедээ 1,117 МВт-д хүрсэн дээд хүчин чадал байлаа хэмээн тухайн үедээ салбарын тэмдэглэж байсан бол сая Засгийн газрын шийдвэрийн дараах өдрүүдэд 50 орчим МВт-аар нэмэгдж 1,215 МВт хүрснийг “Диспетчерийн үндэсний төв” мэдээлсэн. Энэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 105МВт-аар өссөн үзүүлэлт юм. Өөрийн халааснаас төлөхгүй юм чинь гэсэн хоноцын сэтгэлээр хандах юм бол эдийн засгийн гол тулгуур болсон эрчим хүчний системийг бүхэлд нь татан унагаж, цахилгааны үнийн хэдэн төгрөгийг хэмнэхээсээ илүүтэй хор хохиролтой байж, өмнөх зууны үе рүүгээ очих аюул бодитой нүүрлэсэн. Аргагүйн эрхэнд түр журам гарган мөрдүүлэхээр боллоо.
Түр журмаар тухайн хэрэглэгчийн чөлөөлөлтөөс өмнөх хэрэглээний дунджаар баримжаалан чөлөөлж, илүү гарсан хэрэглээг тухайн хэрэглэгчээр төлүүлэхээр болж байна. Энэхүү түр журам гаргаснаар гэр хороолол, орон сууцны айл өрхийн хэрэглээ 10-15 мВт-аар, ААН, байгууллагын хэрэглээ 50-70 МВт-аар буурлаа.
Ер нь энэ цар тахлын үед иргэдээ бодсон төрийн шийдвэр болгон шахуу иргэдийн дорой ухамсрын түвшинд очин гажуудаж байна. Насанд хүрсэн хүн болгон нь шахуу дээд сургуулийн диплом өвөртөлсөн монголчуудад эх оронч байхыг уриалахаас илүүтэй, нийгэмших дадал суулгах цар хүрээтэй кампанит ажил хэрэгтэй болжээ. Өөрийнх үйлдэл бүхэн нийгмийн бусад иргэдийн үйл хөдлөлтэй шууд холбоотой болсныг ойлгуулах цаг ирж. Ганцаараа бүх гэрлээ асаагаад, халаагуур залгаад, амьдардаггүй хувийн орон сууцаа халаагаад, гадаа өнжүүлсэн машинаа халаагаад, нохойн дингээ халаагаад авах нь таашаал нь нэг өдрийнх байж, харин маргааш нь юугаа ч халааж чадахааргүй таг харанхуйд амьдрах аюултайг ойлгуулах хэрэгтэй болжээ. Цахилгаангүй бол нийгмийн бүхий л амьдрал таг суух орчинд бид амьдарч байна. Тэгээд ч үнэгүй болгоогүй, хүнд хэцүү үед чинь дэм болж үнэгүй хэрэглүүлж, таны хэрэглэсэн цахилгааны үнийг “Эрдэнэт” үйлдвэр өмнөөс чинь төлөх юм. “Эрдэнэт” үйлдвэр та, бидний цахилгааны төлбөрт 650 орчим тэрбум төгрөгийг улсад төлөх юм.
Засгийн газрын төлбөрийн чөлөөлөлтийн шийдвэрээс үүдэн эрчим хүчний салбарын талаар иргэд илүү мэдээлэл, ойлголт авч байгаа нь сайн тал бөгөөд энэ үеийг далимдуулан энэхүү тулгуур салбарыг цаашдын хөгжлийг түргэтгэх боломжуудаа хэрэгжүүлэх, иргэдэд зөв зохистой мэдээлэл өгөхөд таатай үе ирж байна. Эдийн засгийн хөгжлөө дагаад хэрэглээ нь улам нэмэгдэж буй эрчим хүч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэдсээр байж өнөөг хүрсэний горыг энэ өдрүүдэд мэдэрч байна. Шинэ цахилгаан станцууд барих ажил цаасан дээр байсаар даруй 10 гаруй жил болж байна. Гэтэл цахилгаан, дулааны хэрэглээ сүүлийн жилүүдэд 6-8 хувиар тогтмол өсч байгаа. Монголчууд бидний үйлдвэрлэж буй эрчим хүчний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй, хойд хөрш Оросоос импортолдог. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,334.4 МВт бөгөөд үүний 18 хувь буюу 240.4 МВт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм.
Эрчим хүчний салбарт ч төмөр замын төсөл шиг замхарсан төслүүд бий. Тухайлбал, Чойр-Нялгын нүүрсний ордод түшиглэн 10800 МВт-ын том цахилгаан станц барих санамж бичигт БНХАУ, Монгол Улс 2009 онд гарын үсэг зурсан ч хэрэгжээгүй. Энэ төсөл хэрэгжсэн бол дотоодын хүчин чадлаас 8-9 дахин илүү хүчин чадал бүхий станц баригдаж, эрчим хүчээ экспортлон, таван тэрбум ам.долларын ДНБ үйлдвэрлэх боломжтой байсан. Мөн "ТЭЦ-5" станц барих төсөл мөн л цаасан дээр байсаар өнөөг хүрч байна. Улс орны эдийн засагт үр ашиг багатай тэнгэр баганадсан оффисын шилэн байшингууд, орон сууны хороолол барихад олдоод байдаг газар ТЭЦ-5 станцад олдохгүй, гурван ч удаа газрын байршил нь солигдож, хөрөнгө оруулагчид ч нь солигдсоор өнөөг хүрлээ.
Монгол Улс 2018 онд Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Уг хөтөлбөрт зааснаар Монгол Улс 2023 оноос цахилгаан импортлох асуудлыг зогсоож, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж, нөөц чадлын эх үүсвэр бий болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудаа өргөтгөх, мөн шинэ эх үүсвэрүүд барьж байгуулах гэсэн хоёр чиглэлээр гүйцэлдүүлэхээр төлөвлөж байгаа.
Бидний хэрэглэж байгаа цахилгааныг бид үйлдвэрлэсэн үнээс нь хямдаар хэрэглэж байгааг мэддэг хүн ховор байгаа бололтой. Өнөөдөр дэлгүүрт борлуулж байгаа бараа болгон үйлдвэрлэсэн үнээсээ илүү үнэтэй борлуулагдаж байгаа бол харин цахилгаан эрчим хүчний хувьд эсрэгээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын энгийн тоолууртай хэрэглэгч 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 33 хувиар доогуур үнээр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 16 хувиар доогуур үнээр төлж байна. Харин хоёр тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгч шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ нь өглөөний 06.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 27 хувиар доогуур үнээр, оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 58 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг түгээж байна.
Холбоотой мэдээ