Судалгаа: АН сонгуульд ялагдсан шалтгаан

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Судалгаа: АН сонгуульд ялагдсан шалтгаан

"ЯЛАГДЛАА ДҮГНЭЖ, ДҮРЭМДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРСАН ИХ ХУРАЛ"

Ардчилсан намын X их хурал өнгөрөгч Баасан гаригт буюу 18-ны өдөр бүтэн хуралдаж өндөрлөлөө. Гэхдээ энэ удаагийн Ардчилсан намын их хурлыг дүрмийн бус гэж үзэх гишүүд ч байгаа юм. Гэхдээ тэд Их хурлаа хийж, дүрэмдээ өөрчлөлт оруулж, санал солилцов.

АН-ын “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл"-д оруулсан ихэнх заалтуудыг олонхын саналаар дэмжжээ. Дүрэмд орсон шинэ заалтуудтай ЭНДЭЭС танилцах боломжтой. Дүрмийн төсөлд гишүүдийнх нь хамгийн их анхаарал хандуулсан заалт бол намын даргыг хэрхэн сонгох тухай юм. Энэ удаад АН дүрмээ өөрчилснийхөө дараа намын даргаа тодруулна. Ингэхдээ шинэ дүрэмдээ намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулахаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл, намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын Их хурлаар сонгоно гэсэн заалтыг оруулсан байна.

Хуучин дүрмээр бол АН-ын даргад болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын нийт гишүүдээс марафоноор сонгодог байсан. Тэгвэл шинэ дүрэмдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг мөн намын Их хурлаар шийдвэрлэх дүрмийн өөрчлөлтөдөө тусгажээ. АН-ын дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэсний дараа намын даргаа тодруулах юм. Гэхдээ АН-ын X Их хурлыг дүрмийн бус хурал болсон гэж АН-ын дарга С.Эрдэнэ  хэлж байгаа юм.  Түүнчлэн АН-ын даргын ажлаа өгөөд буй С.Эрдэнэ энэ удаагийн Их хурлыг дүрмийн бус хэмээн үзэж, одоогийн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны намын даргын түр орлон гүйцэтгэх тушаалыг хүчингүй болгох, Ц.Тувааныг намыг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй шаардсан. Энэ тухай тэрбээр  хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би намын даргын эрхийн мэдлийг бус намын дүрэмд заасан намын тамга, тэмдгийг дараагийн шинээр сонгогдсон намын даргад шилжүүлэн өгөх үүргийг түр шилжүүлсэн. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй. Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа" гэж хэлснийг нь тодотгох нь зөв болов уу.

АН-ын Их хурлаар хэлэлцсэн хоёр дахь чухал асуудал бол УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсан шалтгаанаа дүгнэв. Гэхдээ энэ удаад схөндлөнгийн байгууллагаар буюу Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Сс Эй” ХХК-иар хийлгүүлсэн судалгааны тайланг 1206 төлөөлөгчдөдөө танилцуулжээ.

СУДАЛГАА: 2020 ОНЫ СОНГУУЛЬД АН ЯЛАГДСАН ШАЛТГААН

Уг судалгааны үр дүн нь тоон судалгааны үр дүн болон чанарын судалгааны үр дүн гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Энэхүү судалгаанд оролцогчдын 45,9 хувь нь АН-ыг “сонгуульд бэлтгэл, зохион байгуулалт сайтай оролцдог” гэсэн бол 64,3 хувь нь АН-ын “удирдлагууд, гишүүдийг эв нэгдэлгүй” гэж үзсэн байна.

Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.

Судалгаанд оролцогчдын хувьд одоогийн байдлаар хамгийн их таалагддаггүй намыг асуухад АН хамгийн их саналыг авсан бол дараа нь МАН оржээ. Таалагдахгүй байгаа улс төрийн нам эвсэл, дэмждэг нам эвслээр, хувиар АН-ыг дэмжигчдийн 17,7 хувь, МАХН-ыг дэмжигчдийн 30,6 хувь, МАН-ын дэмжигчдийн 22 хувь, ШН-ыг дэмжигчдийн 10 хувь нь тус тус АН-ыг таалагдахгүй намаараа нэрлэсэн байна.

Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.

Судалгаанд хамрагдсан иргэдийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө ерөнхийдөө тухайн нэр дэвшигчийн хувь хүнээс нь хамааран сонголт хийсэн нь 38,8 хувь , улс төрийн намаас хамааран сонголт хийсэн нь 19,1 хувь байв. Түүнчлэн тоон судалгааны үр дүнд  АН-ыг дэмждэг оролцогчдын 55,9 хувь нь АН-д, 20,7 хувь нь холимог байдлаар санал өгсөн бол 7,8 хувь нь МАН-д санал өгчээ.

Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.

Судалгаанд оролцогчдын хувьд 49.1 хувь нь АН ялалт байгуулах боломжтой байсан гэж үзэж байгаа бол 35.3 хувь нь боломжгүй байсан гэж үзжээ.

УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулж чадаагүй  шалтгааныг,

  • Намын дотоод хагарал
  • Намын даргаасаа болсон
  •  Амлалтаа биеллүүлдэггүй
  •  Нэр дэвшигчдийн буруу сонголт
  •  Нэр цэвэр биш, ёс зүйгүй намын гишүүд гэж хамгийн их  санал өгчээ.
Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.

АН-ын хувьд алдаа дутагдал гаргаагүй байсан бол судалгаанд хамрагдсан иргэдийн 58.2 буюу талаас дээш хувь нь дэмжих байсан гэдгээ илэрхийлсэн байна.

АН нэр хүндээ өсгөх, сонгуульд ялалт байгуулахын тулд юу хийх шаардлагатай вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын хамгийн олонх нь буюу 18.2 хувь нь дарга болон гишүүдээ сольж, шинэчлэл хийх гэж хариулжээ.

АН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцсон талаар цуглуулсан чанарын судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд оролцогчид ерөнхийдөө дараах 5 үндсэн шалтгаануудыг нэрлэжээ.

Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.

ЧАНАРЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Намын даргаас шалтгаалсан: Судалгаанд оролцогчид АН-ын даргыг энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаануудын нэгээр нэрлэсэн байна.  “Сант марал”-ын Улаанбаатар болон орон нутгийн барометр судалгааны дүнгүүдээс С.Эрдэнэ АН-ын дарга болсноор АН-ын даргын рейтинг “0” заасан хэвээр байсаар 2019 оны 3 сар хүрсэн байна. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг 2017 оны 3 сараас эхлэн тасралтгүй эрчимтэй өссөн бөгөөд одоогийн байдлаар 2010 оноос хойш хамгийн өндөр рейтингтэй намын дарга болоод байна.

Судалгаанд оролцогчид АН-ын даргын “хувь хүний зан төлөв, дүр төрх”, “гаргасан шийдвэр мэдэгдлүүд” болон “удирдах ур чадвар”-г тааруу хэмээн үзэж энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаануудын нэгээр нэрлэсэн аж.

  • Сонгогчдын дунд нэр хүнд муу, сөрөг имижтэй улс төрч намын дарга болсон нь АН-аас нэр дэвшигчдэд дэмжлэг үзүүлж чадаагүй
  • Сонгуулийн өмнө гаргасан зарим шийдвэр, цаг үетэй холбоотой мэдэгдлүүд нь алдаатай байсан.

 

Эрх зүйн орчны хязгаарлагдмал байдал: Томсгосон мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг гээдэг, мөн нөлөө бүхий улстөрчдийг гаргаж ирдэг учраас цаашид сонгуулийн тогтолцооны асуудлыг ярих зайлшгүй шаардлагатай. Сонгуулийн санхүүжилт, улс төрийн намын санхүүжилтүүдийг нэг үзэл баримтлал дор нэгтгэж хуульчилж чадахгүй бол энэ бүхэн шийдэгдэхгүй. Сонгуулийн мажоритар тогтолцоо үргэлж АН -д халгаатай байх болно.

Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.

Гишүүд болон сонгогчдын дунд унасан намын нэр хүнд: Энэ удаагийн сонгуульд ялагдсан нэг томоохон шалтгаан бол сонгогчид болон АН-ын гишүүд, дэмжигчдийн дунд намын нэр хүнд унасан явдал байв. Иймээс чанарын судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийн намын нэр хүндтэй холбоотой мэдээллийг бүлэглэж зураглав. Ерөнхийдөө “Намын алсын хараа, бодлого тодорхойгүй”, “Намын дүрмийг мөрддөггүй”, “Үнэт зүйл, эрхэм зорилгоо мартсан”, “Нэгдсэн удирдлага, зохион байгуулалтмуутай” гэсэн шалтгаануудаас болж намын үнэ цэнэ энгийн сонгогчид болон намын гишүүдийн дунд унасан байна. Мөн дээрх шалтгаануудаас болж хуучин намуудын лидерүүдийг тойрч бүрэлдсэн фракцуудын зөрчлийг шаардлагатай үед нь дарж чадаагүй нь ихээхэн нөлөөлсөн бололтой.

Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.

Кампанит ажлын маш муу маркетинг:

Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.

Дотоодын судалгааны үр дүнгээс МАН болон АН хоёр намуудын 2020 оны эхний хагас жилийн рейтингийг нэгтгэн харуулав. Хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлэх шийдвэр нь МАН-ын рейтингийг өсөхөд маш их нөлөөлсөн бөгөөд ЖДҮС-ийн зээлтэй холбоотой 9 нэр дэвшигч өрсөлдөх болсон нь рейтингийг багагүй унагаасан ба тэгсэн ч МАН-ын рейтинг нь АН-аас байнга өндөр байжээ. Харин Р.Амаржаргал хэрвээ АН олонх болбол ерөнхий сайд болно гэсэн мэдэгдэл нь рейтингд дорвитой өөрчлөлт авчирч чадаагүй байна.

Мөн “Намын дүрмийг мөрддөггүй”, “Үнэт зүйл, эрхэм зорилгоо мартсан”, “Нэгдсэн удирдлага, зохион байгуулалт муутай” гэсэн шалтгаануудаас болж намын үнэ цэнэ энгийн сонгогчид болон намын гишүүдийн дунд унасан байна. Түүнчлэн дээрх шалтгаануудаас болж хуучин намуудын лидерүүдийг тойрч бүрэлдсэн фракцуудын зөрчлийг шаардлагатай үед нь дарж чадаагүй нь ихээхэн нөлөөлсөн бололтой.

Намын дотоод шинэчлэл:

Намын идэвхтэн гишүүд болон шинжээчдийн зүгээс АН-д боловсон хүчний шинэчлэл, дүрэм журмын шинэчлэл, үзэл санааны шинэчлэл, зохион байгуулалтын шинэчлэл шаардлагатай хэмээн үзжээ. Мөн гишүүд, сонгогч түмнийг улс төрийн боловсролтой болоход чиглэсэн үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай байна.

Шинэ намын дарга:

Чанарын судалгаагаар бүх оролцогчид (энгийн сонгогч, намын гишүүн болон шинжээчид) хамгийн их итгэл найдварыг шинээр сонгогдох намын дарга дээр тавьж байгаа нь харагдсан.

  • • Намыг фракцад хуваахгүйгээр удирдаж чадах, хүчирхэг манлайлалтай, зөв хүнийг тэд дэмжихээ илэрхийлсэн байв.
  • • 2017 онд явагдсан намын даргыг сонгох сунгаанд судалгаанд оролцогчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв. Иймээс шинжээч нарын санал бодлын дагуу намын даргын дотоод сонгуулийг одоо байгаа намын гишүүдийн онцлогийг харгалзан судалгаан дээр үндэслэж ул суурьтай шийдвэрлэх шаардлагатай.

Судалгааны дүгнэлт: АН сонгогчдод хүрэхээр тактик, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, маркетингийн тал дээр алдаа гарган

Судалгаанд оролцогчид тоон болон чанарын судалгаанд оролцохдоо АН-ын сонгуульд ялагдсан шалтгаануудыг дурдахдаа дараах дотоод хүчин зүйлсийг нэрлэсэн байв. Үүнд: намын дотоод хагарал, намын даргын хувь хүний шинж, зарим буруу PR-ууд, нэр дэвшигчдийн буруу сонголт, намын олонд танигдсан нүүр царай болсон лидерүүдийн гэмт хэрэгт холбогдсон байдал болон бусад шалтгаанаас үүссэн намын нэр хүндийн уналт, сонгуулийн кампанит ажил маш муу байсан зэрэг болно. Харин гадаад хүчин зүйлсийн хувьд тэтгэвэр тэглэсэн, хүүхдийн мөнгө, тэтгэмж нэмэгдсэн, МАН-ын сонгуулийн уриа, сонгуулийн систем, Covid-19-ын үед засгийн газрын хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг хамгийн ихээр нөлөөлсөн. Сонгогчдын дийлэнх нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу нэр дэвшигчид тодрох үед сонголтоо хийсэн байсан бөгөөд оролцогчдын тал хувь нь АН дээр дурдсан хэд хэдэн алдаа, дутагдлыг гаргаагүй байсан бол дэмжих байсан хэмээжээ.

Иргэд АН-д итгэл үзүүлэх бүрэн боломжтой байсан боловч АН тэрхүү боломжийг 2016 оноос хойших нөхцөл байдлаа судалгаанд суурилсан байдлаар бодитоор үнэлж чадаагүйн улмаас сонгуулийн бодлого, стратеги, нэр дэвшигчдийн сонголт зэргийг оновчтой тодорхойлж чадалгүй алдаа гаргасан гэж дүгнэж болохоор байна. Мөн “популист” шинжтэй мөрийн хөтөлбөрүүд нь сонгогчдод ер итгэл төрүүлээгүй. Учир нь 1990 оны сонгогчид болон 2020 оны сонгогчдын хооронд мэдлэг, туршлага, үзэл санаа, хандлагын асар их зөрүү байгааг АН огт мэдэрч чадаагүй тул сонгогчдод хүрэхээр тактик, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, маркетингийн тал дээр алдаа гаргасаар байна.

Үүний нэг тод жишээ бол 2020 оны орон нутгийн сонгуульд ШИНЭН болон МАХН-тай эвссэн явдал байв. АН эвсэл байгуулснаар хэд хэдэн сонгуульд ялсан нь үнэн боловч АН-ын саналыг хувааж ялагдалд хүргэхэд нөлөөлсөн ШИНЭН, хамгийн хүч султай, үеэ өнгөрөөсөн зүүний баримтлалтай МАХН-тай эвссэн нь олон сонгогч, гишүүд, дэмжигч нарт нь төрөөд буй эргэлзээг улам бүр нэмэгдүүлсэн байна.

Чанарын судалгаагаар АН-ын гишүүд дэмжигчид АН-ыг үнэт зүйлс, үзэл баримтлалаа мартсан, цэвэрлэгээ хийдэггүй ёс зүйн хороотой гэх мэт АН-ын нэр хүндийг нь унагааж буй олон шалтгаануудыг дурдаж АН-ыг улам бүр хүчээ алдсанаар нэг намын засаглал тогтох вий гэсэн пессимист бодолтой байгаа нь илэрсэн. АН-ыг барилгаар зүйрлэвэл намын үнэт зүйлс, үзэл суртал, гишүүд дэмжигчдийн эв нэгдэл, итгэл үнэмшил нь барилгын суурь бөгөөд одоогийн байдлаар АН-н суурь нь нилээд ганхсан байдалтай байна.

Иймээс эрхэм зорилго, үзэл баримтлал, үнэт зүйлсээ сэргээж гишүүд дэмжигчдийнхээ итгэл, үнэмшлийг батжуулах нэн шаардлагатай бөгөөд үүний тулд АН-д цогц шинэчлэл хийж үүнийгээ нийгэмд хүргэх өргөн хэмжээний PR-тай байхаар зохион байгуулж намын гадаад болон дотоод механизмыг ажиллагаатай болгох хэрэгтэй байна. Мөн томоохон шийдвэр гаргалтуудын өмнө гишүүд, сонгогчид, улс төр судлаачдын саналыг авч, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэчлэл нь Монголын улс төрийн орчин, сонгогчдын онцлогт тохирох эсэхийг, хөрсөн дээр хэрхэн буух талаар нягталж судалгаанд суурилсан байдлаар оновчтой шийдвэрлэж сурах нэн шаардлагатай байгаа нь харагдлаа.

Тайлбар: Зураг дээр дарж томруулж харна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж