Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь Covid-19 халдварын шинэ голомтоор бүртгэгдсэн. Тодруулбал, өнөөдрийн /2020.12.20/ байдлаар тус эмнэлэгээс Сovid-19 халдвар авсан нь батлагдсан 32 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтал 803 хүнийг илрүүлж хяналтад авчээ. Тус дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг, харин хүүхдийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой юм.
Үүнээс гадна БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт Covid-19 халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 28-ний өдрийн хооронд 70.000-80.000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэжээ.
Тус шийдвэрийн дагуу шинжилгээг БЗД-ийн Ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд зохион байгуулах бөгөөл шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллах аж. Дашрамд дурдахад, БЗД-т Covid-19 халдварыг илрүүлэх өргөтгөсөн шинжилгээ зохион байгуулахтай холбогдуулан дээр дурдсан хугацаанд Баянзүрх дүүргийн цэгүүдэд бусад шинжилгээг зохион байгуулахгүй юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ