
Амьд фашист анх удаа үзлээ гэсэн шор үг байдаг байлаа, тэр бол социализмын үе. Түүн лүгээ адил Ардчиллын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 1989 оны наадмаар анх харсан юм байна. Одоогийн УИХ-ын Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хорьж тогтоохгүй 25 насандаа улсын наадамд хоёр дахиа түрүүлж Монгол Улсын аварга болдог долдугаар сарын 12-нд битлз халимагтай, пиджиктай залуу уртын урт дурантай фото аппарат барьчихсан зураг дараад явж байсан юм. Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээн дээр Ю.Цэдэнбал даргын зурагчин М.Цэрэнжамц багштай (би шавь нь юм) зэрэгцээд түрүү үзүүрийн бөхийн зураг авна гэдэг зовхи нь өөдөө, ёстой цогтой л хүүгийн ажил байлаа. Энэ хэн бэ, энэ хэдэн он бэ гэж бусдаас асуувал “Улаан од” сонины сурвалжлагч Ц.Элбэгдорж, МУИС-ийн сэтгүүлчийн анги төгсөөгүй Зөвлөлтийн Львов хотноо Цэргийн их сургуульд сэтгүүлч болсон хүндээ гэж хариулж байсан юм. Ардчиллаар овоглосон 20 жилийн турш Ц.Элбэгдоржийг ялгуулсан туг мэт дарцаглаж явахад нь миний бие зангиагаа хийсгэн магтаж явлаа. Гэтэл өнгөрсөн 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд саналаа өгөхдөө түүний төлөө хуруугаа ганцхан удаа хөдөлгөж байгаагаа анзаардаг байгаа. Түүнтэй хамтаар 1989 оны арванхоёрдугаар сард болсон Залуу уран бүтээлчдийн II зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцож явахдаа ч, цогтой үгээ хэлэн цуглаан зохион байгуулж байхад нь ч хажуу дэргэд нь биш тээр доор холын холд зогсч байж. Түүнийг Эрдэнэт хотоос Улсын Бага Хуралд 1990 онд, Хөвсгөл, Баянхонгор аймаг, Чингэлтэй дүүргээс УИХ-д 1992, 1996, 2008 онд сонгогдон орж ирэхэд нь би санал өгч байсангүй. Яагаад гэвэл Баянзүрх дүүрэгтээ аж төрж, дүүрэгтээ нэр дэвшсэн ардчиллынхны төлөө саналаа өгсөн байна. 2000 онд Дорнод аймагт УИХ-д нэр дэвшихэд нь “Наад соцдекүүд чинь, “Тунгалаг тамир”-ын Түгжил шиг араас чинь хутга чичнэ шүү. Тун болгоомжтой байхгүй бол өөрөө чонын хийморьтой эрийн хугархай ч гэлээ сонгуульд ялахад хүнд шүү” хэмээн анхааруулсан мессеж явуулаагүй юм байна. Тэр үеийн Дорнодын соцдекүүдийн нэг нь одоогийн УИХ-ын эрхэм гишүүн П.Алтангэрэл байсан санагдана. Андуурсан бол уучлаарай, харин Ц.Элбэгдорж ялагдсаныг бид бүгдээрээ сайн санаж байна.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг 51.21:47.41-ээр ялахад Ц.Элбэгдоржид түүхэнд бичигдэхээр тус болсон хоёр хүний нэг нь Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа. Нөгөө нь 2008 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймагт АН-аасаа нэр дэвшсэн Банзрагчийн Дэлгэрмаа. Учир гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь нэр дэвшигч орж ирэхийг хаасан улс. 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан Банзрагчийн Дэлгэрмаагийн хувьд өөрөө сонгуульд ялдаггүй юм гэхэд Үндэсний шинэ нам(ҮШН)-ын нэр дэвшигчийг Их Хуралд гаргахгүй байх тун хүнд даалгавартай байв. ҮШН-аас УИХ-д сонгогдох хамгийн их магадлалтай нэр дэвшигч нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Гадаад харилцааны дэд сайд асан Ц.Цолмон, Сангийн дэд сайд асан Н.Батцэрэг… нарын хэн нь ч биш УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт агсны үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн Дундговьд өөрийгөө рекламдсан Д.Ганхүү байв. Тэр сонгуулиар Дундговиос МАХН-ын нэр дэвшигч “Эрдэнэт”-ээр хөлжсөн Х.Наранхүү, төмөр замыг дундруулсан Р.Раш нар олонхийн санал авч ялан Д.Ганхүү, Б.Дэлгэрмаа нар бие биеийнхээ саналыг хуваан УИХ-ын гишүүн болж чадаагүй юм.
Сонгуульд санал хуваана гэж айхтар зүйл байгаа биз. Ийнхүү Д.Ганхүү ялагдсанаар ҮШН парламентад суудалгүй хоцорсон билээ. Ингэснээр уг нам 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй болж Ц.Элбэгдоржийн санал хуваан МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт тус болох зам нь хаагдсансан. Банзрагчийн Дэлгэрмаагийн хувьд Ц.Элбэгдоржийг намын дарга байхад тэрээр генсек байсан, бас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн хүн, ардчиллын лидерүүдийн нэг гэдэг утгаараа энэ нь ямар ч аргагүй улс төрийн зорилготой үйл ажиллагаа. Харин АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн хувьд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болоход тус болсон нь зүгээр хувь заяаны шоглоом юм. Одоо энэ талаар жаахан түүх ярья.
“Эрдэнэт”-ийн Ш.Отгонбилэг агсантай нэг нутгийн, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Ч.Сангарагчаа 2007 оны арванхоёрдугаар сарын 28-нд АТГ-ын даргаар томилогдож, хуулийн дагуу зургаан жилийн хугацаагаар энэ албыг хаших болсон билээ. Тухайн үед “Хадгаламж” банкнаас алдагдсан олон тэрбум төгрөгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарыг, Хавдар судлалын үндэсний төвийн сантехникийн засварын ажил, тусгай тоноглосон эмнэлгийн арван машины аваа, өгөөний хэрэгт орооцолдуулан Л.Гүндалайг шалгахаар болсон, энэ талаар ид шуугиж байв. УИХ-аас энэ дөрвөн гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр гэр, албан өрөө, машинд нь үзлэг хийх эрхийг хууль хяналтынханд олгосон тогтоол гаргалаа.
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа үүрэгт ажлаа авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт анх удаа 2008 оны нэгдүгээр сарын 9-нд бараалхав. Ч.Сангарагчаа энэ өдрөөс эхлэн “УИХ-ын тогтоолоор нэгжлэг үзлэг хийдэг хууль гэж байхгүй. Хуулийн байгууллага хуулийн дагуу ажиллахын тулд гишүүдийн бүрэн эрхийг зайлшгүй түдгэлзүүлэх шаардлагатай” гээд л хашгирч эхэлсэн юм. Хэдийгээр эрхэм түшээ нарын нэгний нь ч эрхийг түдгэлзүүлээгүй боловч, энэ их хашгирааны эцэст Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нар 2008 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэнгүй дээ гэж надад бодогдсон. Ямар ч болов Ард түмний нам(АТН)-ын дарга Л.Гүндалай айсандаа болоод төрийн олон түшээгээр өөрийгөө хамгаалуулахын тулд АН-даа эргээд орчихсон. Уул нь Л.Гүндалай Хөвсгөл аймагтаа АТН-аасаа нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж, парламентад суудалтай намын хувьд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх байв шүү. Л.Гүндалай, би 45 хүрчихсэн, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, Намбарын Энхбаярыг далаар нь цэвэр тавина гэж баахан дэвсэн байх аа. Арай бие дааж нэр дэвшинэ гээгүй. Ц.Элбэгдоржийн аз болоход энэ нь Сонгуулийн хуульд байхгүй заалт. Ингээд бодохоор АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нь айлган дарамталж байгаад АТН-ыг даргатай нь будаа болголоо гэсэн чинь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн санал хуваан МАХН-ын Н.Энхбаярыг ялах гарцыг нээж өгөн гурав дахь нэр дэвшигчээр орж ирэх байсан Л.Гүндалайг хойш татсан байгаа биз. Хувь тавилан гэдэг сонин юм даа. Ерөнхийлөгч болоход нь санамсаргүйгээр тусалсан Ч.Сангарагчааг өнөөдөр Ц.Элбэгдорж ажлаас нь хусах гэж эр хүний арван гурван мэхнээс эхлээд аливаа хуулийн цоорхойг хайн зүтгэж байна. Харин тэр жилийн наадмаар сурвалжлагч Ц.Элбэгдоржийн зургийн дуранд өртөж байсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ Их Хурлын Байнгын хорооны дарга болчихсон Ц.Элбэгдоржид “тусалсан” Ч.Сангарагчааг хамгаалж суух юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болоод жил гаруй боллоо. Болохоосоо өмнө ч тэр, болсны дараа ч ялгаагүй эрх зүйн шинэтгэл хийнэ гэж их ярьж байгаа. Түүний саналаар Ерөнхий прокурорын албан тушаалд томилогдсон Д.Дорлигжав “АТГ-ын дарга Ч.Сангарагчааг шалгахдаа албан тушаалаас нь түдгэлзүүлж байж шалгана” хэмээн улайрч буй, энэ зөв байх. Хүмүүс тоглоом шоглоомоор АН-ын экс дарга Ерөнхий прокурор боллоо, МАХН-ын экс дарга Н.Энхбаярыг АТГ-ын дарга болговол таарна хэмээн ярьж байна. Тэгээд ч тус газрын дэд дарга Д.Сундуйсүрэн нь Намбар гуайтай нэг нутгийн хүн гэнэ. Үүнээс харвал Ерөнхийлөгчийн хийж байгаа, хийх гэж байгаа эрх зүйн шинэтгэлийг хүн дээр аваачиж наагаад, тухайн албан тушаалтныг ажлаас өргөдлийг нь өгч чөлөөлүүлчихээд оронд нь “Ц.Элбэгдоржийн хүн” гэх тодотголтой хэнийгээ томилуулах гээд байна аа гэсэн хардлага гараад байгаа аж.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар БСШУЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран Шүүхийн тухай болон Боловсролын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тухай эсэхийг магадалж, шүүгч нарын мэргэжлийн дипломд салхи оруулан авч үзжээ. Гэтэл зөвхөн хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөлөл хийх эрхтэй 13 эрх зүйч хууль зөрчин хуульчийн эрх эдлэн шүүгч хийгээд явж байгаа нь баригдсан байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хийж буй эрх зүйн шинэтгэл зөв голдирлоор ард түмэндээ зөв харагдаж, зөв үнэлэгдэхээр өрнөөсэй билээ. Прокурорын байгууллага, АТГ руу алхдагаа алхчихсан, одоо шүүх рүү явж буй дараагийн алхам нь дээр дурдсан ажил. Бөрт чонын удамт монголчуудын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж ч чонын хийморьтойсон, уул нь. Чоно гэснээс Монгол Улсын гавьяат тамирчин, Д.Цэнд-Аюуш заан наадмын өмнө зургадугаар сарын дундуур телевизээр “Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чонын мах идсэн” гэж ярьсан юм. “Идсэн гэнэ лээ” гэж хэлээгүйг бодоход төрийн тэргүүнээс чонын махаар хийсэн хоолны захиалга авсан хүн нь нэг бол өөрөө, эсвэл Д.Цэнд-Аюуш зааны найз байх. Их л мэдэмхий ярьж байсан. Дашрамд дурдахад гавьяат тамирчны ярилцлагыг орон даяар дамжуулсан телевиз нь арилжааны, нэвтрүүлэг хийсэн газар нь төмөр замын Баянбуурал амралт байсан шүү. Баянбууралын амралтын даргаар саяхныг хүртэл гадаадад томилолтоор явахаасаа өмнө Улсын Ерөнхийлөгчийн төрсөн ах нь ажиллаж байсныг олон хүн мэднэ дээ.
Б.ЕРЭНТЭЙ
Зохиогчийн эрх: Үндэсний шуудан сонин