Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ард иргэдийн дунд Covid-19 халдварын дархлаа тогтоц буюу эсрэг биет тодорхойлох шинжилгээг хийж эхэлжээ.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төмөр зам, Алтанбулаг боомт дахь хилийн цэрэг, ХМХА, Гааль, Алтанбулаг ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 623 хүнээс арванхоёрдугаар сарын 19-нд цус авч уг шинжилгээг хийсэн байна. Тус аймгийн хэмжээнд 10 ажиглалтын байр, нэг тусгаарлах байранд 110 иргэн хяналтад байна. Түүнчлэн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 453 вагон, 26 ажилтныг шалган нэвтрүүлжээ.
“Эрүүл иргэнээс эрүүл өрх-Эрүүл өрхөөс эрүүл Сэлэнгэ” зорилтын дагуу арванхоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Сүхбаатар сумын өрхүүдийн дунд зохион байгуулсан өрх бүрийн төлөөллийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг явуулжээ. Энэ ажилд 120 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд, ариутгал халдваргүйжүүлэлтийн, харуул хамгаалалтын 60 гаруй албан хаагч ажиллажээ. Нийт шинжилгээнд хамрагдах боломжтой өрхийн 98.3 хувь нь PCR шинжилгээгээ өгсөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн коронавирустэй хүмүүсийг эмчлэх тасагт 13 өвчтөн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 14 байршлын тусгаарлах байранд 145 иргэн хяналтад байна.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ