АНУ-ын Засгийн газрын сүлжээ энэ долоо хоногт цахим халдлагад өртсөн. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хакерууд Засгийн газрын цөмийн зэвсэгтэй холбоотой нууц мэдээлэлд нэвтрэхийг оролдсон ч албаныхны шуурхай хариу арга хэмжээ авсан аж. Тэгвэл АНУ-ын эрх баригчдын олонх нь тус халдлагад ОХУ-ыг сэжиглэж байгаагаа мэдэгдсэн. Харин Москвагийн зүгээс болсон явдалд ямар ч хамааралгүй гэдгээ илэрхийлсэн юм. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп цахим халдлагын гол буруутан нь Орос биш, Хятад байж магадгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өчигдөр/2020.12.19/ твиттер дээрээ “Цахим орчинд энэ долоо хоногт болсон халдлагын талаар буруу зөрүү мэдээлэл их тарж байна. Би энэ талаар маш сайн судалсан хүний хувьд хэлэхэд бүх зүйл хяналтад байгаа. Одоо та бүхэн юм л бол Орос, Орос, Орос гэхээ болих хэрэгтэй. Эдийн засаг гэх мэт олон шалтгааныг бодоод үзвэл халдлагын буруутан нь Хятад байж ч магадгүй шүү дээ” хэмээн бичсэн байна.
Эргэн санавал, энэ сарын эхээр хакерууд SolarWinds Orion Platform хэмээх бараг 500 корпораци, Засгийн газрын хэд хэдэн агентлаг, тэр дундаа Төрийн департмент, НАСА, Пентагон зэргийн хэрэглэдэг цахим сүлжээний платформд халдсан юм. Хэвлэл мэдээллийнхэн болсон явдлын талаар мэдээлэхдээ ихэнх нь ямар ч баримт нотолгоогүйгээр ОХУ-ыг буруутгажээ.
Харин төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлснээр хэргийн буруутныг олж тогтоох ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд үр дүнг нь олонд мэдээлэхгүй гэнэ. Тэрбээр “Бид энэ хэргийн гол буруутныг ОХУ хэмээн үзэхэд хилсдэхгүй. ОХУ бол АНУ-ын дайсан. Владимир Путин бол эрх чөлөөг эрхэмлэгч бид бүхний хувьд хамгийн том аюул” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ