Хатуу хөл хориог сулруулж, Засгийн газраас иргэддээ сюрприз барив

Хуучирсан мэдээ: 2020.12.20-нд нийтлэгдсэн

Хатуу хөл хориог сулруулж, Засгийн газраас иргэддээ сюрприз барив

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


САР ГАРУЙ ХУГАЦААНД ИРГЭДИЙГ ХӨЛ ХОРЬСОН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАВ

Засгийн газар арванхоёрдугаар сарын 9-ний  өдрийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үе шаттай нээсэн юм. Ингэснээр  34 аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байгааг албаныхан мэдээлсэн.

УОК, Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-ноос арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгааг зарласан.  Манай улсад өмнө нь энэхүү арга хэмжээг авч байгаагүй бөгөөд анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн юм.

Харин арваннэгдүгээр сарын 15-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг Covid-19 цар тахлын дотоодын нөхцөл байдалтай уялдуулан 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Түүнчлэн Засгийн газар арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хурлаараа халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон халдвар гараагүй нутгуудад хөл хорионы зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Харин нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгасан билээ.


ЭРЧИМ ХҮЧ, УС ДУЛААН, ХОГНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨР ХАРИУЦАХ БОЛСОН НЬ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭВ

Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг Засгийн газраас гаргасныг арванхоёрдугаар сарын 13-нд танилцуулсан. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл  аж ахуй нэгж, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцана. Гэхдээ төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч,  газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа есөн аж ахуй нэгж, байгууллага үүнд хамаарахгүй. 123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцах юм байна. Ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарах юм байна.

Тус шийдвэр гаргасан өдөр манай улсын цахилгааны хэрэглээ 50 мВт-аар нэмэгджээ.  Энэ нь Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын анх суурилагдаж байсан хүчин чадал юм байна. Түүнчлэн өнгөрсөн хэдэн хоногт ачаалал улам нэмэгдэж, тооцоолсноос хоёр дахин буюу 200 мВт хүртэл өсчээ. Энэ нь эрчим хүчний системийн хэмжээнд эрсдэл дагуулж болзошгүй нөхцөл үүсгэсэн тул Эрчим хүчний яамнаас журам гарган, цахилгааны илүү төлөлтийг иргэн, аж ахуй нэгж өөрсдөө хариуцах зохицуулалт хийсэн нь эрчим хүчний хэрэглээг 50-75 мВт-аар бууруулсан байна. Ингэхдээ орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны ачаалал 5-10 хувиар буурсан болохыг албаныхан тодотголоо. Мөн өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад цахилгаан, дулаан, усны мөнгө нь өндөр гарсан нөхцөлд хөнгөлөлт эдлэх хугацаандаа зөрүү мөнгөө иргэд өөрсдөө төлөхөөр зохицуулалт хийсэн юм.


АРДЧИЛСАН НАМ ДҮРМЭЭ ӨӨРЧИЛЖ, ДАРГАА ИХ ХУРЛААРАА СОНГОХООР БОЛОВ

Ардчилсан нам X их хурлаа хоёр өдөр хийхээр төлөвлөөд байсан ч өчигдөр /2020.12.18/ үдэш дуусгажээ. Уг хурлаар Ардчилсан намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ намын даргыг нийт гишүүдийн сунгаагаар бус их хурлаас сонгохоор болж, өөрчилжээ. Мөн үндсэн дүрмийн хүрээнд санхүүгийн хяналтын албыг шинээр байгуулахаар болжээ. Үндсэн дүрмийн өөрчлөлтийг баталгаажуулахын тулд Улсын дээд шүүхэд өгч хянуулна. Иймээс ойрын хугацаанд буюу ирэх Даваа гаригаас дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд өгөх юм байна. Шүүхээс дүрмийг маргаангүй гэж үзсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Тодруулж хэлбэл, Улсын дээд шүүхээс дүрмийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд намын даргыг их хурлаар сонгох боломж бүрдэнэ, хэрэв эс зөвшөөрвөл бүх гишүүдээс санал авч намын дарга сонгодог өнөөгийн дүрэм үйлчлэх аж.

Мөн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ц.Тувааныг чөлөөлсөн гэх мэдээллийн тухайд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өчигдөр орой тушаал гаргаж, Ц.Тувааныг чөлөөлөх шийдвэр гаргасан юм байна. Гэхдээ X их хурлаас шинэ дарга сонгогдтол Ц.Туваан Ардчилсан намын даргын үүргийг түр орлохоор болгож, үлдээжээ. Тус намын их хурал нь 1400 гаруй гишүүнтэй, энэ удаагийн хуралд 1200 орчим төлөөлөгч оролцжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
159
ТэнэглэлТэнэглэл
44
ХахаХаха
40
БурууБуруу
36
ЗөвЗөв
31
ГайхмаарГайхмаар
19
ХарамсалтайХарамсалтай
18
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж