МҮОНРТ-ийн ерөнхий захирлын томилгоо хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын томилгоо хойшилжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын томилгоо хойшилжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг нээлттэй сонгон шалгаруулахаар болж, нэрээ дэвшүүлсэн 17 хүнээс өчигдөр /2020.12.18/ ярилцлага авахаар Үндэсний зөвлөл өдөр товлоод байсан ч хойшлуулжээ.

Учир нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хандан “Хуулийн хүрээнд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ёстой” гэсэн албан бичиг хүргүүлсэн мэдээлэл байна.

УИХ арванхоёрдугаар сарын 10-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллах зургаан гишүүнийг томилсон. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс сэтгүүлч Ж.Цэсэнг, Засгийн газраас  “Itoim.mn” сайтын эрхлэгч Г.Отгонбаяр, "Sound Of Mongolia" компанийн захирал М.Уянга, УИХ-аас МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, "Үнэн" сонины эрхлэгч Б.Ганболд, МУСГЗ, нэвтрүүлэгч Д.Цоодол нарыг дэвшүүлснийг УИХ баталсан юм. Харин УИХ-аас санал болгосон Ч.Батцэнгэлийг МҮОНРТ-ийн  ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд эсэргүүцсэн тул тэрбээр нэрээ татсан.

УИХ-аас томилгоог хийхдээ Үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр тогтоолыг баталсан тул тэр үеэс МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулах ажиллагаа хэрэгжихэд асуудалгүй гэж үзсэн бололтой.

МҮОНРТ-ийн уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд ерөнхий захирлыг огцруулах шаардлага тавьснаас гадна МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх асуудлыг ч давхар тавьж ирсэн. Энэ асуудалтай холбоотойгоор бүрэн эрхийн хугацаа нь дуусаад байсан гишүүдийн оронд шинэ хүмүүсийг томилох асуудлыг УИХ шийдвэрлэсэн. Хуучин Үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа шинэ гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээр дуусгавар болно.

Нөгөө талдаа МҮОНРТ-ийн уран бүтээлчид сэлгээгээр орж ирсэн шинэ Үндэсний зөвлөлийн гишүүд ерөнхий захирлыг томилох ёстой гэсэн байр суурь барьж байгаа тул хуучин бүрэлдэхүүн шинэ захирлын томилгоог шийдэх нь бас нэг  шинэ “хэрүүл” үүсгэнэ гэж болгоомжилсон байх талтай аж.

Хуулиараа МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн гишүүдээс гурван жилийн хугацаатайгаар томилдог.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад А. Энхтуул, С. Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш. Отгон- Өлзий, Н. Болормаа, Р. Гандиймаа, А. Бүрэнбаатар, Э. Дагиймаа, Н. Дэмбэрэл, С. Баярмөнх, Д. Хажидмаа, Т. Бат-Оргил, Б. Цондовдорж, Г. Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү. Батзориг, То. Батзориг нарын 17 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгаа юм.

Шинэ он гарч байж, МҮОНРТ ерөнхий захиралтай болох нь ээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж