"Сүүлийн хоёр тохиолдлын хавьтлыг бүрэн илрүүлээгүй байна"

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

COVID-19

"Сүүлийн хоёр тохиолдлын хавьтлыг бүрэн илрүүлээгүй байна"

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, December 18, 2020

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.12.19/ мэдээллээ хийлээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр өчигдөр /2020.12.18/  нийт 11191  сорьцод PCR шинжилгээ хийснээс  12 хүнээс   Сovid-19 илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын зургаа нь Баянзүрх дүүргийн голомтоос илэрсэн бол  арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зургаан хүний давтан шинжилгээнээс Сovid-19 халдвар илэрсэн байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн Сovid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 169 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Сovid-19 халдвар авсан нь батлагдсан 26 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтал 803 хүнийг илрүүлж хяналтад авсан. Нэгдсэн эмнэлэгт 379 хүн байгаа юм. Эмч ажилтан, өвчтөн сахиурууд байгаа юм. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилнэ. Өнгөрсөн 24 цагийн турш халдварын шинэ голомтод ХӨСҮТ  Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран ажилласан. Батлагдсан 18 тохиолдлуудыг зөөвөрлөх, тусгаарлах, ойрын хавьтлын 42 хүнийг ажиглан гэрт нь тусгаарлаж шинжилгээ авах ажлыг зохион байгууллаа. Мөн дахин 100 гаруй хүнээс шинжилгээ авах, тусгай үүргийн онгоцоор ирсэн 173 хүнээс шинжилгээ авч, тусгаарлалаа. Энэ үйл ажиллагааг өдөр бүр зохион байгуулж байдаг.

Улаанбаатар хотод Сovid-19 халдварын хэд хэдэн голомт үүссэн тул алаг цоог өвчлөл гарах эрсдэл өндөр байна. Иймд хүн бүр амны хаалт зүүж, зай барих, шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг уриалъя.

Өвчлөл бүртгэгдсэн аймгуудад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Улаанбаатарт бүртгэгдсэн Сovid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 169 болжээ. Харин сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тодруулбал,

  • Сэлэнгэ -216
  • Архангай-3
  • Говьсүмбэр 4
  • Дорноговь-32
  • Орхон-25
  • Дархан-Уул-45
  • Улаанбаатар 169 /шинээр 12 тохиолдол батлагдсан/

              Халдвар авсан иргэдээс 36 эдгэж, 3 хүний бие маш хүнд байна

Улсын хэжмээнд Сovid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 953. Үүний 494 нь дотоодод бүртгэгджээ. Өнөөдөр 36 хүн эдгэж дараагийн шатны сувилал руу шилжсэн байна. Одоогоор  нийт батлагдсан тохиодлуудын 509 нь эдгэсэн бол 3 хүний биеийн байдал маш хүнд байна. Тодруулбал, ХӨСҮТ-д Сovid-19 халдварын онош нь батлагдсан 81 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний  биеийн байдал хүнд бол 10 хүний бие хүндэвтэр байна. Хөнгөн 70 хүн эмчлүүлж байна. Мөн Цэргийн төв эмнэлэгт 126 хүн эмчлүүлж байгаагаас нэг нь маш хүнд, хүнд хоёр  байгаа бол хүндэвтэр 14, бусад нь хөнгөн аж.

Нийтийн тээвэр, эмнэлэг, асрамжийн газар халдварт өртөх эрсдэл өндөр

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт лабораториор батлагдсан 12 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх өдрийнхөөс 6 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.  Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд 2500 гаруй эмч эмнэлгийн ажилтан 24 цагийн хугацаанд ажилласан байна. Өчигдөр Сovid-19 илрүүлэх шинжилгээнд 403.400 хүн хамрагдсан байна. Covid-19 халдвар нийслэлд голомтлон гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг 4 обьектод халдваргүйжүүлэлт хийсэн. Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утсанд Сovid-19 халдвартай холбоотой мэдээлэл зөвлөгөө, эмнэлгийн тусламж авсан. Мөн томуугийн харуулдан тандалтыг өргөжүүлэхээр ажиллаж байна. Тархвар судлалын 50 дахь долоо хоногт томуу томуу төст өвчлөл буурсан үзүүлэлттэй байгаа нь иргэд амны хаалт тогтмол зүүж байгаатай холбоотой. Тиймээс Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагаж мөрдвөл Сovid-19 халдвараар өвчлөхгүй байх боломж бидэнд байна.Цаашид иргэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, эрсдэлтэй орчинд очихгүй байх хэрэгтэй.

Нийтийн тээвэр болон дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэх нь эрсдэлтэй.  Ялангуяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсантай холбоотойгоор эмнэлэг, асрамжийн газар халдварт өртөх хамгийн эрсдэлтэй. Эмнэлэгт очих шаардлагатай бол өндөр настан, хүүхдээ дагуулахгүй байхыг зөвлөе. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол сахиурын тоог багасгах, нэг л хүнийг сонгох хэрэгтэй байна. Архаг хууч өвчтэй хүмүүс хяналтын эмчээсээ утас болон цахимаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ тасалдаагүй

Мэдээллийн дараа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 379 хүн байгаа юм байна. Тусгаарлалттай холбоотойгоор хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эмчилгээ завсардсан уу?

-Д.НАРАНГЭРЭЛ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг өчигдөр ЭМЯ-ны хурлаар хэлэлцсэн. Тухайн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлэл танилцуулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд доголдол үүсээгүй, эмчилгээ  хэвийн үргэлжилж байна.

А.АМБАСЭЛМАА: Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Эмчилгээний хоног нь дууссан хэвтэн эмчлүүлэгчид эмнэлгээс гарч тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдана. Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохицуулалт хийж, эмчилгээ үйлчилгээнд анхаарч, өөр бусад дүүргээс эмч эмнэлгийн ажилтан нөхөлтөөр ажиллуулах арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

-Амгалан гаалийн ажилтны халдварын голомт хаанаас үүдэлтэй вэ.Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн халдварын голомт төмөр замын ажилтантай холбоотой байх магадлалтай гэх мэдээлэл байна. Халдварын голомтууд хоорондоо холбоотой юу?

-А.АМБАСЭЛМАА: Цар тахлын эрсдэлтэй үед Сovid-19 халдварыг хаанаас ч хэнээс ч авч болно. Иймд гаалийн ажилтан хэмээн цоллох нь тохиромжгүй юм. Тухайн хүнд хүндээр тусна. Халдварын өндөр эрсдэлтэй бүсэд ажилладаг, гадаадаас ирж буй бараа бүтээгдэхүүнийг хуваарилдаг, хилийн төмөр замын гааль дээр ажилладаг байсан учраас халдварт өртсөн. Агаар дуслын болон амьсгал, ахуйн хүрээний замаар халдаж буй цар тахал олон хүнийг хамарч, халдварын голомт үүссэний дараа өвчлөл алаг цоог хэлбэрээр бүртэгддэг. Улаанбаатар хот халдварын том голомт болсон. Халдварын сүүлийн хоёр голомт хоорондоо холбоотой эсэхийг одоогоор тогтоогоогүй ч үргэлжлүүлэн судална. Мөн хавьтлыг  бүрэн илрүүлээгүй байна. Хөнгөн балархай хэлбэрээр өвдсөн, шинж тэмдэггүй хүн ч та бидний дунд байж болзошгүй тул иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, амны хаалтаа тогтмол зүүж, ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал.

-Зах худалдааны төвүүдээр иргэд үйлчлүүлэхдээ хүний бөөгнөрөл үүсгэж, зай барихгүй байна. Худалдааны төв, дэлгүүрүүдэд олон хүний бөөгнөрөл үүсч байгаа нь халдвар гарах эрсдэлтэй юм биш үү. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах уу?

-Д.НАРАНГЭРЭЛ: Хүнсний зах, худалдааны төвүүдэд хүмүүс нэг дор цугларах, хүн хоорондын зай барьдаггүй асуудал их гарч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулах талд ажиллаж байгаа. ЭМЯ халдвар хамгааллын дэглэм сахих зөвлөмж, сануулгыг өгсөөр байгаа ч дээрх зөрчил түгээмэл байгаа нь нэгдүгээрт аж ахуй нэгж байгууллагын хариуцлагын асуудалтай холбоотой. Хоёрдугаарт, хувь хүн бие биедээ зай барих шаардлага тавих хэрэгтэй. Таны дэргэд Сovid-19 халдвартай, шинж тэмдэггүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

 Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж