АН дүрмээ өөрчилж, даргаа их хурлаараа сонгохоор болов

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

АН дүрмээ өөрчилж, даргаа их хурлаараа сонгохоор болов

АН дүрмээ өөрчилж, даргаа их хурлаараа сонгохоор болов

НЭМЭЛТ: 

Ардчилсан нам X их хурлаа хоёр өдөр хийхээр төлөвлөөд байсан ч өчигдөр /2020.12.18/ үдэш дуусгажээ. Уг хурлаар Ардчилсан намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ намын даргыг нийт гишүүдийн сунгаагаар бус их хурлаас сонгохоор болж, өөрчилжээ. Мөн үндсэн дүрмийн хүрээнд санхүүгийн хяналтын албыг шинээр байгуулахаар болжээ. Үндсэн дүрмийн өөрчлөлтийг баталгаажуулахын тулд Улсын дээд шүүхэд өгч хянуулна. Иймээс ойрын хугацаанд буюу ирэх Даваа гаригаас дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд өгөх юм байна. Шүүхээс дүрмийг маргаангүй гэж үзсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Тодруулж хэлбэл, Улсын дээд шүүхээс дүрмийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд намын даргыг их хурлаар сонгох боломж бүрдэнэ, хэрэв эс зөвшөөрвөл бүх гишүүдээс санал авч намын дарга сонгодог өнөөгийн дүрэм үйлчлэх аж.

Мөн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ц.Тувааныг чөлөөлсөн гэх мэдээллийн тухайд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өчигдөр орой тушаал гаргаж, Ц.Тувааныг чөлөөлөх шийдвэр гаргасан юм байна. Гэхдээ X их хурлаас шинэ дарга сонгогдтол Ц.Туваан Ардчилсан намын даргын үүргийг түр орлохоор болгож, үлдээжээ.

Тус намын их хурал нь 1400 гаруй гишүүнтэй, энэ удаагийн хуралд 1200 орчим төлөөлөгч оролцжээ.


АН-ын их хурал үргэлжлэх үү? 

Ардчилсан намын их хурал өчигдөр эхэлсэн, өнөөдөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Их хурлыг хоёр өдөр хийхээр төлөвлөсөн ч цар тахлын үед хуралдааныг сунжруулах шаардлагагүй гэдэг асуудлыг гишүүд нь мөн тавьсан аж.

Covid-19 цар тахлын үед Х их хурлыг зохион байгуулж байгаа учраас нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөгчид энэхүү үйл ажиллагаанд цахимаар оролцсон юм.

Их хурлаар Ардчилсан намын үндсэн дүрмийг өөрчлөхөөр хэлэлцэж эхэлсэн. Гэхдээ тус намын лидерүүд болох Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар “Нам 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн нь намын дүрэм, сунгаанаас болоогүй. Эв нэгдлээ хангаж, дүрмээ тогтвортой мөрдөн, ардчиллын үнэт зарчмаа барин цааш ажиллах нь хамгаас чухал байна” гэдэг байр суурийг илэрхийлж буй.

Тодруулбал, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл “Сунгаанаас болж нам хагарлаа гэж ярьж байна. Гэтэл нам хагарахдаа хүрвэл их хурлаас намын даргыг сонгодог байсан ч хагарна. Мөн сунгааны үед ч хагарна. Их хурлаар намын даргыг сонгох үед хагарвал тогтворгүй байдлыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг хүмүүс их хурлаа хуралдуулахыг шаардаад намын даргаа солино гээд явчихдаг. Их хурлаас намын даргыг сонгодог байх үетэй холбоотой гашуун их туршлага бидэнд бий шүү дээ. Сунгаагаар бол намын даргын бүрэн эрх дөрвөн жилээр баталгаатай байдаг юм. Тэгэхээр хагарлыг болиулах тоглоомын дүрмээ сайжруулах ёстой. Их хурал ч хагарлыг болиулж чадахгүй шүү дээ.

Намд нэг аюул тулгараад байна. Нэг хүн, нэг хэсэг хүн ашиг сонирхолдоо нийцүүлээд намын дүрмээ дураараа өөрчиллөө гэж бодъё. Гэтэл нөгөө талд дүрмийн бус гэж эсэргүүцэх баахан хүн гараад ирвэл яах вэ. Олон мянган гишүүнтэй нам хэсэг бүлэг хүний сонирхолд нийцээд явчихна гэж үгүй. Гомдол гаргах өчнөөн хүн бий. Ингээд нам сонгуулиас өмнө дүрмээсээ болоод хагаралд орчихно.

Өнөөдөр МАН мөнгөтэй, эрх мэдэлтэй, маш хүчирхэг байна. Гэтэл бид МАН-ын хуулбар болчих юм бол энэ намтай өрсөлдөж чадахгүй. Хэзээ хүн хуулбарыг нь дагаж байсан юм. Хүн сонгохдоо тулбал хоёр ижил юмны оригналийг нь сонгодог биз дээ. Гэтэл энэ дүрмээр МАН-ын хуулбар болох гээд байна. Үүнд л би хамгийн ихээр санаа зовж байна. МАН-аас ялгардаг дүр, төрх байхгүй болно. Бид нар хэрэлддэг л байсан. Хэрэлдсэн ч ард түмэн сонгодог л байсан. Сунгаа гэх үлэмж, далайцтай үйл ажиллагааныхаа хүчээр бид хэд, хэдэн сонгуульд ялсан. МАН-ын улс төрийг МАН л хийж чадна. Ардчилсан нам хэзээ ч хийж чадахгүй. Эсрэгээрээ Ардчилсан нам ардчилсан байж л ардчилсан улс төр хийнэ. Сунгаанд асуудал бий бол журмаа өөрчлөхөд л болно шүү дээ”гэж мэдэгдсэн.

Харин Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Хуучин бид мөрдөж ирсэн дүрмээ өөрчилсөн нь бүлэг фракцын хуваагдлаас гаргаж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тугтай нам болгоё гэж зорьж, дүрмээ шинэчилсэн.

Энэ нам шинэчлэлийн чиглэлээр маш том алхам хийсэн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм бол маш сайн дүрэм. Бүтэн гурван жил 330 сум, 172 хороо, бүх гишүүдээр хэлэлцүүлэгдэж баталсан. Анх удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн энэ дүрмээр гишүүдийн оролцоог маш сайн хангаж өгсөн. Хуучин бол ҮБХ гэж 228 төлөөлөлтэй, тухайн үеийн намын даргадаа таалагдахын тулд л ажиллаж байсан. Шинээр сонгогдсон 410 ҮБХ-ны гишүүд бол анхан шатандаа орж ажиллахгүй бол улс төр нь явахгүй болдог болсон. Намын гишүүдээс дэмжлэг авах шаардлагатай, гишүүн төвтэй, бүх гишүүдийн сунгаагаар гарч ирдэг дүрмийн өөрчлөлт байсан. Үүнд дургуйцсэн хүмүүс өнөөдөр энэ дүрмийг буцаагаад бүлэг фракцын дүрэмтэй болгох гэж байна. Энэ бол ухралт, 200 гаруй гишүүн маань хэн ч биш болно гэсэн үг. 400 гаруй ҮБХ-ны гишүүдэд таалагдвал бол оо. Ийм л зүйл рүү явж байна. Намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадахгүй бол яаж сонгогчдын дэмжлэгийг авч чадах юм бэ" хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж