Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

NEWS агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна.


О.Мөнхсайхан: Шүүхийн хараат бус үнэлгээгээр Монгол Улс 120-д жагсдаг

УИХ-аар хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуулийн төслийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.

-Шүүхийн тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байна вэ?

-Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар шинэчлэн байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ш.Адъшаа нар ажиллаж байна. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг байгуулсан. Ажлын дэд хэсэгт ХЗДХЯ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо төдийгүй бүх шатны шүүх, ШЕЗ, өмгөөлөгч, хуульч, судлаачдын төлөөлөл орж, сайн хууль гарахад хувь нэмрээ оруулахын төлөө сүүлийн сар шахам хугацаанд хичээнгүйлэн ажиллахын зэрэгцээ бусад шүүгчид, хуульчид, судлаачдын ч саналыг хүлээн авч, тусгаж ажиллаж байна. Дэд хэсгийн түвшинд хэлэлцэж гаргасан саналыг харгалзан боловсруулсан хүрээнд УИХ-ын Ажлын хэсэгт орсон эрхэм гишүүд нухацтай хэлэлцэж, олонхоороо маш зөв шийдлүүд гаргасан тул үүнийг УИХ-ын бусад гишүүд дэмжин баталж, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаасай гэдэг үүднээс судлаачийн хувьд энэ ярилцлагыг өгч байна. Учир нь энэ бүх зөв зүйтэй саналууд хэлэлцэгдэж шүүгдээд, гол агуулгаараа батлагдах эсэх нь УИХ-ын гишүүдийн гарт байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2382803/ линкээр орж унших боломжтой.


С.Эрдэнэ: Би намын дарга хэвээр байгаа

Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан намын X их хурлыг дүрмийн бус гэж хэлсэн. Харин намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан дүрмийн дагуу явж байгаа гэсэн тайлбарыг өгөөд буй. Дүрмийн дагуу гээд 1200 гаруй төлөөлөгч оролцож байгаа Их хурал яагаад дүрмийн бус гэж?

-Хүмүүс цуглуулаад, хуралдсанаараа их хурал болчихгүй шүү дээ. Ардчилсан нам өөрөө дүрэмтэй. Аливаа байгууллага, улс орон, хувь айл, хүүхдүүд ч дүрэмтэй тоглож, дүрэм зөрчвөл булхайцлаа гэж ярьдаг. Тэгэхээр дүрэмгүй зүйл гэж үгүй. Үндэсний хэмжээний нам болох Ардчилсан нам Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Тэр дүрмийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах ёстой. Түүнээс хэн нэгэн өөртөө ашигтайгаар хэсэг бүлэг хүмүүс цуглуулж, их хурал, ҮБХ зэрэг дуртай хурлаа хийж, түүнээс гарсан шийдвэрийг хууль ёсны юм шиг яриад явах юм бол замбараагүй байдалд орно.

Монгол Улс өөрийн гэсэн Үндсэн хуультай, энэ хуулиас салбарласан маш олон хууль өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Хууль бүр өөрийн гэсэн эрх, хэмжээ тогтоодог. Түүн шиг Ардчилсан намын Үндсэн дүрэм бол энэ намын дотоод үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоож өгсөн намын Үндсэн хууль.

Намынхаа Үндсэн дүрмийг барьж ажиллах нь Улс төрийн намын тухай болон бусад хуулиар хүлээсэн үүрэг. Үүнийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь дүрэмд заасан заалтуудаас харагдана. Нэгэнт дүрэм зөрчсөн учраас дүрмийн бус байна гэж хэлээд байгаа юм. Ц.Туваан гэдэг хүнд би түр эрх шилжүүлсэн. Би намын даргын эрхийн мэдлийг бус намын дүрэмд заасан намын тамга, тэмдгийг дараагийн шинээр сонгогдсон намын даргад шилжүүлэн өгөх үүргийг түр шилжүүлсэн. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй.

Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2384495/ линкээр орж унших боломжтой.


Б.Билэгдэмбэрэл: Гадаадын 40 гаруй улсаас цахим халдлага ирдэг  

Мэдээллийн аюулгүй байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа.

-“Check Point Software Technologies” компаниас энэ оны эхээр Хятадын хакерын бүлэг Covid-19 цар тахлын тухай утга агуулга бүхий файлд хортой код хавсаргаж, Монгол Улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн халдлага үйлдэж буйг анхааруулсан. Энэ сард дахин анхаарууллаа. Манай улсын мэдээллийн аюулгүй байдал хэр сайн хамгаалалттай байна вэ?

-Төрийн байгууллагын цахим шуудангаар дамжиж буй халдлагад тодорхой хэмжээнд шалгалт хийдэг. Өдөрт дунджаар 8000 орчим цахим шуудан дамжиж байгаагаас 20 хувь нь спам байдаг. Эдгээр халдлагыг шалгаж, хүлээж авсан байгууллагуудад нь мэдэгддэг бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 17-нд төрийн 33 байгууллага руу явсан Covid-19-тэй холбоотой цахим шуудангийн хавсралт файлыг шалгахад явуулж буй doc файл нь MS Office дээрх CVE-2017-11882, CVE-2018-0802 цоорхойг ашиглаж, хэрэглэгчийн компьютерийг эзлэх зорилго бүхий хортой код агуулсан файл байсан. Тус цахим шуудангуудыг тухайн байгууллагын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэнүүдтэй хамтран шийдвэрлэсэн. Мөн цахим шуудангаар дамжуулан хийгдэж буй фишинг төрлийн халдлага, APT (зорилготой) төрлийн халдлагуудыг тодорхой төвшинд шалгаж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд тухайн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2383375/ линкээр орж унших боломжтой.


Ж.Ганбаатар: Мөнгөний бодлогын хүүг гурван хувь руу буулгах шаардлагатай

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Цар тахлын үед төр засгийн зүгээс өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэр оновчтой шийдэл гэж та бизнес эрхэлж байсан гишүүний хувьд харж байна вэ?

-Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлд Засгийн газар УОК, НОК муу ажилласан гэж хэлэхгүй. Чадлаараа л ажиллаж байна. Бусад улс орнуудтай адил өвчний тархалтыг барихын тулд хөл хориог өнгөрсөн хугацаанд тогтоолоо. Хөл хорионоос үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл манайд хүндхэн цохилт болсон нь үнэн. Сангийн сайд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын хэлж байгаагаар бол “Зөөлөн газардаж байна” гэж хэлж байгаа. Хөл хорио ААН-үүдэд 80-90 хувийн хүнд цохилт өгсөн. Ялангуяа аялал жуучлал дагасан үйлчилгээний салбарууд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байлаа.

УИХ-ын даргын захирамжаар Цар тахлын үед нийгэм, эдийн засгийг хүндрэлийг давах гурван ажлын хэсэг байгуулагдсаны нэг ажлын хэсгийг нь миний бие ахлаад ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хөл хориог сулруулах мөн иргэдийн зээлийн хүүг гурван сараар тэглэх, хадгаламжийн хүүг зогсоох зэрэг саналуудаа илэрхийлж байсан.

Манай ажлын хэсэг хуралдаж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тодорхой саналуудыг хүргүүлснийг та бүхэн мэдэх байх. Хямралын энэ үед иргэд бага хүүтэй зээл хүсч байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гээд хөл хорионоос өмнө зээл авчихсан иргэд, ААН-ийн хувьд өөрөөс шалтгаалахгүйгээр тухайн бизнес нь гацсан байдалтай өдрөөс өдөрт улам хүндэрч байна. Энэ тохиолдолд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Монголбанкнаас 230 тэрбум төгрөгийг 6.5 хувийн хүүтэй санхүүжилт банкуудад олгож эхэлсэн. Энэ нь цаашаа арилжааны банкнуудаас зээлдэгч рүү очихдоо зээлийн хүү жилийн 10.5 хувиас ихгүй байх юм. Өөрөөр хэлбэл, энэхүү репо санхүүжилтийн хүрээнд арилжааны банкуудын сайн зээлийг Монголбанк үнэт цаасжуулан, худалдаж авч арилжааны банкуудад урт хугацааны санхүүжилт олгож байгаа гэсэн үг.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2383384/ линкээр орж унших боломжтой.

"Цахилгааны ачаалал нэмэгдвэл нийслэлд тэг зогсолт хийх эрсдэлтэй"

Ардчилсан намын Үндэсний  бодлогын хорооны гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга асан Д.Баттулгатай ярилцлаа.

-Хоёр хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаас ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Эл шийдвэрийг МҮХАҮТ цар тахлын үед ААН-үүд ажлын байраа авч үлдэх бодит дэмжлэг боллоо гэж дүгнэж байна. Таны хувьд хувьд эрчим хүчний инженер мэргэжилтэй. Өмнө  нь Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчийг хариуцаж байсан хүний хувьд дээрх шийдвэрийг юу гэж харж байна вэ?

–Мэдээж цар тахлын  үед  ААН болон айл өрхүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн  дэмжлэг үзүүлэх нь ойлгомжтой. Нөгөө талаасаа эрчим хүч нь  эдийн засгийн суурь. Жил бүрийн нэгдүгээр сарын 15-20-ны хооронд цахилгаан эрчим хүч оргил ачаалалдаа хүрдэг. Мэргэжлийн хүний хувьд ийм эмзэг үед Засгийн газар галаар тоглож болж байна уу гэж асуумаар байна. Магадгүй хэрэглэсэн  дулааны эрчим хүчний  үнийг тэглэж болох байсан. Харин  цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэх  нь ноцтой үр дагаварт хүргэх магадлалтай.

-Тухайлбал,

-Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэд сайжруулсан шахмал түлш худалдаж авах  нь багаслаа гэх  мэдээлэл ирж байна. Өөрөөр хэлбэл, гэр хороооллын айл өрхүүд өөрт амрыгаа бодоод цахилгаан халаагуур луу шилжиж байна гэсэн үг. Энэ нь эргээд цахилгаан түгээх сүлжээг гэмтээх аюултай. Оргил ачааллын үед цахилгааны чадал хүрэхгүй. Үүнээс улбаалан хүчдэлийн уналт маш ихээр гарна. Цахилгаан түгээх болон дамжуулах тоног төхөөрөмжүүд их хэмжээгээр гэмтэж шатах аюултай. Тиймээс эрчим хүчний салбарынхан  цахилгааны  хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрнэ. Өвлийн хүйтэнд эрчим хүчийг хязгаарлана гэдэг ААН, айл өрхүүдэд ч  тэр хүнд тусна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2383226/ линкээр орж унших боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж