Улс төрийн мэдээллийн "Politico" агентлаг өчигдөр (2020.12.17) АНУ-ын цөмийн зэвсгийн нууц мэдээллүүдийг хадгалдаг Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдах газар хакерын халдлагад өртсөн талаар мэдээлжээ. Блүүмберг агентлаг ч гэсэн дээрхтэй ижил мэдээлэл нийтэлж, энэхүү халдлага нь ОХУ-ын төлөвлөж буй маш том хэмжээний цахим халдлагын ердөө нэг хэсэг байж болзошгүй хэмээсэн байна.
Америкийн эрдэмтдийн мэдээлж буйгаар, АНУ нийт 3800 орчим цөмийн зэвсгийн нөөцтэй бөгөөд тэдгээрийн ихэнх нь хүйтэн дайны эхэн үед үйлдвэрлэгджээ. “Манай улсын цөмийн хөтөлбөр бол үндэсний аюулгүй байдлын гол суурь юм. Үүнд, Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдах газрын компьютерүүд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул тэднийг хамгаалах нэн чухал шаардлагатай” хэмээн Стратегийн хүчний зөвлөлийн дарга Деб Фишер ярьжээ.
Мөн Эрчим хүчний яамны төлөөлөгч Шэйлин Хайнес хакерууд чухал мэдээлэлд хараахан хүрч чадаагүйг онцлоод, “Энэ удаад мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс харахад хакерууд зөвхөн бизнесийн сүлжээнд л нэвтэрсэн байна. Тэд хараахан үндэсний цөмийн аюулгүй байдлын мэдээлэл зэрэг нэн чухал мэдээллүүд рүү нэвтэрч чадаагүй байна. Эрчим хүчний яам болзошгүй аюулыг мэдмэгцээ нэн даруй үйлдлийн системүүдээ шалгаж, эмзэг хэсгүүдийг сүлжээнээс салгасан нь үр дүнтэй боллоо” хэмээн тайлбарласан байна.
Мэргэжилтнүүд энэ удаагийн цахим халдлагыг АНУ-ын түүхэн дэх хамгийн аюултай халдлага боллоо хэмээн дүгнэж байгаа аж. Цахим аюулгүй байдлын газар дээрх халдлагын буруутныг зарлаагүй ч үйл явдлыг “АНУ-ын эсрэг хамгийн аймшигт заналхийлэл” хэмээн тодорхойлжээ. Харин сенаторууд тус халдлагыг ОХУ-ын тагнуулын албаны үйлдсэн хэрэг хэмээн үзэж байгаа ч ОХУ-ын зүгээс болсон явдалд ямар ч хамаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ