МХЕГ: “Элемент медикал” ХХК хогоо ил задгай хаясан

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

МХЕГ: “Элемент медикал” ХХК хогоо ил задгай хаясан

МХЕГ: “Элемент медикал” ХХК хогоо ил задгай хаясан

Улаанчулуут хогийн цэгт Covid-19 илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд ил задгай байгаа талаар мэдээлэл гарсан. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өчигдөр (2020.12.17) шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Эрүүл мэндийн яам эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг устгадаг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж хог хаягдлуудаа устгуулдаг. Ингэхдээ технологийн дагуу аюултай хог хаягдлыг булж устгах журамтай.

Улаанчулуут хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал устгадаг “Элемент медикал” компанийн устгалын талбай байдаг ч Манай компанитай гэрээтэй эмнэлгүүдийн хог биш байна" гэсэн шалтгаанаар дээрх эмнэлгийн хэрэгслүүдийг устгалд оруулаагүй байна. Тиймээс эхний ээлжинд ямар эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай авчирч асгасныг олж тогтоосон талаар өнөөдөр (2020.12.18) МХЕГ-аас мэдээллээ. 

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.БААТАР:

-Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай, халдвартай байж болзошгүй хог хаягдалд өчигдөр шалгалт хийсэн. Уг хог хаягдал дунд олон тооны шинжилгээ авдаг хуруу шил байсан. Хурууны шилэн дээрх тэмдэглэгээ код, дугааруудаар хөөж шалгаж үзэхэд “Элемент медикал” компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр улсын Мал, эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос хүлээлгэн өгсөн 196.3 кг эмнэлгийн хог хаягдал байсан. Тодруулбал, тухайн байгууллагын жолооч уг хог хаягдлыг арванхоёрдугаар сарын 9-ний өглөө ариутгал хийлгүүлэлгүй ил задгай хаясныг тогтоосон. МХЕГ-аас Covid-19-тэй холбоогүй хог хаягдал болохыг тогтоосон бөгөөд мөрийн баримтан дээрээс нь харахад 2013-2014 онуудад говийн аймгуудаар шинжилгээнд ашиглаж байсан сорьц дээжүүд байсан. Дээрх хэрэгт цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өчигдөр газар дээр нь үзлэг хийж, ажилтнуудаас нь мэдүүлэг авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тухайн ажилтан нь хог хаягдлыг зохих стандартын дагуу хаяагүй бол хүлээлгэх хариуцлагыг прокурорт хянуулаад шийдэх юм.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Элемент медикал” компанийн эмнэлгийн хэрэгслүүдийг устгалд оруулаагүй нь тогтоогджээ. Тус компанид ямар хариуцлага тооцох вэ?

-Захиргааны хэрэг үүсгэгдэхгүйгээр цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэгдээд явж байна. МХЕГ-аас 2020 онд тус компанид гурван удаагийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн учраас зөрчлөө арилгуулах албан шаардлага хүргүүлэхээс гадна 3 сая төгрөгөөр торгосон. Улаанчулуутын хогийн цэгийн ландфиллын талбай нь ахуйн хог хаягдлын цэгийн хашаан дотор байрладаг бөгөөд тусдаа хашаагүй, хамгаалалт муутай, гаднаас ил задгай хог хаях бүрэн боломжтой байсан учраас хашаа хийх албан шаардлагыг хамгийн сүүлд өгсөн. “Элемент медикал” компани энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдвол шүүхээр эцэслэн шийднэ. Эрүүгийн хуулиараа 5-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хорих ялтай.

-Эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг устгадаг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж, хог хаягдлуудыг устгуулдаг гэлээ. МХЕГ-аас ямар журмаар тусгай зөвшөөрөл олгодог вэ?

-Эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог. Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгадаг гурван байгууллага бий. Үүнээс Улаанбаатар хотын баруун хэсгийг "Элемент медикал” компани, зүүн хэсгийг “Элемент” компани хариуцдаг. Орхон аймагт тусгай зөвшөөрөлтэй нэг компани байдаг.

-Мал эмнэлгийн газраас ирсэн хог хаягдал гэсэн. Гэхдээ сорьц дээр хүний нэрээс гадна амны хаалт, хамгаалалтын хувцас, нэг удаагийн зүү тариур хүртэл байсан шүү дээ?

-Мал эмнэлгийн сорьцууд нь тандалтын сан бүрдүүлэх зорилготой гэсэн. Тухайн хог хаягдал нь мал эмнэлгийн гаралтай учраас Covid-19-тэй холбоогүй. Гэхдээ өнөөдөр шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна. 2013 оноос өнөөдрийг хүртэл хадгалж байсан шалтгааныг тогтооно. Сорьцон дээр хүний нэр байгаагүй. Шинжилгээн дээр хүний нэр хэзээ ч бичигддэггүй юм байна. Харин хүний нэр бичсэн нүүрний хаалт болон хамгаалалтын хувцсаас гадна том хүний живх байсан. Үүнээс харахад зөвхөн нэг газраас ирсэн хог хаягдал биш, 2-3 газраас ирснийг нийлүүлээд хаясан байх магадлалтай. Тухайн газарт хашаа болон ямар нэгэн камер байдаггүй.

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Элемент медикал” компанид 2012 онд зөвшөөрөл авахдаа үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдааны чиглэл гэжээ. Яагаад гадаад худалдааны чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан компани эмнэлгийн аюултай хог хаягдлийг устгаад явна вэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл олгодог. МХЕГ-аас тухайн байгууллага тусгай зөвшөөрөлтэй эсэхийг хянадаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж