ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тэрбээр энэ сарын 25-нд товлогдоод байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан талаар мэдээллээ. Л.Мөнхтүшиг "УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгүүдийг хийж байна. Франкфуртын онгоцоор өчигдөр Европын орнуудаас иргэд ирсэн. Өнөөдөр дахин нэг онгоц ирж байгаа, 14:20 цагт Улаанбаатарт бууна.
Дараагийн нислэг энэ сарын 20-нд, Токио чиглэлийн нислэг хэвийн үйлдэгдэнэ. Харин дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 25-нд Сөүл чиглэлд хийхээр төлөвлөсөн нислэгийг цуцлах болсныг мэдэгдэж байна.
Энэ нислэгийг нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулсан иргэд дараагийн тов тодорхой болмогц тухайн нислэгээр ирэх боломжтой. Уг нислэгийг зайлшгүй цуцлах шаардлагатай болсон гэдгийг зөвөөр ойлгохыг иргэдээсээ хүсье.
БНХАУ-ын Өвөрмонголд шинэ голомт илэрсэнтэй холбоотойгоор хоёр улсын ачаа тээврийн нэвтрүүлэх ажил огцом удаашраад байсан. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Эрээн хотод томилолтоор ажиллаж байна. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хил залгаа аймгуудад ажиллаж байна. Замын-Үүд, Эрээний ачаа тээврийг хэвийн горимд шилжүүлэхээр шуурхай ажиллаж байна. Өвөлдөө 200 ачааны автомашин хилээр гардаг байсан бол өнөөдөр нөхцөл байдлаас хамаарч энэ тоо огцом буурч, 20-30 болсон. Бид 50 жолоочтойгоор хоёр талдаа тээвэр хийхээр тохиролцоонд хүрсэн. Өмнө нь 18 жолооч Эрээнд байсан бол өчигдөр нэмж 32 жолоочийг хилээр нэвтрүүлсэн.
Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод нүүрс тээвэрлэж буй жолооч нар хоёр талдаа шинжилгээ өгч байна. Бид нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Халдварын дэгдэлт дэлхий дахинд буурахгүй хэвээр байна. Ялангуяа халдварын голомтоо хумиад байсан улс орнуудад халдвар дахин гарч байна. Манай улсын иргэд олноор суурьшдаг БНСУ болон Сиднейд сүүлийн 14 хоногт халдвар дахин гарч байгаа учраас Сиднейд амьдарч буй Монгол Улсын 5000 орчим иргэнээс халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүсье" гэсэн юм. Мөн тэрбээр АНУ, Япон болон Европын орнуудад байгаа иргэддээ ч халдварын хамгааллын дэглэмээ сахиж, аюулгүй байдлаа хангахыг хүслээ.
Холбоотой мэдээ