ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар голомтлон гарч байна

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар голомтлон гарч байна

ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар голомтлон гарч байна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ (2020.12.18) хийж байна. Өчигдөр (2020.12.17) нийт 9070 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 18 хүнээс Covid-19 илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

АГААР ДУСЛЫН ХАЛДВАР ХААНА Ч БАЙЖ БОЛНО, ХААНААС Ч ХАЛДВАР ГАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР

Тэрбээр “2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс Covid-19 илэрлээ. Эдгээр 18 тохиолдол бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс илэрсэн.  Ийнхүү Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос Covid-19 авсан хүний тоо 20 болж нэмэгдлээ.

Тус дүүргийн эмнэлэгт батлагдсан эхний тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байна. Гэхдээ үргэлжлүүлэн хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна. Халдварын батлагдсан 20 тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтал болох 645 хүнийг олж тогтоосон. 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. 469 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд, сахиур гээд нийт 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

Ард иргэд айж, сандрах хэрэггүй. Халдваруудыг хяналтад авч тусгаарлах ажлыг хийж байна. Халдварын эх уурхайг цар тахлын үед тэрнээс, үүнээс халдвар авсан гэж тогтоодоггүй. Агаар дуслын халдвар хаана ч байж болно. Хаанаас ч халдвар гарах эрсдэл өндөр. Тийм учраас ард иргэд халдвар, хамгааллын горимоо ягштал баримтлах шаардлагатай. Голомтын цар хүрээг хянахад ард иргэдийн хариуцлагатай байдал хамгийн чухал.

Улсын хэмжээнд гарсан голомтуудад нийтдээ 488 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 163

Сэлэнгэ аймагт 216

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 941, үүнээс 473 буюу 50.2 хувь нь эдгэрсэн” гэлээ.

ГАШУУНСУХАЙТ БООМТОД НИЙТ 270 ТЭЭВРИЙН ЖОЛООЧИД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар голомтлон гарч байна. Улсын хэмжээнд оношилгооны цэгээр 399329 хүн үйлчлүүлж, Covid-19 илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЗӨСҮТ-ийн өвчин судлалын баг Сэлэнгэ аймаг болон нийслэлд халдвар гарсан газруудын 30 объектын 5375 метр квадрат талбайг ариутгасан. Гашуунсухайт боомтод нийт 270 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС ИЛЭРСЭН ХАЛДВАРЫН ЭХНИЙ ТОХИОЛДОЛ ӨМНӨ НЬ ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДСЭН
ТӨМӨР ЗАМЫН ГОЛОМТ БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг шинэ голомт гэж үзэж болох уу?     

-Баянзүрх дүүргээс илэрсэн халдварын эхний тохиолдол өмнө нь өвчлөл бүртгэгдсэн төмөр замын голомт байх өндөр магадлалтай. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй. Халдварын эх уурхай хаанаас гарсныг хэлэх нь хүн хоорондын харилцаанд нөлөөлж, үүнээс болж өвчтөнүүд сэтгэл санаагаар унаж, даралт нь ихсэх тохиолдол гарч байна. Тиймээс голомт бүртгэгдсэн бүс нутгаас өвчлөл гарсан гэдгийг л хэлж байгаа. Түүнээс биш бид халдварын эх уурхайг олж чадахгүй байгаа юм биш.

-Шинээр халдвар авсан 18 хүний хэд нь хэвтэн эмчлүүлж байсан иргэд вэ? Мөн тэдний дотор эмч, сувилагч бий юу?

-Шинээр халдвар авсан 18 хүн, мөн өмнөх өдөр илэрсэн хоёр хүн бүгд эмнэлэг дотроос илэрсэн. Гадагш вирус тараагаагүй. Тэднээс эмнэлэгт хэвтэх үед нь шинжилгээ авахад вирус илэрсэн. Эмнэлэгт хэвтээд 5-6 хоносных нь дараа Covid-19 гадагшилж, ойр орчимд байсан хүмүүстээ халдвар тараасан гэж үзнэ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд, сахиур гээд нийт 379 хүнийг тусгаарлан, ажиглаж байна. Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал болох 266 хүнийг шинжилгээнд хамруулахад одоогийн байдлаар халдвар илрээгүй. Бүх хавьтлыг тогтоож байна. Халдварын батлагдсан 20 тохиолдлын хавьтал болох 645 хүнийг олж тогтоосон. Энэ тоо өсөх ч боломжтой. Батлагдсан 18 хүний 12 нь хэвтэн эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүд, гурав нь сувилагч, гурав нь сахиур.

-Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан халдвартай хүн энэ сарын 15-нд эмнэлгээс гарч гэртээ очсон. Гэр бүлээс нь халдвар илэрсэн үү?

-Тухайн хүн хувийн машинаараа гэртээ очсон. Бид тэр дор нь гэрээс нь эмнэлэгт авчирч, гэр бүлийн хүмүүсийг нь тусгаарласан. Гэр бүлийн таван хүнээс нь халдвар илрээгүй. Өөр хүмүүстэй уулзаагүй байсан.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, December 17, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж