Нийслэлийн Засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ сард 3,8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдийг хуулийн хугацаандаа амжиж татвараа төлөхийг уриалж байна.
Д.ГЭРЭЛ