Хаалттай хуралдаанаар чуулганы хуралдааныг өндөрлүүлэв | News.MN

Хаалттай хуралдаанаар чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

LiveХаалттай хуралдаанаар чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, December 17, 2020

18 : 18
2020-12-18

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2020.12.18) нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. Тус хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцсэнээр хуралдааныг дуусгасан юм. 

14 : 42
2020-12-18

УИХ хаалттай горимоор хуралдаж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна. Уг хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд төслийг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасан юм байна. 

Хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх учраас танхимд хуваагдаад байсан бүх гишүүд бүгд чуулганы танхимд шилжин сууж, төслийг хэлэлцэн саналаа өгөх юм. 

Зэвсэгт хүчний хөгжлийн санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай хуулиар зохицуулах сангийн төрөлд хамааруулж, зохицуулахаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдан гарах хуулийн төслийг боловсруулжээ.

Зэвсэгт хүчний хөгжлийн сан нь улсыг батлан хамгаалах, зэвсэгт хүчний бодлого, зэвсэглэл техникийн шинэчлэл бэлэн байдал, сургалт бэлтгэлтэй холбоотой байдгаас шалтгаалан сангийн эх үүсвэр зарцуулалт, тайлагнал нь төрийн болон албаны нууцад хамаарах тул тусгай журмаар зохицуулах шаардлагатай аж.

Хуульд өөрчлөлт оруулснаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрт улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоод аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж болон сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хүүгийн орлого зэргийг шинээр тусгаж, сангийн эх үүсвэрийн орлогыг хуульчлан баталгаажуулах юм байна.

 

 

13 : 49
2020-12-18

Ц.Сэргэлэн: Гадаадын иргэнийг хилээр гарах хүртэл хянах тогтолцоо бүрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хууль бус визийг хэн олгосон юм бэ? Танай дипломат олгосон юм уу, сайд олгосон юм уу, цэргийн атташе олгосон юм уу? Хар тамхи зэрэг хууль бус наймаанд дипломат албаныхан нэр холбогддог, хариуцлага хүлээлгэдэг юм уу?

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

-Хууль бус наймаатай холбогдсон, Польшоос ирсэн 69 хүний мэдээлэлтэй холбогдуулж хоёр Элчин сайд болон бусад дипломат ажилтнуудыг чөлөөлсөн.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

-Гадаад харилцааны яам хар тамхины наймаанд оролцсон, хуулийн байгууллагаар эрэн сурвалжилж байгаа жагсаалтад орсон хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Зарим хүмүүс шүүхийн байгууллагад хандсан. Анхан шатны шүүхээс ажлаас нь чөлөөлөх ёсгүй гэж шийдвэр гарсан ч Улсын дээд шүүх хүртэл явж, Элчин сайд, Элчин сайдын зөвлөхөөс чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэдэг шийдвэр эхнээсээ гарч байна.

Гэхдээ зарим төрийн байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээж аваад, зарим ажилтныг ажилд нь авсан байсан.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Энэ бол нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдлын, нөгөө талдаа эдийн засгийг хөгжүүлэх асуудал юм. Төрийн үйлчилгээг гадаадын иргэдэд түргэн шуурхай үзүүлэх бодитой шаардлага үүссэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг хэрхэн суулгаж чадав.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль гэж ярьж байгаа. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон. Цар тахлаас болж, аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийсэн ч ард нь гарна гэсэн итгэлээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Гадаадын жуулчид эрх зүйн талаасаа санал гомдолтой байдаг. Хөтөч орчуулагчийн үйлчилгээ үзүүлэхэд охид, эмэгтэйчүүдэд өөр өнцгөөр хандах, биед нь халдах зүйл гараад байгаа юм.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдал гэдэгт энэ асуудал орно.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн:

-Статистик үзүүлэлт хэлье. Тухайлбал, визийн нөхцөлөөр дэлхийд Монгол Улс 128 дугаарт ордог. Монгол Улсын хилээр орж ирэхдээ гадаадын иргэн биеийн давхцалгүйг өгөгдлөөр бүртгүүлнэ. Хилээр гарах хүртэл нь хяналт тавих төрийн тогтолцоо бүрдэж байгаа. Нэг ёсны гадаадын иргэний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, хоёрдугаарт, виз уян хатан болж байгаатай холбоотойгоор НҮБ-ын тогтоолыг хуульчилж оруулж ирж байна. Зорчигчийн мэдээллийг урьдчилан авдаг болъё. Агаарын тээврээр зорчиж байгаа зорчигчийн урьдчилсан мэдээллийг авдаг болсноор хилээр нэвтрүүлэх, эс нэвтрүүлэх эсэхийг урьдчилаад шийдсэн байна.

Мөн олон улсын шаардлагад нийцсэн Визийн төвтэй болно. Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай хуулийн дагуу виз олгоно.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Гадаадын иргэн болсон монгол хүн эргэж Монголдоо ирэх болоход гадаадын иргэд шиг визийн нөхцөлөөр авдаг асуудалд гомдол санал хэлдэг.

Аав, ээж нь Монголд амьдарч байдаг, тэднийг хөнгөвчилсөн визийн нөхцөлөөр хангадаг баймаар. Тэр жил хөх картын асуудал яригдаж байсан ч сураггүй болсон. Энэ асуудал юу болж байна.

Визийн нөхцөлөөр бол Сэргэлэн гишүүн та цочирдмоор зүйл хэллээ. Дэлхийн 140 улсаас Монгол Улс 128-д орж байна. Яаж аялал жуулчлал хөгжүүлэх вэ. Гадаадынхныг үзэн ядах сэтгэлгээ байна. Үндэсний үзэл нь хэтэрсэн улсууд бас бий. Хөтөч хийгээд явж байхад биеэ үнэлэгч гэх зэргээр ханддаг. Гадаадын гэхээр л эвгүй байдлаар ханддаг?

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн:

-Визийн ангиллыг нэмэх, визээс чөлөөлөх, төрөлжүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг Засгийн газрын эрх мэдэлд хуулиар тогтоохоор оруулсан. Ер нь бол Монгол Улсын иргэншлээс хуулийн дагуу татгазаад гадаад улсын иргэншил авсан иргэн бол тухайн улсын иргэн гэсэн үг. Монгол Улсын иргэн гэдгээр визийн хөнгөлөлт үзүүлэх асуудал энэ хуулиар орж ирээгүй.

Хандлагын тухай асуудал бол үнэн. Гадаадын иргэн, өөр үндэстэн ястныг үзэн ядах байдлаар өөрсдийгөө эх оронч гэж үзэх нь зохисгүй. Энэ асуудалтай холбоотой заалт хуульд тусаагүй ч гадаадын иргэний аюулгүй байдлыг хангах тогтолцоо орж ирсэн.

Асуулт дуусаны дараа хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

-Хоёрхон сайд визийн асуудал шийдэх нь. Жил бүр 10 мянган иргэнийг ажиллах хүчээр оруулж ирдэг. Эмээлтэд, Багахангайд юу болоод байна. Монгол хүн оруулдаггүй үйлдвэр барьчихсан. НӨАТ- ын баримт авъя гэхэд өгөөгүй байна. Хэдхэн алхмын зайнд байгаа Зуун айлд юу болж байна.

Монгол хүн оруулдаггүй, хятад, солонгос ресторан бий болсон. Энэ хуулиар цэгцлээд өгнө гэсэн хэрнээ дахиад хөнгөлөх тухай заалтыг төсөлд тусган орж ирэх?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хувь хүнд виз олгохдоо хөнгөлөлт эдлүүлэх тухай асуудал биш. Тухайн улсын иргэдийг визээс чөлөөлөх асуудлыг хоёр сайд Засгийн газрын хуралдаанд оруулах асуудал юм. Таны хэлснээр болгоомжтой хандах асуудалд бид бүгд ч анхаарч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-21 хоногийн хугацаатай визээр орж ирэх асуудал чинь ямар агуулгатай юм бэ. Энэ хугацаанд юу ч хийгээд гарч болно гэсэн үг үү?

УИХ-ын гишүүн  Ц.Мөнх-Оргил:

-Ямар хүмүүст энэ хугацааг өгөөд байна вэ гэхээр Монгол дахь дипомат төлөөлөгчийн газар, НҮБ, төрийн байгууллага, Засгийн газар хоорондын урилгаар ажиллахаар ирж байгаа гадаадын иргэдэд 21 хоногийн хугацаатай виз олгоно гэж заасан юм.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 

 

 

12 : 57
2020-12-18

Кибер халдлага хийдэг хүмүүс нь гадаадынхан байдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Хуулийн төсөлд улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төв ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах талаар тусгасан аж. Тодруулбал, Монгол Улс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож өгсөн байдаг нь цаг үеийн шаардлага, олон улсын нөхцөл байдалд нийцүүлэн визийн шинэ ангилал нэмэх, өөрчлөх зэрэг зохицуулалт хийх боломжгүйд хүргэдэг. Иймээс визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх үүднээс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байгааг өөрчлөн виз олгох журмын дагуу Засгийн газар тогтоодог байхаар өөрчлөлт оруулсан. Ингэснээр олон улсын хэрэгцээ, шаардлага, нөхцөл байдалд тохируулан Засгийн газрын түвшинд визийн асуудлыг хурдан шуурхай, уян хатан шийдвэрийг цаг алдалгүй гаргах ач холбогдолтой юм байна.  

Визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байдлыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг бий болгох асуудлыг төсөлд тусгажээ.

Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгаж, үүрэгжүүлсэн байна.

Гадаад улс орнууд виз мэдүүлэх үйл ажиллагаатай холбоотой визийн материалын бүрдлийг хянах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг техникийн чанартай ажиллагааг визийн төв буюу хувийн хэвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх чиг хандлагыг баримталж байгаа бөгөөд манай улсын хувьд ч мөн Монгол Улсын визийг олон тоогоор мэдүүлдэг улс орнуудад визийн төв ажиллуулах зохицуулалтыг хуульд тусгасан байна.

Энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах, виз олгохтой холбоотой хууль бус дундын зуучлалыг багасгах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг бууруулах, визийн мэдүүлэгт тавих хяналтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой аж.

Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй хүн тус улсаас гарах бүрдээ “гарах-орох” зориулалтын виз авч байгаа нь гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэл бий болгодог, түүнчлэн энэ талаар Олон улсын иргэний агаарын тээврийн Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтад гишүүн улс орнууд оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг “гарах-орох” виз олгохоос татгалзах талаар зөвлөмжийг өгсөн байна. Иймд “гарах-орох” гэсэн зориулалтын визийг халах зохицуулалт хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Гадаадын иргэний асуудлаар үүрэг хүлээж буй төрийн байгууллагууд нь өөр өөрийн мэдээлийн санг ашиглаж, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа дутмаг тул Монгол Улсад орох эрхгүй этгээдэд хилийн чанадад суугаа ДТГ-ууд виз олгох явдал гарсаар байна. Иймд визийн мэдээлийн нэгдсэн санд хилийн чанадад суугаа ДТГ-ыг холбох, виз олгох эрх бүхий байгууллагууд нэгдсэн сан ашиглах талаар тусгасан аж. Түүнчлэн Гадаадын иргэнийг албадан гаргахаас чөлөөлөх зохицуулалт одоогоор байхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд албадан гаргахаас чөлөөлдөг байхаар зохицуулж, мөн иргэний журмаар шүүхэд гомдол гаргасан бол шүүгчийн шийдвэрээр албадан гаргах ажиллагааг түдгэлзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд бий болгох шаардлага үүссэн тул холбогдох зохицуулалт тусгажээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Гадаадын иргэд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол руу хилийн гаднаас халдаж байгаа асуудлыг яах вэ. Саяхан Хятадын Засгийн газрын санхүүжилттэй APT хакерын бүлэглэл манай улсын төрийн 340 гаруй байгууллагын программд халдлага үйлдсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагын ашигладаг программ руу халдсан. Энэ нь төрийн байгууллагын албан бичиг боловсруулж, хөтөлдөг, дотоод чат зэрэг амин чухал асуудалдаа ашигладаг программ юм. Эдгээр 340 байгууллага бүх хүний нөөцийн мэдээллээ энэ программ дээр хадгалдаг. Кибер халдлага хийдэг хүмүүс нь гадаадынхан байдаг. 

Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал тусгагдсан юм байна. Гэтэл манай улсад орж ирсэн гадаадын иргэд хаана юу хийж байгааг бид мэдэж байна уу. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг Тагнуулын байгууллага шалгана. Энэ хуульд үүнтэй холбоотой асуудал байхгүй. Хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудлыг байнгын хороон дээр ярьсан. 

Хоёр улсын хил орчимд амьдарч байгаа иргэд өдрийн виз аваад өдөртөө орж гарч болох юм гэдэг санал гарсныг Байнгын хороо дэмжсэн. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Маш чухал сэдэв Л.Энх-Амгалан гишүүн хөндөж байна. Засгийн газар онцгой анхаарч, ажлын хэсэг гараад ажиллаж байна. Намрын чуулганы хугацаанд багтаан Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийн төслийг оруулж ирэхийг зорьж ажиллаж байна. Эдгээр хуульд таны яриад байгаа асуудлуудыг нарийвчлан тусгасан байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Жил гаруйн өмнө 800 гаруй хятадыг албадан гаргасан. Хэрэг нь юу болж байна вэ гэж асуухаар шалгаж байгаа л гэдэг. Ажил хариуцдаг хүн нь хариуцлага хүлээдэггүй. Хуучин сайдад нь хариуцлага тооцдог байсан.

Гадаадын иргэдийн асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Гадаадын иргэн газар эзэмшиж, ашиглах асуудлыг өөрчлөөч ээ. Энэ асуудлыг би УИХ ын даргад тавьсан. Цаг алдалгүй шийдэх ёстой асуудал биш юм уу. Дараагийн хурал дээр авч орж ирээд танилцуулж өгөөрэй.

 
12 : 29
2020-12-18

Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэн, санал хураахад 63 гишүүнээс 50 нь буюу 79.4 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж дэмжлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслөөр санал хураахын өмнө гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Сэтгэл зүрхний боловсрол гэхээсээ хувь хүний төлөвшлийн асуудал ярьж байна гэж ойлгоод байгаа. Хуулийн нэр оносон нэр мөн үү, анхаараарай. Дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монгол Улсын боловсролын бодлого тогтвортой байх ёстой. Нэг сайд нь гарч ирээд Кембриж, нэг сайд нь “Авьяас” хөтөлбөр ярьдаг. Үндэсний зөвшилцлөөр шийдэх ёстой асуудал. Нэг нам нь гарч ирээд хэрэгжүүлж байсан бодлогыг нь зогсоодог. Хохирогч нь ирээдүй үе болдог.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хэлэлцүүлгийн шатанд нэрийг нь ярих боломжтой. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан үнэтэй санал хэлж байгаад баяртай байна. Манлайлал, өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх, хариуцлагажуулах, Монголоороо үлдэх том зорилгын үүднээс л эрэл хайгуул хийж байгаа юм. Монголчууд сэтгэлийн өндөр боловсролтой байснаараа тэргүүлэх үндэстэн байж ирсэн. Уламжлалаасаа нэг их холдчихоогүй байгаа учраас яаж зөв хэлбэрээр сэргээх вэ гэдэг дээр хүчин чармайлт тавьж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Маш чухал сэдэв ярьж байна. Хүмүүнлэг боловсролын тухай асуудал нь багш мэдлэг заагаад байдаг ч хүнийг хүн болгох талд учир дутагдалтай ажиллаж ирсэн.

Хүмүүнлэг боловсролын хууль гэх үү, эсвэл Боловсролын багц хууль,  Залуучуудын тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд шингээж өгөх үү. Нэгэнт батлагдсан хуулиуддаа зохицуулалтыг нь шингээж өгөх нь зөв гэсэн бодолтой байна.

Гэр бүлийн тухай хууль, Боловсролын тухай хуульд заасан зарим зохицуулалттай энэ хуулийн зохицуулалт давхардаж байна. Энэ хуульд байгаа олон заалттай санал нэг байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Болохгүй байгаа харилцааг хуулиар зохицуулбал яасан юм бэ гэж байна. Ёс зүй гэж сургаалийг хэлнэ гэнэ, ийм юм хуульд байж болохгүй ээ.

Хуулиар тодорхойлж болдоггүй зүйл гэж бий. Социализмын үед манай гэр бүл ямар байсан бэ гэхээр хүмүүжил сайтай гэр бүл шалгаруулж болдог байсан. Одоо харин ийм хууль гарч болохгүй.

Тусдаа хуулиар энэ асуудал зохицуулагдахгүй шүү. Одоо байгаа хууль руу зарим санал санаачлагыг оруулж болно. Бидэнд хийх олон ажил байна, түүн рүүгээ оръё.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудал. Боловсролын тухай хуулиар зохицуулж ирсэн ч ямар үр дүн гараад байгаа билээ, бидний санааг зовоосон асуудал л болж хувираад байна шүү дээ. Тийм учраас хуульчлах шаардлагатай гэж үзсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Эрэмбэ гэж яривал өнөөдөр хэлэлцэгдэж байгаа хууль хамгийн өндөрт эрэмбэлэгдэх ёстой. Шударга ёсны хүсэмжлэл дээд цэгтээ хүрсэн байна. Үндэс нь сэтгэл зүрхний төлөвшилгүйгээр хэдэн үеэр нь төрүүлчихсэн. Хууль батлах шаардлага байхгүй, ёс суртахуунаар зохицуулагдаад явах ёстой гээд хариуцлагагүй үг хэлээд сууж болохгүй.

Мэдээж дэмжих, дэмжихгүй юм байгаа. Хуулийн төсөл УИХ-ын босго хууль давахад өндөр болсон. Олон жил соён гэгээрүүлэгчдийн хийсэн хууль.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Манай гишүүд санаа зовж байгааг ойлгож байна. Хуулиар зохицуулах боломжгүй зүйлд хууль гаргаж хэрэггүй гэж хүсч байгаа юм. Нэрнээсээ эхлээд болохгүй байгаа юм. Чи намайг хүүхдэд үлгэр уншиж өгсөнгүй гээд шийтгэ дээ, ямар шийтгэл хаана байгаа юм бэ.

Би бүтэн уншсан учраас хэлж байна. Хууль ийм байдаггүй юм, больчих. Харилцааг зохицуулах зүйл зөндөө байна. Бидний үлгэрлэлээс, бидний манлайллаас хамаардаг юм. Үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх тухай ярьж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Хуулийг санаачилсан зорилго үзэл баримтлал нь ус агаар мэт хэрэгтэй. Еврей ээж шиг ээж Монголд байсан юм. Уламжлалт ёс заншлаа орхисон, Монгол Улсын төр хүнээр хүн хийнэ гэдэг бодлоготой байсан. Хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Бие даасан хууль байлгах уу, хөтөлбөрт багтаах уу гэдгээ л шийдэх.

Монгол Улсад ёс жудагтай, сайн чанартай иргэн бэлдэх гэдэг дээр нэгдээд явах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хэлэлцэх эсэхийг нь дэмжчихээд, Боловсролын тухай багц хуультай хамтатгая. Энэ хуулиа гол суурь болгоё гэсэн байр суурьтай байна. 

11 : 36
2020-12-18

Ц.Мөнх-Оргил: Хүн хүмүүжүүлэх асуудлыг боловсролын салбар орхигдуулсан

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч, мөн саналаа хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Боловсролын тухай хуульд хүмүүжлийн асуудал туссан. Давхардаж оруулж ирэх ямар шаардлага байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монгол Улсад 18 нас хүрсэн 2.2 сая иргэн байна. Гэмт хэрэг гарч байгаа нь сэтгэл зүйн боловсрол дутсанаас болж байгаа. Энэ асуудал зөвхөн хүүхдэд хамаарах асуудал биш. Хүмүүнлэг боловсролын тухай хууль төрийн албаныханд ч хамаатай. Төрийн албаныхан хүнлэг, ёс зүйг эрхэмлэх учиртай. Ёс уламжлалаа сэргээх үндэсний хөдөлгөөн гэдэгтэй адил томьёологдох ажил юм билээ. 

Хувийн болон төрийн байгууллагууд сэтгэл зүйн төлөвшлийн асуудал руу сургалт хийдэг сайн жишигтэй болсон. Хүмүүнлэг боловсролын тухай хууль тунхаг маягтай байж болно. 

Сүүлийн 20 жил Соёлын яамыг татан буулгасан. "Алсын хараа 2050" хөтөлбөр дээр соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн бодлого туссан. Сэтгэл зүрхний боловсрол Соёлын яамнаас хэрэгжүүлэх нэг бодлого. Сингапурын хөгжлийн эцэг бодлого тодорхойлох хэцүү байгаагүй, иргэдийн хандлагыг өөрчлөх хэцүү гэж ярьсан байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хүн хүмүүжүүлэх асуудлыг боловсролын салбар орхигдуулсан. Боловсролын тухай хуулийнхаа гол зорилгодоо хүүхдийг хүмүүжүүлнэ гэсэн хэрнээ заахдаа тоо, эсрэгээр нь хэрэгжүүлдэг. Амьдрал дээр гараад хүүхдүүд маань хүн утгаа ойлгох, хэрэгжүүлэх болоход асуудалтай тулдаг.

Хуулийн төслийг хэлэлцье, батлахдаа Боловсролын тухай багц хуультайгаа хамт баталъя. Боловсролын тухай хуулийг энэ хуульд нийцүүлэх хэрэгтэй байна. Багш нарын хүлээх хариуцлага, төрийн хүлээх хариуцлага энэ бүхнийг тодорхой болгож өгье. Бүгдээрээ сурган хүмүүжүүлэгч болно гэж байхгүй, эцэг эх, боловсролын систем энийг хийнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Төрийн түшээд өөрсдөөсөө эхлэх ёстой гэж Баярсайхан гишүүний хэлсэнтэй санал нэгдэж байна. УИХ-ын сонгууль болно, мөнгө тараана, сонгогдсон хойноо ард түмэндээ бэлэнчлэх сэтгэлгээ бий болгоно, зөв хүн бай гэж хэлэхийн оронд өөрсдөө бид ийм байгаа. Амаараа зөв хүн, үйлдлээрээ чөтгөр байж болохгүй.

Тийм учраас бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Сонгуулиар ярьсан шигээ шударга ёсыг эрхэмлэх ёстой, Оюутолгой төслөө сайжруулах ёстой. Заавал хууль гаргаад юухэв дээ. Энэ бол амьдралын явцад бий болдог зүйл.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой гэдэг зөв. Зүрх сэтгэлийн боловсролын манлайлал нь 76 байх ёстой. Сэтгэл зүрхний боловсрол бол цогц асуудал. Хууль гаргаад хэрэггүй гэлээ, олон гишүүн хууль байх нь зөв, амьдралд нийцсэн хууль байх ёстой гэж үзэж байна. Бид өөрсдөө ёс суртахуун сайтай ард түмэн. Түвдэд монгол гэдэг хүн хүн сайтай хүн гэж орчуулагддаг байсан гэсэн, гэтэл одоо энэ тодорхойлолтод хүрч чадаж байгаа бил үү. Хүн бүр хэлсэндээ хүрэх ёстой.

УИХ ын гишүүн С.Ганбаатар:

-Дэмжиж байна, бие даасан хууль байх ёстой. Еврей хүн яагаад ийм хүчтэй байна вэ гэхэд Израйлд еврей хүнийг боловсруулдаг хуультай, хөтөлбөртэй юм билээ.

Бид хэлийг нь, хөлийг нь хуульчлах гээд үзээд байдаг, сэтгэлийг нь хаячихдаг. Хөх цэрэг гээд аялал 12 жил зохион байгуулсан, 1272 хүүхэд хамрагдсан. Төрөөс манлайлал хэрэгтэй.

10 : 32
2020-12-18

Чуулган: Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Хуулийн төслийг боловсруулсан шалтгаанаа төсөл санаачлагчид “Хүмүүнлэг боловсрол нь хүний төлөө чин сэтгэлээсээ хандах, энэрэнгүй нинжин сэтгэл ачлах ёс, шударга, ариусал, нигүүсэл хүмүүжил, хүндлэл, халамж, харилцаа тэвчээр зэрэг хүний үнэ цэнэтэй зүйлсийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх. Байгаль орчинд ээлтэй, эх орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй, оролцоотой байхыг дэмжихэд чиглэнэ” гэж тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-18 202.179.25.221

энэ боловсролыг бид ёс уламжлалаасаа авч хэрэгжүүлдэг байх ёстой арилах гээд байвал хуулиар хүлээлгэх нь зөв байх

Avatar

Зочин 2020-12-18 64.119.23.254

Энхамгалан гишүүн маш зөв ярьж байна.

Avatar

Зочин 2020-12-18 43.242.243.55

Hari garigiihan l baiv gej dee
erguu atsnuud

Avatar

Хоосон сүржигнэл 2020-12-18 150.129.140.104

Хоёрхон улстай хиллэдэг. Тэр хоёр нь цэрэг зэвсэглэлээр дэлхийд 1, 2, 3-д зогсдог улсууд. Манайхыг яаж ч сүржигнэсэн хуруу хөдөлгөх төдийд няц дарна. Тэгэхэд чинь баахан мөнгө хөрөнгө зэвсэглэлд зарцуулах юм даа. Нөгөө хоёрынх нь инээд хүрдэг байх даа. Тэгээд хаалттай горимоор хуралдлаа гэх шиг.

Avatar

Зочин 2020-12-18 192.82.68.134

Гадаадын иргэдииг орж ирсэнии дараа ямарч хяналтгүй байгаагаас хятад иргэн манайд олон жил ямарч зөвшөөрөлгүй олон жил байсанииг мэдээгүй эцсиин эцэст эх орны. Тусгаар. Тогтнол үндэснии аюулгүй байдлы хангах алдаа гаргахгүйнтулд чанга байх естой Л ЭНХ АМГАЛАН ЕСТОЙ ЗӨВ ХҮН.

Avatar

Зочин 2020-12-18 202.55.188.83

Энэ хүмүүс нь өөрсдөө боловсрол, төлөвшил, ухамсар, ёс суртахууныг хооронд ялгаж салгахгүй учраас ингэж будилж байна. Нэг л мэдэхэд гурилтай шөлний орцыг хуульчлаад зогсож байх хүмүүс дээ. Алтанхуягтай санал нэг байна.

Avatar

Зочин 2020-12-18 124.158.107.35

хэтэрхий их хууль дүрэм хөгжилд саад болдог .

Avatar

Зочин 2020-12-18 64.119.16.209

Ёс зүйг хуульчилдаггүй гэдгийг Алтанхуягаас бусад МАН хан мэддэггүй хоосон толгойнууд уу Ёс зүй гэдгийг чинь нийгэмд дагаж мөрдөх хэм хэмжээг хэлдэг юм

Avatar

zochin 2020-12-18 58.109.221.157

Olon huuli hereggui ee Bolovsroliin huulia l saijruul

Avatar

Зочин 2020-12-18 103.9.90.100

уран зохиолын хичээлийг дунд сургуульд ч, их дээд сургуульд ч оруулах ёстой. Яаж ийм чухал хичээлийг хасчихсан байдаг байна. Тэгснээ ном унших өдөртэй болох хууль баталж, Боловсролыг сууриас нь тавьдаг болохоос дээврээс нь тавимааргүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж