О.Үйтүмэн олимпийн эрх авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.20-нд нийтлэгдсэн

О.Үйтүмэн олимпийн эрх авлаа

Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө боллоо. Энэ өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд О.Үйтүмэн барилдаж, Бразил зорих эрхээ авлаа. Тэрээр БНСУ, Кыргызстаны бөхчүүдийг илүүрхэн хожиж, их шөвөгт үлдсэн юм. Улмаар хагас шигшээд Энэтхэгийн Энэтхэгийн Сомверийг 10:0-оор хожин "РИО-2016" олимпийн наадмын ээлжит эрхийг эх орондоо авчирлаа. Түүний хувьд 2012 оны Зуны олимпийн наадамд оролцож байсан юм.

Оргодолын Үйтүмэн – ”Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, 2012 оны Зуны олимпийн наадамд оролцогч.

Бразил улсад ирэх наймдугаар сард болох Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын Ази тивийн сонгон шалгаруулалтын энэхүү тэмцээнээс манай чөлөөтийн баг тамирчид гурван эрхтэй боллоо. Эрэгтэй 86 кг-ын жинд О.Үйтүмэн, эмэгтэй 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд П.Орхон нар РИО-гийн эрхийг эх орондоо авчирсан.

П.Орхон

Э.Сумъяа

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдсөнөөс гурвыг нь авч чадлаа. Ийнхүү чөлөөт бөхийн баг тамирчид РИО-г зорих есөн эрхтэй боллоо. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж