НЭМЭЛТ: 14.00 ЦАГ
АН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлаар яг одоо Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг бүрчлэн хэлэлцэж байна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. Хуралдаанд гишүүд нь цахимаар оролцож байгаа бөгөөд аймаг, аймгаараа саналаа нэгтгэн хэлж байгаа аж.
Хоёр өдөр хуралдах Их хурлаар АН гишүүд намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө батална. Шинэ дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа дахин Их хурлаа зарлаж, намын даргаа тодруулах юм.
АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг О.Алтангэрэл ахалж ажилласан бөгөөд Үндсэн дүрмийнх нийт 30 орчим хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шинээр боловсруулсан дүрэмдээ ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж, санал хураан, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ гэж намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулахаар тусгасан байна.
АРДЧИЛСАН НАМЫН Х ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Ардчилсан намын X их хурал өнөөдөр (2020.12.18) аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн их хурал Covid-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс АН-ын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдон хуралдаж байгаа юм. Мөн Монгол Улсын түүхэнд намын их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.
Тус их хурал цахимаар хуралдахын тулд АН-ын ҮБХ, аймаг, нийслэл, сум дүүргийн намын хороо, анхан шатны үүрүүдтэй цахим хурлыг бүтэн сарын турш хийсэн бөгөөд нийт гишүүдийн 80 гаруй хувь нь намын их хурлаа цахимаар хийхийг дэмжжээ. Мөн “Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн сарын хугацаанд ажилласан. Өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэнээр ийнхүү намын их хурлаар хэлэлцэхээр болоод байна.
Энэ удаагийн АН-ын их хурал нь тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэд, олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь, Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжсэн дүрэм батлагдаж байж, Монголын ардчилал эрүүл, бат бэх оршино гэж Монголын ард түмэн, гишүүд, дэмжигчид үздэг. Харин энэ удаагийн хурлаар АН-ын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ Улсын Дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох их хурлаа дахин хийхээр тогтжээ. Энэ удаагийн намын их хурал энэ сарын 19-ний өдрийг дуустал хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Холбоотой мэдээ