АНУ өнөөдөр "Moderna" компанийн вакцинд зөвшөөрөл олгоно

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

АНУ өнөөдөр "Moderna" компанийн вакцинд зөвшөөрөл олгоно

АНУ өнөөдөр "Moderna" компанийн вакцинд зөвшөөрөл олгоно

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газрын зөвлөх хороо өчигдөр (2020.12.17) "Moderna" компани болон Үндэсний харшил, халдварт өвчний хүрээлэнгийн хамтран бүтээсэн вакцины давуу талууд нь эрсдэлүүдээсээ хэд дахин их хэмээн үзэж, зөвшөөрөл олгохыг удирдлагуудаас шаардана гэдгээ зарлалаа.

Тус шаардлага нь АНУ хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олгох ажилд том түлхэц болох юм. Үүнээс өмнө Хүнс, эмийн удирдах газар энэ сарын 11-нд буюу төлөвлөсөн хугацаанаасаа бага зэрэг хожимдож "Pfizer", "BioNTech" компаниудын вакцинд зөвшөөрөл олгосон билээ. Улмаар энэ долоо хоногийн эхэнд АНУ даяар хамгийн эрсдэлтэй хэмээн үзсэн хүмүүсийг вакцинжуулж эхэлсэн юм.

Хүнс, эмийн удирдах газрын зөвлөхүүдийн мэдээлж байгаагаар "Moderna" вакцины асуудлаар өнөөдөр (2020.12.18) хуралдаж, дахин хэлэлцэх бөгөөд зөвшөөрөл олгоход ямар ч саад үгүй, бэлэн болсон аж. Тийнхүү "Moderna" вакцин зөвшөөрөгдвөл нэн даруй бэлэн байгаа 5.9 сая тун вакциныг орон даяар 3285 цэгт тараан түгээж, эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вакцинжуулах ажлыг дэмжих юм байна.

Өдгөө АНУ-д "Pfizer", "BioNTech" компаниудын вакцин ердөө зургаан сая тун бэлэн байгаа нь хангалттай хэмжээний хүнийг вакцинжуулахад хүрэлцэхгүй юм. Харин "Moderna" компанийн вакцин зөвшөөрөгдсөнөөр тус тоо хоёр дахин нэмэгдэж, нийт 5.95 сая орчим хүн вакцинжуулалтад хамрагдах боломжтой болно. Түүнээс гадна "Moderna" компанийн вакцин нь "Pfizer", "BioNTech" компанийн вакцинаас илүү уян хатан нөхцөлд хадгалах, тээвэрлэх боломжтой учир шаардлагатай алслагдсан цэгүүдэд хүргэхэд илүү хурдан байх аж.

Бэлэн байгаа вакцины тоо ийнхүү маш цөөн байгаа нь Хүнс, эмийн удирдах газар зөвшөөрөл өгөхгүй, алгуурлах хугацаанд бусад улс орнууд захиалсан вакцинаа их хэмжээгээр нөөцөлж авсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж байна.

"Moderna" вакцин бусад цар тахлын вакцинуудтай ижил хоёр тунтай бөгөөд эхний тун дархлаа тогтоож эхлэх үйлчилгээтэй бол хоёр дахь тунг тариулснаар биеийн дархлааны систем Сovid-19-ийг бүрэн таньж, дээд зэргээр эсэргүүцэх чадвартай болох аж.

Өмнө нь энэ сарын 3-нд “Operation Warp Speed” хөтөлбөрийн ерөнхий зөвлөх Монсеф Слауй ирэх оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая америкчуудыг вакцинжуулсан байх боломжтой хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч вакцинд зөвшөөрөл олгох ажил ийнхүү сунжирснаас болоод Слауй энэ долоо хоногт дахин мэдээлэл хийж, “Ирэх оны гуравдугаар сарын сүүлээр нийт 100 сая хүн вакцинжуулсан байх болно” хэмээжээ.

Эх сурвалж: WEEK, GUARDIAN, WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж