ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн төгсгөлд хийдэг уламжлалт хэвлэлийн хурлаа өчигдөр (2020.12.17) хийлээ. Цар тахлын улмаас энэ жил хэвлэлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Сэтгүүлчид түүнтэй дүрс бичлэгээр холбогдсон энэ хурал дөрвөн цаг гаруй үргэлжлэв. Хэвлэлийн хурлын онцлох сэдвүүдийг тоймлон хүргэе.
Цар тахал ба вакцинжуулалт
Хэвлэлийн хурлын үеэр яригдсан гол сэдэв бол Сovid-19 цар тахал байлаа. Тэрбээр энэ талаар “Дэлхий нийт тэр чигтээ цар тахалд бэлэн биш байсан ч ОХУ бусад улс орноос илүү бэлтгэлтэй байсан. Бид цаг хожиж, эрүүл мэндийн тогтолцоогоо маш хурдан өргөжүүлж чадсан. ОХУ Covid-19-ийн эсрэг вакциныг бүртгэсэн дэлхийн анхны улс болсон. Бид аюулгүй, хурдан үйлчилгээтэй сайн вакцин бүтээж чадсан. Цар тахлыг ялан дийлэхийн тулд бүх нийтийг вакцинжуулах шаардлагатай” хэмээн ярьжээ.
Путинээс сэтгүүлч вакцин хийлгэсэн эсэхийг асуухад тэрбээр наснаасаа болоод хараахан хийлгэж чадаагүй байгаа, боломжтой болмогц хийлгэнэ гэж хариулжээ. Путин одоо 68 настай юм. Учир нь, мэргэжилтнүүд энэ насны хүмүүст “Спутник V” вакцин хийх зөвлөмж гаргаагүй байгаа аж. "Спутник V" вакциныг үр дүнтэй, аюулгүй гэж дүгнэсэн судалгаанд 60-аас доош насны ердөө 76 хүн оролцсон ба 60-аас дээш насны хүмүүст туршиж үзээгүй байгаа аж.
ДНБ-ий агшилт ба эдийн засаг
Путин ОХУ-ын эдийн засаг хүнд байгаа ч сэтгүүлчийн хэлсэн "түүхэнд байгаагүй хүнд байдалд байна" гэсэнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. 2000 онд нийт хүн амын 29 хувь нь ядуу байсан, 2017 онд энэ үзүүлэлт 12.3 хувь болж буурсан бол 2030 он гэхэд эрх баригчид 6.5 хувьд хүргэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцолсон байна.
Тус улсын ДНБ 3.6 хувиар буурсан нь АНУ болон Европын тэргүүлэгч орнуудынхтай харьцуулахад бага үзүүлэлт бөгөөд түлш, эрчим хүчний салбараас шалтгаалан аж үйлдвэрийн үйлдвэрлэл гурван хувиар доошилсон боловч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.8 хувиар өсч, жилийн эцсээр хоёр хувьд хүрч магадгүй байна. Цар тахлын нөлөөгөөр ажилгүйдэл 4.7 хувиас 6.3 хувь болж өссөн боловч бодит цалин 1.5 хувиар өссөнийг дурджээ.
Нефть, байгалийн хийн салбарын орлогоос хараат байдал хэвээр байгаа боловч Орос улс бага багаар салж байгаа Путин мэдэгдэв. ОХУ-ын төсвийн 70 хувь нь нефть, хийгээс олдог орлогоос бүрдэхээ больсныг тэр онцолжээ. Цар тахлын улмаас ОХУ-ын эдийн засагт тулгараад буй бэрхшээлүүдийг 2021 оны сүүлч, 2022 оны эхний улиралд даван туулах ёстой гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Жо Байден ба АНУ-тай харилцах харилцаа
Жо Байдены засаг захиргааны үед ОХУ, АНУ-ын харилцаа илүү сайжирч, зарим асуудлууд шийдэгдэж эхэлнэ гэж найдаж байгаагаа Путин илэрхийлжээ. Түүний онцлон тэмдэглэснээр, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын асар их дэмжлэгтэй бөгөөд улс төрын амьдралаа орхихгүй нэгэн гэв.
Навальныйг хордуулсан гэх хэргийн талаар
Путин сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан гэх хэргийн талаар анх удаа тайлбар өглөө. Мөн бизнес эрхлэгч Кирилл Шамаловын талаар ам нээсэн байна. Навальныйн хэргийн тухайд Путин түүнийг АНУ-ын тусгай албаны захиалгаар ажилладаг хэмээгээд, энэ нь түүнийг хордуулах шалтгаан биш гэжээ. Мөн “Хэрэв түүнийг хэн нэгэн хордуулахыг хүссэн бол нэгмөсөн гүйцээчихсэн байгаа шүү дээ” хэмээн ярьсан байна. Энэ долоо хоногт Америкийн "CNN" телевиз, Германы "Spiegel" сэтгүүл болон "Bellingcat" цахим хуудас Алексей Навальный ОХУ-ын Аюулгүй байдлын албаны ажилтнууд өөрийг нь удаа дараа хордуулахыг оролдсон гэж мэдэгдсэн материалыг нэгэн зэрэг нийтэлснийг Путин уншсан гэв.
Бизнес эрхлэгч Кирилл Шамалов Путины бага охин Катерина Тихоноватай гэрлэсний дараа хөрөнгө нь огцом нэмэгдэх болсон талаар тус улсын хэвлэлүүд бичиж байгаа юм. Тэгвэл Путин үүнийг зүгээр л “зохиол” хэмээгээд, АНУ-ын Төрийн Департамент болон тусгай албад үүний ард байгаа гэж мэдэгдэв. Тэрбээр Оросын дотоод улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцож, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилгоор ийм зүйл хийж байна гэжээ.
Фурголын хэрэг ба Сафроновыг буруутгасан тухайд
Захиалгат аллагын хэргээр баривчлагдсан Хабаровск мужийн амбан захирагч асан Сергей Фургалтай ямар ч асуудалгүй байсан гээд түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг нь улс төрийн мөрдөн шалгалт биш гэдгийг Путин батлан хэлсэн байна. Мөн Фургалыг "Холбооны улсын эрх баригчдад үнэнч хүн байсан" хэмээн мэдэгджээ.
Харин "Роскосмос"-ын тэргүүний зөвлөх, сэтгүүлч асан Иван Сафроновыг эх орноосоо урвасан гэж буруутгасан нь түүний сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоогүй, Сафроновын хэрэг нь Дмитрий Рогозиныг Засгийн газарт болон Роскомост ажиллаж байх үед туслах, зөвлөхөөр ажиллаж байсан үетэй нь холбоотой хэмээн мэдэгдээд “Урвалт бол хамгийн том нүгэл” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр ОХУ-ын шүүх, хууль сахиулах тогтолцоо улс төрийн хувьд хараат бус байж, хүн бүрт тэгш хандана гэдэгт итгэлтэй байдгаа онцолжээ.
“Умардын урсгал-2” төслийн талаар
ОХУ-ын Ерөнхийлөгч “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг тавьж дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэхүү төсөл нь Европт, тэр дундаа Герман улсад эдийн засгийн хувьд ашигтай болохыг онцлоод, АНУ-ын зүгээс энэ төсөлд хүндэтгэлтэй хандана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын хөдөө тосгодыг хийгээр хангах ажлыг хурдацтай явуулж, 2025 он гэхэд орон даяар 90 хувийн түвшинд хүргэнэ гэж тэрбээр мэдэгджээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба 2024 оны сонгууль
Путин ОХУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулсныг цаг үеэ олсон шийдвэр хэмээн онцлов. Гэхдээ Үндсэн хуулийн үндсэн санаа өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэв. Путин “2024 оны сонгуульд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байна. Сонгуульд оролцох эсэхийг нь ард түмэн шийднэ” гэж цохон тэмдэглэжээ.
Зэр зэвсгийн өрсөлдөөн ба НАТО
Орос улс барууны орнуудтай харьцуулбал "хор хөнөөлгүй" гэж Путин мэдэгдээд, “НАТО дорно зүг рүү тэлэхгүй гэж амласан ч амлалтаа биелүүлээгүй" гэв. Зэвсгийн өрсөлдөөний тухайд АНУ баллистик пуужинг хориглох гэрээнээс гарснаас эхэлсэн хэмээн ярьжээ. “Тийм ээ. Зэвсгийн өрсөлдөөн гэх зүйл аль хэдийн эхэлчихсэн. АНУ тэр гэрээнээс гарснаас бүх зүйл эхэлсэн” хэмээн тэр сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Холбоотой мэдээ