Ардчилсан намын X их хурал өнөөдөр цахимаар хуралдах юм. Тус нам өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Их хурлаа хуралдуулахаар тов зарласан ч манай улс Covid-19 цар тахлын халдварыг дотооддоо алдан, бүх нийтийн хөл хорио тогтоосон тул хурлаа өнөөдрийг хүртэл хойшлуулжээ.
Өнөөдрийн байдлаар цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулсан хэдий ч олон нийтийн хурал цуглааныг хорьсон хэвээр байгаа билээ. Намын сонгуульт гишүүдийн татвар, тайлангийн асуудал хөндөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургаахан сарын дараа болохоор хүлээгдэж байгаа энэ үед тус намын гишүүд цахимаар намын Их хурлаа хуралдуулах шийдвэрт хүрчээ.
Ардчилсан намын гишүүд “Намын үндсэн дүрмээ цахимаар хуралдаж өөрчилье. Намын даргаа сонгох хурлаа харин төлөөлөгчдөө нэг дор цуглуулж хуралдуулъя” гэсэн санал асуулгууд явуулсан байна. Үр дүнд нь тус намын гишүүдийн 80 гаруй хувь нь цаг алдалгүй дүрмээ өөрчилье гэсэн санал өгсөн учир цахимаар хуралдахаар болжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ